Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын том хүү Э.Батшугарын анхны эхнэр Т.Дарима гэр бүлийн хүчирхийлэлд 23 жилийн турш өртөж, сэтгэл санаа болон бие махбодиороо хохирч байгаагаа олон нийтэд дэлгэлээ. Түүний аав Ц.Төмөр нь “Гутал” ХК-ийн эзэн бөгөөд АН-ын гишүүн, "молекул" Батж.Батбаярын хамтаар бизнест хөл тавьсан ч шүүх цагдаадаа тулж, зам замаа хөөсөн билээ. Ц.Төмөр нь эхнэр Ч.Долгормаагийн хамтаар төрсөн охин Т.Даримаг гэр бүлийн хүчирхийлэлд байлгаж байсан төдийгүй одоо ч энэ байдал нь үргэлжилж байгаад тэрээр тэсвэр нь алдарч, шүгэл үлээлээ. Т.Даримагийн хувьд Бентлигийн их сургууль дүүргэсэн, унаган орос англи хэлтэй, боловсрол өндөртэй бүсгүй. Америкт дээд боловсрол эзэмшсэн тэрээр “Голден сакс” хөрөнгө оруулалтын компанид ажилд орсон анхны монгол хүн аж. Тус компанид ажиллаж байх үедээ ХХБ-ны хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцан ажиллаж байсан билээ. Түүнийг Н.Энхбаярын бэр болж байх үед хадам аав нь “хар гэр”-т хоригдсон. Тэрээр хэл ус, мэдлэг боловсролоо ашиглан хадам аавыгаа шоронгоос гаргахын тулд Олон улсын хүний эрхийн хороо хүртэл зарга үүсгэж, олон улсад эл асуудлыг дэлгэж байсан удаатай. Э.Батшугартай гэрлэснийхээ дараахан бизнест хүч үзэхээр шийдэж, дэлхийн цагны брэнд “Hublot”-ыг Монголд оруулж ирсэн адтай бүсгүй билээ. Ийнхүү бизнес нь дэвжиж дээшилж байсан хосуудын амьдралд нэг л өдөр ан цав гарч, Т.Дарима бүсгүй охин Б.Тарагаа аваад Америк руу амьдралаа хөөн одсон. Олон жилийн дараа Бельгийн язгууртан гаралтай Доминик Жоорис хэмээх эрхэмтэй амьдрал холбосон билээ. Ийнхүү өөрийнхөө амьдралыг босгож яваа бүсгүйг өнөө хэр аав ээж нь амьдралыг нь шийдэж, үргэлж хараа хяналтан дороо байлгахыг санаархаж, бүр хоёр хүүхдийг нь ээж Ч.Долгормаа нь өөрийн нэр дээр авна хэмээн дарамтлах болжээ. Түүгээр ч барахгүй “Гутал” ХК-ийнхаа хувьцаа эзэмшигчээс төрсөн охиныхоо нэрийг хасуулж, хувьцаагаа эргэн авахаар Санхүүгийн зохицуулах хороонд хүртэл гомдол гаргасан байна. Энэ бүх бусармаг ажилд нь аав Ц.Төмөр, ах Т.Билэгт нар нь хүртэл хамжигчаар оролцож байгаад Т.Дарима маш их гомдолтой байна. Энэ талаараа тэрээр өнөөдөр “Өнөөдрийн гайхамшигт Гэгээн Валентины өдөр та бүхэнд ганцхан хайр, халуун дулааныг илгээхийг хүсэж байгаа боловч харамсалтай нь хажуугаар тань инээгээд өнгөрсөн нэг хүүхэд гэртээ хүчирхийлэлд өртөөд явж байгаа шүү гэдгийг дурьдмаар байна. Иймээс гэр бүлийн хүчирхийллийн ач холбогдлыг олон нийтэд хүргүүлэхэд та нар надад тусална уу. Өнөөдөр би Тара, Филипп хоёртоо хязгааргүй хайртай ээж, хүүхдүүд маань бидний энхрийлэл, хайранд бөмбөрч амьдардаг ч... би дотроо олон жилийн өмнөх бяцхан Даримаг очоод хамгаалчих юмсан гэж хааяа мөрөөддөг. Гэр бүлийн, ялангуяа бага насны хүүхдүүдэд чиглэсэн, хүчирхийллийн хохирогчид урт хугацааны, гашуун үр дагавартай тулгардаг. Хохирогчдын дийлэнх нь насан турш стресс, түгшүүр, PTSD, сандрах халдлагад өртдөг статистикийг бид мартаж болохгүй.Надад тохиoлдсон нөхцөл байдлыг харвал гэр бүлийн хүчирхийлэл нь сүүлдээ санхүүгийн хүчирхийлэл болон хувирч, тэр ч байтугай миний өөрийн хүүхдүүдэд хүртэл шууд аюул тулгарч байна. Хэдийгээр би хамгийн муу эцэг эхтэй юм шиг санагдаж, сүүлийн 23 жилийн хугацаанд хууль ёсны нөхөн төлбөрөө авч чадаагүй ч гэсэн орчлон ертөнц надад өөрийн гэсэн гайхалтай гэр бүлтэй болох боломжийг олгосонд би маш их талархаж байна. Тэдний өдөр тутмын золиослол, урам зоригийн ачаар би эцэг эхийнхээ 3 жилийн турш тасралтгүй хууль эрх зүйн, сэтгэл зүйн болон бие махбодийн дайралтыг тэсвэрлэж чадсан" гэж бичжээ.
Одоогоор өв хөрөнгийн асуудал үргэлжилж байгаа бөгөөд Т.Даримагийн хувьд өөрт ногдох хөрөнгөө авахыг хүсч байгаа бол түүний эцэг эх орон гэргүй болгож, хүүхдүүдийг нь өөрсөд дээрээ авна хэмээн сэтгэл зүйгээр дарамтлах болжээ. Хэрвээ энэ байдал удаан үргэлжилбэл Т.Дарима өөрийнхөө эрхийг хамгаалахын тулд хуулийн байгууллагад хандахаар шийджээ.