Зөвлөлтийн үед авлига, хулгайн хэрэг тасралтгүй нэмэгджээ. Дайны үеэр улам бүр дэлгэрсэн энэ үзэгдэл хэдэн зуун мянган хүнийг өлбөрч /картын хүнсийг хулгайлна/, осгож /цэргийн хувцсыг дамлана/ үхэхэд хүргэжээ. Үүний үр дүнд дайны дараа Зөвлөлтөд бусдын зовлон дээр хагартлаа баяжсан хур баячууд бий болов. Ингээд 1948 онд нууц баячуудыг ил гаргахын тул мөнгөний бодлогод шинэчлэл хийсэн ч мэдээлэл авсан хүмүүс эд хөрөнгөө хураалгасангүй. Харин ажил хөдөлмөрөөрөө хэд гурван цаас цуглуулсан иргэнд хохироод хоцорчээ. Мөн онд хэдэн арван мянган хүнийг хамарсан авлигатай тэмцэх кампанит ажил өрнөж, юун түрүүнд шүүгч, худалдааны салбарын ажилчдыг шалгав. Гэлээ ч шүүхэд шилжсэн нь цөөн, шилжлээ ч хөнгөн яллажээ. Хулгайг хулгай гэж үзэх ч авлигыг өргөн утгаар нь хууль бус гэж үзэхгүй. Түүгээр барахгүй удирдах албан тушаалтан, ард иргэдийн дийлэнх нь хэвийн үзэгдэл гэнэ. Улс төрийн бүлгэм үүсгэж лобби хийхийг авилгад тооцохгүй. Хууль ёсны орлого их байсан ч албан тушаалтнууд үргэлж чамлана. Дамын наймаачин, дээрэмчин тонуулчид бүгд Зөвлөлтийн удирдлагын төлөө ажиллана. Коммунист НТХ-ны нарийн бичгийн газраас 1979 оны зургаан сарын 11-нд баталсан номер 1655/67 тогтоолд маш нууц шийдвэрт хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаас дээш намын өндөр албан тушаалтнуудад алтны үнэ нэмэгдэх тухай мэдээлэхийг үүрэгдсэн нь авлига хууль ёсны үйлдэлд тооцогдож байсныг батлана. Өөрөөр хэлбэл ингэснээр алт, үнэт эдлэл худалдаж авах цаг өгчээ. КНТХ-ны олон улсын харилцааны хэлтсийн орлогч дарга А.Черняев 1980 оны зургаан сарын 13-ны өдрийн тэмдэглэлдээ “Авлига газар авч, Жигули, Волга, Москвич машин дамлах нь замаа алдав. Район, хот трестийн зөвлөлийнхөн машин дамлана...Их ч мөнгө олно. Тэгээд хатуу сануулга аваад өнгөрнө. Тэгэхэд Дундад Азийн салбар хороодны намын ажилчид зусландаа 583-ын сорьцтой орос алтан эдлэл битүү чихсэн 40 литрийн хэдэн зуун бидон булж байлаа. Намын дээд албан тушаалтнууд ч хулгайлснаа хаа хийхээ мэдэхгүй байв шүү!” гэж бичээ.
Н.Хрущёв 1950-иад оны сүүл 1960-аад оны эхээр Рокотов-Файбышенко нарийн авлигач, дамчдын алдартай бүлэглэлийг илчилж, Эрүүгийн хуульд цаазын ялыг эргүүлж оруулснаар тэднийг буудан хороосныг бид мэднэ. ТХ-ны гишүүн мөртлөө тэр жилүүдэд жилдээ 500 мянган доллар буюу одоогийн ханшаар 3,7 сая доллар зарцуулж байсан нь энгийн явдал аж. Рокотов Москвад барууны банкируудтай уулзаж байсныг мөрдөн байцаагчид сонирхсонгүй. Шоронд хэдэн жил суулгаад цагаатгасан нь гайхмаар. Онцгой чухал хэргүүдийг мөрддөг мөрдөн байцаагч Рейнинтэй садангийн холбоотой, Бериягийн нууц амрагтай учир ургуулж явсныг ч дараад өнгөрчээ. Түүгээр зогсохгүй гэмт хэргийн хүрээнд Рокотовыг ДХЯ-ны мэдээлэгч байсан гэж шуугиж байсныг нь хав дарав. Энэ бүхнийг нэгтгээд үзвэл Рокотов-Файбышенко нарын бүлэглэл угтаа ар тал сайтай мафийн нэгээхэн хэсэг болохыг батална. Сайн ар тал гэдэг нь хяслантай нь хууль хамгаалах байгуулалга шүү дээ. Хрущёв уурласандаа ч биш, мөрөө баллах гэсэндээ валютын дамчдыг буудан хороосон биз.
