Соёл урлагийн их сургуулийн төгсөгчдийн үйлдсэн бузар булай гэмт хэргүүдийг хохирогчид нь шүгэл үлээж, нийгэмд илчилсэн ч өнөөдрийг хүртэл энэ талаар ямар нэгэн дорвитой арга хэмжээ хууль хяналтын байгууллагаас аваагүй байна. Тэр ч байтугай хүчирхийлэгч, хүчиндэгч этгээдүүд кино, жүжигт тоглосоор яваа нь харамсалтай. Манай улсаас өөр соёлт ертөнцөд ийм бусармаг үйлдэлд нэр холбогдсон бол урлагийн хаалгаа үүрд хааж байгааг харж болно. Хамгийн сүүлд гэхэд БНСУ-ын алдартай жүжигчин Чу Жинүн ерөнхий боловсролын сургуульд байхдаа буюу 30 жилийн өмнө үе тэнгийн дээрэлхэлт үйлдэж байсан нь илэрсэн тул урлагийн ертөнцөө орхиж буйгаа мэдэгдсэн билээ. Гэтэл манайд бүлэг хүчингийн хэрэг ч хийсэн, бүлэглэж бусдыг зодсон ч ямар ч хариуцлага хүлээхгүй байсаар байна. Энэ талаар найруулагч Д.Золбаяр өөрийн байр сууриа ийнхүү илэрхийлж байна. Тэрээр СУИС-д багшилж байсан бөгөөд хүчирхийллийн асуудалдаа дорвитой өөрчлөлт хийхгүй бол болохгүй болсныг санууллаа.
“Тэр сургуульд багшилж байсан хүний хувьд хэдэн үг хэлье.
УБДС-иас өрх тусгаарлаж, СУДэС болсон 1990-ээд оноос л миний ярих зүйл эхэлсэн юм. Юуны өмнө хүчирхийлэл нь жүжигчний ангид л голлон хамаарна гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол бусад мэргэжлийн ангиуд ч хэлмэгдэж байгааг анхаарна уу. Гэхдээ энэ балиар өвчин халдварлаж бугласныг үгүйсгэх аргагүй.Урлагийн хүмүүжил урлагийн түүхтэй салшгүй холбоотой. Урлагийн сургуулийн эхний ангиудад Дэлхийн урлагийн түүх, Философи, Гоо зүйн хичээл хамгийн гол байх учиртай. Гэтэл энэ хичээлүүдийг ор нэр төдий ордгоос хамаг зүйл эхэлдэг. Би киноны хүн тул өөрийнхөө мэргэжлээр жишиж бичье. Бусад мэргэжлийг дүйцүүлээд ойлгоно биз ээ. Жүжигчний ангийн оюутнууд ахмад үеийн жүжигчдийг бүгдийг нь мэддэг байх ёстой. Монгол цөөн хүн амтай улс тул цөөн жүжигчинтэй байсан. Тиймээс тэднийг таниж мэдэх тийм ч хэцүү биш. Гэтэл 90 оноос хойших төгсөгчид алтан үеийн жүжигчдийг таньдаггүй, тийм болохоор энэ талаар ярихад ярианы сэдвийг өөрчилдөгийг анзаараарай. Театрын түүхийн хичээл ордог ч түүхээ мэддэг жүжигчин ховор болсон. Киноны түүхийн хичээл бүр таг, ордоггүй. Сүүлийн үед энэ хичээл орж байгаа сурагтай боловч багш нь өөрөө төгс мэддэг эсэх нь тодорхойгүй. Иймээс жүжигчний ангийн оюутнууд Драмын театрын хэдэн жүжигчин, хошин урлагийн жүжигчдийг л даган дуурайхыг эрхэм болгодог болсон. Хамгийн гол нь урлаг, уран бүтээл гэж боддог бус алдар хүнд, мөнгө, цол гуншинг л тархи, зүрхэндээ суулгасан хүүхдүүд ямар болох нь тодорхой, ямар болж байгааг нь ч бид бэлээхэн харж байна.
Урлагийн түүхээ сайн зааж, урлагийн ахмадуудаараа бахархахгүй бол мөнгө, медаль хоёрын хойноос л явдаг хүн болно шүү дээ. Сайхан бүтээлд тоглоод хэдэн үеэр яригдахыг бус улаан хивсэн дээр алхахыг хүсэгчид л төгсч байгааг монголчууд харсаар байгаа шүү.
Бас нэг зүйлийг хэлэхэд залуу багш нараар цусаа сэлбэхийг сайн зүйл гэж ойлгодог болсон. Зүй нь багш хүн эхлээд мэргэжлийнхээ хичээл дээр сайн сууж төгсөөд, тухайн мэргэжлээрээ дор хаяж 20 жил ажиллаж туршлагатай болсны дараа л багшлах учиртай. Гэтэл өнөөдөр магистр гэдэг дипломтой л бол багшилж болдог америк жишиг тогтсон. Манай багш нарын сурж байсан сургуульд дандаа өвгөн багш нар хичээл ордог байсан гэж өвгөн багш маань ярьдагсан. Гэтэл кино жүжигт ч тоглож үзээгүй хүн жүжигчний ангийн мастер багш хийж байгаа. Бас өөрөө сайн жүжигчин байгаагүй хүн ямар жүжигчин төрүүлэх вэ гээд ярих юм их бий дээ хө...КУДС ч мөн адил.
2013 билүү 2014 онд СУИС-ийн "Оюутан" театрт нэгэн эрдэм шинжилгээний хурал болов. Багш нарыг бүгдийг нь суу гэлээ. Энэ ч зүй ёсны хэрэг. Хурлын сэдэв нь "Сургуулийн үнэт зүйл" гэж юу болох талаар байлаа. Тайзан дээр ардын болон доктор профессорууд илтгэл тавив. Тэдний хэлж байгаа гол зүйл нь сургуулийн үнэт зүйл нь оюутан эсвэл багш гээд нилээд ярив. Арай л үнэт зүйл нь захирал маань юм гэж хэлэх нь холгүй байна. Санал сэтгэгдлийн цаг болоход нь би босож үзэгчдийн суудал дунд байдаг микрофон дээр очоод "Сургуулийн үнэт зүйл нь төгсөгч" гэж саналаа хэлэв. Би гадаадын олон сургууль дээр очоогүй л дээ. Гэхдээ миний очиж үзсэн киноны сургуулиудын удирдлагууд "Манай сургуулийг тийм кино наадмын шагналтай, ийм найруулагч, жүжигчин төгссөн" гээд л бахархаж байхыг харж байлаа. Ийм төрийн шагналтай гэж ганц ч удаа хэлэхийг сонсож байгаагүй. Гэтэл өнөөх илтгэл тавиад байсан алдартнууд маань өнөөдөр бүгд хөдөлмөрийн баатрууд болсоон.
Харин СУИС маань төгсөгчдөөсөө болж ард түмний дунд татан буулгах асуудал яригдаад байж байх ч гэж дээ...” хэмээн харамслаа илэрхийлж бичжээ.
