img

АВСТРИЙН НАЦИСТУУД ТӨРИЙН ЭРХЭНД ГАРСАН НЬ

img
Австрийн нацистууд засгийн эсрэг 1934 оны долдугаар сарын 1-нд бослого гаргажээ. Зорилго нь Дольфусын засгийн газрыг сольж Герман улсыг дэмжсэн Засгийн газрыг байгуулж, улмаар Австри-Герман гэсэн улсыг нэгтгэх байлаа. Хас тэмдэгтэй босогчдын гол зохион байгуулагчид нь нацист бүлгийн толгойлогч Фридолин Гласс, Густав Вехтер Үндэсний Социал Демократ намын Австри дахь хэсгийн удирдагч, тус намын штабын дарга Рудольф Вейденхаммер аж. Тэд 1932 оны намар “Немцийн цэргийн холбоо” гэгчийг Австри улсад сэмхэн байгуулсан байлаа. Удирдагчаар нь Гласс болж түүний ойрын шадар туслахууд нь Франц Хольцвебер, Отто Планетта, Ганс Домесс нар тус тус томилогджээ. Ийнхүү 1933 оны зургадугаар сард цэргийн сайд Вогуэн тушаал гаргаж армид байгаа нацистуудыг мөрдөн шалгахаар болжээ. ҮСДН-ын наян гишүүн, түүний дотор Гласс, Хольцвебер, Отто Планетта, Ганс Домес нар цэргээс халагдсан аж. Эдгээр цэргүүдийг Гласс нэг дор цуглуулан “Милитерштандарте” нэртэй 6 сумангаас бүрдсэн “маш нууц” холбоо байгуулав. Хавар нь энэ хороо “SS”-ийн бүрэлдэхүүнд багтаж, “Штандарте-89” нэртэй болсон байдаг. Бүлгийн толгойлогчид Цюрихд 1934 оны зургадугаар сарын 25-нд уулзаж зөвлөгөөн хийж, Гласс төлөвлөгөөгөө танилцуулав. Хамгийн түрүүнд ерөнхийлөгч болон сайдуудыг хуралдаж байхад нь баривчилж, Ерөнхийлөгчийн шинэ Засгийн газар байгуулах явдлыг тулган хүлээлгэх. Мөн радиостанцыг эзлэн авах байлаа. Цааш нь 150 хүнтэй “Штандарте-89”-ийн бүлэг хотын комендатыг эзлэн авч 30 хүнийг цэргийн хувцас өмсгөн байрлуулна. Энэ үед хотын комендатын эсрэг талын байшингийн хаалгаар зэвсэг, дүрэмт хувцас ачсан ачааны машин орж ирэх ёстой. Бусад “SS”-чүүд цэргийн өмд гуталтайгаа дээгүүрээ энгийн хувцас өмсөж, цэргийн комендатын хувцас өмссөн бусдыгаа даган явж машин дээр очоод хувцсаа сольж өмсөв. Планеттагийн удирдсан тусгай бүлэг гарнизоны шалган байцаах офицерийг баривчилна. Зөвхөн тэр офицерт Венийн гарнизоныг түгшүүрээр босгох нууц үг бүхий дугтуй хадгалагдаж байгаа. Цэргийн хувцас өмссөн хэсэг хүмүүс ачааны машинд сууж Бундесканцлерийн өргөөнд очиж эзлэн авах байв. Мөн цааш нь өөр хоёр бүлгийн тусламжтайгаар “Равага” байшинд, төвийн утсан холбоог нэгэн зэрэг авах ёстой ажээ. Радиогоор “Дольфусын засгийн газар огцорлоо. Төлөөлөгч доктор Ринтеленд шинэ засгийн газрыг эмхлэн байгуулах үүргийг өгсөн юм” гэсэн утгатай мэдээ цацсаны дараа тус улсад нацистын бусад хүчнийг оруулахаар тохирчээ. Глассыг Венад яаралтай эргэж ирэх үүргийг Габехт өгсөн байна. Тэд бослогод бэлдэх, Вена, Мюнхен, Вейденхаммертай нягт холбоотой байж цаашид зэвсэг нийлүүлэх, Австрийн армийн офицерууд, захирагч нартай тохиролцоонд хүрч цагдаагийн хошууч, доктор Готцмантай уулзах байлаа. 