Зөвлөлтийн өөр нэгэн долларын саятан сэтгүүлч Виктор Луи, Рокотовоос ялгаатай нь ямар ч хэрэгт холбогдсонгүй, ажин түжин амьдарсаар ЗХУ задарсны дараа Лондонд нүд аньжээ. Сталины үед Рокотов шиг хорих ангид хэсэг хоригдож, дамын наймаа хийсний учир баривчлагдаж байсан ч тагнуул хийсэн улс төрийн хэрэгтэн хэмээн ял эдэлж байлаа. Хорих ангид байхдаа дамын наймаа хийж, Каплерийн хэлснээр эргэлтээс цохиж байжээ. Суллагдаж цагаадаад Москва дахь СВS-ийн салбарт ажилд ороод дараа нь Америкийн Лоок сэтгүүлийн Москва дахь сурвалжлагчийн туслах, Британийн нэр хүндтэй сонины сурвалжлагчаар ажиллав. Түүгээр ч дамжуулан барууны хэвлэл мэдээлэлд мэдээ дамжуулдаг байлаа. Тэрбээр мэдээлэлдээ Борис Пастернакийг Зохиолчдын эвлэлээс хассан хурлын тэмдэглэл, Светлана Аллилуевагийн найздаа бичсэн 20 захидал, Александр Солженицыний “Хорт хавдрын тасаг” номыг гар бичмэл, Москвагийн метронд 1977 онд болсон дэлбэрэлийн мэдээлэл, Сессанагийн Улаан талбайд буулгасан Герман нисгэгч Матиас Рустын байцаалт зэргийн барууныханд өгчээ. Мөн тэрбээр өөрийгөө КГБ-тэй холбоотойгоо тэднээс нууж байсангүй. Андроповыг таньдгаараа гайхуулдаг, архаг дамын наймаачин мань хүн хүчнийхэнд үнэгүй зүтгээгүй нь мэдээж. Котельнийн эрэг дэх өндөр байшин, Лениний өргөн чөлөө, Фрунзегийн эрэг дээр байртай, Москва орчмын Баковкад зуслантайн дээр ЗХУ-даа хамгийн том тооцогдох машины цуглуулгатай. Цуглуулгад нь хэд хэдэн бенз, вольва, поршэ 911, форд, мустанг, ланд ровэр, олдсмобиль, VW транспортэрийн аяны гэр мэд багтана. Үүнийг авлига биш гэх үү? ЗХУ-аас дамжуулсан шуугиантай мэдээ бүрийнхээ төлөө хэдэн арван мянган доллараар шагнуулж, батлагаатай бус эх сурвалжийн үгээр Рустын байцаалтыг дамжуулаад зуун мянган доллар авсан гэдэг. КГБ үнэнийг дэлгэхийн хүссэндээ эдгээр мэдээллийг алдсангүй. Дарга нар нь чамгүй мөнгө олдог байсандаа тэр. Энд дотоод биш гадаадын мафитай холбогдож байна. Ингэвэл Зөвлөлтийн төлөвлөгөөт эдийн засаг худал зүйл болох нь батлагдана. Нийгэм-эдийн засгийн төлөвлөгөөт бүтээн байгуулалт албан тушаал, эд баялаг хөөцөлдсөн аль нэг бүлгийн шийдвэрээр хэрэгждэг байв. 1970, 1980-аад онд илт эрүүгийн шинжтэй бүлэглэлүүд давамгайлах болжээ. В.Катаносовын тодорхойлсноор “Сүүдрийнхэн өөрсдийн эдийн засгийн ашиг сонирхлоо яам, тамгийн газраар дамжуулан лоббидож, эдийн засаг төлөвлөгөөт гэгдсэн нэр зүүж байна. Эдийн засгийн бодлогыг сүүдрийнхэн тодорхойлох болжээ” гэжээ. ЗХУ-д авилга, хулгайн хэрэг мундахгүй олон байлаа. Гүржийн КНТХ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Василий Мжаванажегийн хэрэг. “КГБ-гийн дарга Ю.А.Андроповт өгсөн хавтаст хэрэгт Европийн нэгэн орноос алдсан Интерполоор хайж байсан найман каратын доржпалам шигтгээтэй, музейн үзмэр гэж хэлж болохоор эртний бөгжийг Гүржийн нэртэй нэгэн хөрөнгөтөн түүний эхнэр В.П.Мжаванажед бэлэглэсэн” тухай дурдаад “Мжаванажед хотод дотор засал нь дээд зэрэглэлийн эртний эдлэлийн дэлгүүрийг санагдуулам тансаг харцтай, долоон зуслантай” байсан тухай өгүүлжээ. Түүгээр ч зогсохгүй арьс, ноос, Моспродторг, хожмоо Сочи, Краснодарын хэрэг болсон далайн сүлжээ дэлгүүрийн хэрэг дэгдэж байв. Зөвлөлт засаг ид мандаж байхав хөвөнгийн хэрэг дэгдсэн байдаг. Узбекстаныг Гүрж, Краснодарын хязгаарын адил КНТХ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга М.Рашидов, Төрийн дээд зөвлөлийн дарга Я.Насридинова нарын байгуулсан мафийн бүлэглэл удирдаж байжээ. Гүрж, Узбекстан, Краснодарын хязгаарын гурван хэрэг төрийн тэргүүн Л.Брежневтэй шууд холбогдоно. Тэгвэл авлигын анхны том хэрэг В.И.Ленинтэй холбогдож байсантай ижил байлаа. Хулгай, авлигын хэрэг томорч, төрийн дээд удирдлага хүртэл сунайж байсан нь Зөвлөлт нийгмийн авилга, хулгайг зогсоохын аргагүй, чухамдаа энэ нь тогтолцооны ноён нуруу болж байсныг бүрнээ илчилнэ.
...Зөвлөлтийн төрийн аппаратад мафийн бүлэглэл үүрлэж бэхжин, перестройка, ЗХУ задарсны дараа бараг хууль ёсных болжээ. Авилга хэвийн үзэгдэл болов. Зөвлөлтийн авилга угтаа төр улс байгуулагдсанаас эхтэй. Хүнд суртлын аппарат бүрэлдэж, захиргаадалтын систем үүсэн, төрийн албан хаагчдын цалин бага, нийгмийн хяналт үгүй, төр хувийн хэвшлийн харилцааг зохицуулах хуулийн орчин дутуу дулимаг байснаас энэ явдал цэцэглэн газар авчээ. Авилгыг бараг хуульчилснаар Зөвлөлтийн иргэд албан тушаалтны гарыг бага хэмжээгээр цайлгах ёстой нийгэмд амьдрах болжээ. Дээр дооргүй хулгай хийж, дарга нарт авлига өгч байсан иргэдийн ухамсар мэдээж доройтох нь тодорхой. Волга унаж, нэхий дээл өмссөн дээд зэрэглэлийн хулгайч нар аажмаар үлгэр жишээ болж, нийгэм даяарт эд хөрөнгөнд шунах сэтгэлгээ суулгасан ч албан ёсны үзэл сурталд үүнийг хөрөнгөт нийгмийн уршиг хэмээн адална. Наяад оны эхээр Москва, Ленинградаар тогтохгүй мужийн хотуудын хүмүүс жийнс, аляска, нэрийн пүүз өмсөх нь элбэгшив. Гэтэл эдгээр барааг дэлгүүрт зардаггүй.
Анхнаасаа л авлигад автсан худалдааны салбар далаад онд зохион байгуулалттай эрүүгийн бүлэглэл болжээ. Хуулийн дагуу худалдаа наймаа хийнэ гэдэг бүтэшгүй. Эрэлттэй барааны 20 хувийг дэлгүүрт нийлүүлж, үлдсэн 80 хувийг дамлана. Хамтралчид малын тэжээл, үйлдвэрийн бүтээгдэхүүнээ хулгайлна. Хулгайлснаа зарах боломжгүй бол үйлдвэрүүд хууль бус үйлдвэрлэл явуулна. Тула, Ижевскт зэвсгийн үйлдвэрийнхэн гар хийцийн автомат хүртэл хийж, эрүүгийн элементүүдэд зарсан нь бий. Москвагийн барилгын талбайгаас барилгын материалын 20 хувийг мужийг хотуудад түүнээс ч илүүг хулгайлна. Жараад онд шатахууныг дамлах болж, наяад онд энэ хэмжээ хоёр дахин нэмэгджээ. Ямар сайндаа хүмүүс “Ажил ямар айл уу, атга хадаас ч болтугай аваад гар” гэж дуулж байх вэ. Коммунист намын хяналтын зөвлөлийн гишүүн Анатолий Черняев 1977 онд “Коммунист нам хулгайн асуудлыг хэлэлцэж байхад би ичиж үхэхээ шахсан. ТХ-ноос