1934 оны долдугаар сарын 1-нд вейденхаммер Венаас Ром руу явж Ринтелентай Австрийн элчин сайдын яаманд уулзан бослогын талаар ярилцахаар бол­жээ. Тэд Дольфусын үе залгамжлагч болох байлаа. Энэ үед Гласс түүнд даалгасан үүргийг биелүүлэхээр шамдан ажиллаж эхлэв. Тэр Готцман Эрүүгийн цагдаагийн газрын байцаагч, нацист цагдаагийн удирдагч Роттер, эрүүгийн цагдаагийн газын ажилтан Камба, цагдаагийн дарга Штейнхойзл мөн Австрийн армийн штабын хоёр даргатай бослогын төлөвлөгөөг хэлэлцжээ. Долдугаар сарын 24-нд ажиллагаа эхлэв. Байлдааны түгшүүр хэдэн зуун “SS”-чүүд ҮСДН-ын гишүүдийг босголоо. Үд дунд гэхэд санхүүгийн сайд Бурст Ринтелентэй уулзаж засгийн газрын хуралдаан 16 цагт эхлэх тухай дуулгав. Гэвч хуралдааны цаг өөрчлөгдөж, маргааш нь 11 цагт эхлэхээр болжээ. Дайралтаа зогсохоос өөр замгүй болжээ.Нацист бүлгийн толгойлогчид уулзан төрийн эргэлт хийх ажиллагааг 40 нацист гишүүний хамт Планетта өглөөний 8 цагт гүйцэтгэхээр тохирчээ. Нацистуудын ачааны машины цуваа 12 цаг, 45 минутад заагдсан газар луу хөдөлцгөөв. Ингээд ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо. Бундесканцлерийн өргөөг эзлэхээр очсон бүлэг сайд нарыг олсонгүй, танхим хоосон байх нь тэр. Цагдаагийн ХVI хэсгийн байцаагч Иоганн Доблер урваж, нацистууд төрийн эргэлт хийх гэж байгаа тухай мэдээлэл өгч амжжээ. Үүнээс 11 цаг 54 минутад “Улс орныг дайснаас хамгаалах” онцгой комиссар Фей канцлерт хандан амь насанд нь халдахаар зэхэж буй талаар хэлжээ. Танхимын тэргүүн сайд нарыг тэндээс орхин явах заавар өгч аюулгүй албаны дарга Карвинский, цэргийн хэрэг эрхлэх газрын дарга хошууч-генерал Центр, Фей нартай үлдэж Дольфус өөрийн ажлын өрөө лүүгээ явжээ. Цаг 12.50 минутыг зааж байхад ордны хашаанд босогчид суусан машинууд орж ирэв. Ордныг хамгаалж байсан цагдаа нар тэднийг нэмэгдэл хүч гэж ойлгон саадгүй нэвтрүүлжээ. Онцын эсэргүүцэлтэй тулга­рал­гүйгээр нацистууд ордныг эзлэн авав. Хольцвебер хүндэт харуу­лын дарга Бабкаг баривчилж, бусад нь харуулын дарга, харуулын цэргүүд, цагдаагийн комиссар нарыг барив­чилсан байдаг. Дээд давхруудыг эзлэхийн тулд нацистууд хэдэн хэсэг хуваагдав. Планетта өөрийн хүмүүсийн хамт дээд давхарт гарч яваад зугтаж яваа Дольфусыг олж харжээ. Бяцхан мөргөлдөөн гарч Дольфус үхлийн шарх олсон байна. Ордныг эзлэн авахад ердөө 20 минут зарцуулж 65 зэвсэглэсэн цэрэг, цагдаа нар ямар нэгэн эсэргүүцэлгүйгээр баригджээ. Эцэст нь Хольцвебер байшинд өөр хэн ч байхгүй байгааг анзаарав. Гэтэл түүнд өгсөн үүрэг ёсоор бол хуралдаж байгаа сайд нарыг баривчлах байлаа. Тийм болохоор тэр юу хийхээ мэдэж байв. Хожим нь Хольцвебер мэдүүлэг өгөхдөө “Баривчлагдсан хүмүүстэй хамт хэдэн хүн үлдээгээд ажиллагааг удирдаж байгаа даргыг эрэхээр явсан юм. Гэтэл тэр байгаагүй. Дараа нь Эйлес кафе руу утасдаж Кунцетэй ярихыг оролдсон боловч бас л бүтээгүй” гэжээ. Кунце гэдэг нь Роттерын нууц нэр нь байсан бөгөөд бослогын удирдагч гэдэг нь Глассыг хэлж байсан бололтой. Гэрчүүдийн мэдүүлгээр Гласс ордны хажууд баривч­лагдаж, дараа нь түүнийг цагдаагийн газар луу шилжүүлэн өгчээ. Зэвсэг сум хэрэгсэл ачсан машинууд харилцан ойлголцоогүйгээс Зибенштренгассед үлдэж дараа нь ЭЦГ хураан авсан байна. Вейденхаммер босогч­дын удирдагчдын үйл ажиллагааны талаар мэдүүлэхдээ “Вехтерийн үүрэг бол ордонд нэвтэрч орсон манай хүмүүсийн араас Глассын хамт орж сайдуудтай хэлэлцээ хийх явдал байлаа. Би “Империал зочид буудал руу явж Ринтелентэй уулзаж ойрын үед хийх ажлаа ярилцсан...” гэжээ. Энэ үед Вейденхаммерыг цагдаа нар радиостанцын байр луу нэвтрүүлсэнгүй. Тэр даруйд нь Домесын төлөвлөсөн ажиллагаа амжилтгүй болж буйг тэрбээр ойлгожээ. Тэгээд Бундесканцлерын өргөөнд очиж байдлыг тод­руу­лахаар явсан байна. Замдаа тэр Вехтер, ҮСДН-ын гишүүн Павло нартай тааралдаж өргөөнд нэвтрэхийг оролдсон боловч чадсангүй. Сайд нарын танхим Ринтелентэй ямар нэгэн хэлэлцээр хийхгүй байх шийдвэр гаргаж босогч нарт тулган шаардах бичиг явуулахаар болжээ.Түгшүүр зарласны дараа цэрэг, цагдаа нар Бундесканцлерын өргөөг бүсэлж сайд Нейштедтер-Штрюмер, генерал Ценер нар босогчидтой хэлэлцээ хийж баривчлагдсан хүмүүсийг суллахаар болжээ. Засгийн газраар нацистуудад хандаж “Та нарыг бид яах ч үгүй. Герман улсын хил рүү явуулна. Тиймээс зэвсгээ хураалга” гэж уриалж байлаа. Нацистууд энэ үгэнд нь итгэж зэвсгээ хураалгасан боловч тэднийг Германы хил руу бус Марокийн шорон луу ачин авч явжээ. Венийн цагдаагийн газар маргааш нь Дольфусыг хэн буудсаныг мэдээгүй л байлаа. Цагдаагийн дэд ерөнхийлөгч Скубль тушаал гаргаж өөрийн харъяаны бүх хүмүүсээ Марокийн шоронд хоригдож буй 150 хүнийг байцаахаар явуулжээ. Маргааш өглөө нь энэ бүхнийг хийсэн этгээд нь Планетта болохыг тогтоож түүнийг тэр даруй тусгай шоронд шилжүүлэв. Долдугаар сарын 30-нд Венийн засгийн газраас тогтоол гарч улстөрийн үймээнд оролцсон бүх этгээдүүд шүүхэд хохирол учруулахгүйгээр тодорхой нэг байранд байрлуулж хүнд хүчир ажил хийлгэх тухай хуулийг баталжээ. Шүүх хуралдаанаар Хольцвебер, Планетта хоёр хэргийг шүүн хэлэлцэв. Тэдэнд эх орноосоо урвасан ял тулгаж цаазын ял оноожээ. Дараагийн өдрүүдэд цагдаагийн ажилтан Иосиф Хакль, Франц Лееб, Людвик Майтцен, Эрих Кольраб мөн түүнчлэн Ганс Домес нарыг өөр таван нацистын хамтаар цаазлан хороосноор төрийн эргэлт өндөрлөжээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