байгуулсан Капитоновын ахалсан зөвлөл гурван сарын турш ажиллаад ТХ-нд сүүлийн хоёр жилийн хугацаанд хулгайн хэрэг 4 дахин өсч, хулгайчдын 40 хувийг нь төмөр замчид, 60 хувийг усан онгоцны ажилчид болох нь тогтоогдлоо. Брестэд худалдах боломжгүй болтлоо тоногдсон 9-11 мянган машин агуулахад байна. Трактор ХАА-н техникийн 25 хувь нь тоногддог, Жигули машины 30 хувийг мөн тоногдсоны улмаар ВАЗ-д буцаасан байдаг. Мөн хоёр жилийн өмнөхөөс 7 дахин их мах, 5 дахин их загас хулгайлжээ” гэж бичжээ. Удирдлага нь өөрөө хавьгүй их юм хулгайлдаг болохоор ажилчдынхаа хулгайг анзаарсан ч анзаарсан шинжгүй. Анзаарч шүүмжилбэл өөрт нь эргээд ашиггүй. Тоосго хулгайллаа гэхэд өөрөө зөөхгүй лав шүү дээ. Тэгэхээр хулгайгаа ажилчдаас нуухын аргагүй учир нүдэн балай чихэн дүлий өнгөрнө. Удирдах ажилтан, ард иргэд ялгаагүй амжиргааны түвшингээ дээшлүүлэхийн төлөө зүтгэж байсан тул Зөвлөлтийн үед баруунаас орчин үеийн тоног төхөөрөмж авлаа ч үйлдвэрийн бүтээгдэхүүн чанар муутай байв. Өмд, гутал нь ханзардаг, машин нь үргэлж эвдэрдэг, трактор нь сэлбэгээ гээх нь энүүхэнд. А.Килин “Зөвлөлтийнх гэхээр чанартай юу” гэдэг нийтлэлдээ Синарын шугам хоолойн үйлдвэрийн бүтээгдэхүүний 67-74 хувь нь гологдож байсан тухай дурьджээ. Энэ үзүүлэлт Зөвлөлтийн эдийн засгийн хувьд дундажид тооцогдоно биз. Батлан хамгаалах, нисэх онгоц үйлдвэрлэлийн салбар арай дөнгүүр байсан ч цэргийн техник, нисэх онгоцны чанар хөгжилтэй орныхоос хавьгүй доогуур. Харин өргөн хэрэглээний бүтээгдэхүүний чанарыг анхаарч байсан газар үгүй. Үйлдвэрлэлийн хариуцлагыг чангатгах нь улс төрийн хувьд ихээхэн саад бэрхшээлтэй. Тавиад оноос бүх нийтийг хөдөлмөр эрхлүүлэх журам мөрдөгдөж эхэлснээр ажилчин чанаргүй бараа үйлдвэрлэж, архидан согтуурч ажил тасалбал халах боломжгүй болжээ. Ийм байхад сайн ажилчид нь ч гэсэн халтуурдаж эхлэв. Хажууд нь ажилгүй хүн адилхан цалин аваад байхад хичээх хэрэг юун? Хулгай, дамын наймааны эрүүгийн хэрэг үе үе үүсгэх ч төд удалгүй тайлан гаргаад хаачихна. ДХЯ, КГӨ ийм хэргүүдтэй тэмцэх нь битгий хэл эдийн засаг, улс орны тулгуур гэж үзэх нь холгүй. Нийтийн хулгай, авлигад суурилсан эдийн засаг явуургүй нь мэдээж. Авлига, хулгайг таслан зогсоохгүй л бол гаардаг жамтай. ЗХУ-д ийм л явдал тохиолдсон. Зөвлөлтийн шинжээч 1974 оноос хойш эдийн засаг зогссоноор барахгүй энэ хэв загвараар цаашдаа хөгжих боломжгүй болсон гэж дүгнэжээ. Гэвч өөрчлөлт хийх оролдлого буюу Косыгиний хоёр дахь өөрчлөлтийг хууль бус аргаар баяжих боломжоо алдахыг хүсээгүй Зөвлөлтийн элитүүд дэмжсэнгүй. Ийнхүү ЗХУ мөхөл рүүгээ эрчтэй явж байлаа. Эрүүгийн эрхэм дээд үзэл санаа тээхгүй нь мэдээж. Энэ битүү тойргоос мултрах аргагүй. Эрүүгийн бүлэглэл маягтай Зөвлөлтийн төрийн аппарат төрөөс урваснаас өөрцгүй. Тэгэхдээ тэд Зөвлөлтийн үед албан бусаар эзэмшиж байсан асар их хэмжээний өмч хөрөнгийг өөртөө хожоотойгоор авч үлджээ билээ.