1926 онд БНМАУ дэлхийн боловсролд сургахаар 14-19 насны 35 охид хөвгүүдээ Герман, Франц улсад үдэн мордуулсан билээ. Германд очсон монгол хүүхдүүд хэл сайн сурах зорилгоор герман айлуудад хуваарилагдан суужээ. Суралцагчдын дунд таван охин явсны нэг нь тайж Гомбожавын охин, зүс царай сайтай, үзэсгэлэнт бүсгүй Хаалаа байв. Тэднийг хэл сургах зорилгоор герман айлуудад хуваарилахад Хаалаа хувийн шоколадны үйлдвэртэй айлд очжээ. Тэр айлын хүү Хаалаад сэтгэл алдарч,шоколадны үйлдвэрийн эзэн хүүгийнхээ сэтгэлийг бодон “Hala” нэртэй шоколад бүтээсэн нь Герман даяар түгж, “Hala” брэнд үүссэн түүхтэй. Монголчуудын мөрөөдөл болсон, өрнөдийг зорин эрдэм өвөрлөн ирэх үйлсийн анхдагчид болох энэ хүүхдүүд дөрвөн жилийн дараа гялалзсан сэхээтэн залуус болон эх орондоо ирцгээсэн юм. Гэвч бүгдээрээ хэлмэгдлийн хар шуурганд өртөж, хатуу хувь заяатай учирч, зүй бусаар эцэслэсэн өрөвдөм түүхтэй. Д.Наваан-Юндэн, Д.Нацагдорж, Г.Хаалаа, Б.Цэрэнханд нарыг тайж угсаатай, гадаадын хөрөнгөтнүүдтэй сүлбээтэй болж магад гэж 1929 онд хамгийн анх эргүүлэн татсан бөгөөд улмаар 1930 онд үлдсэн хүүхдүүдийг бүгдийг нь эх орондоо эргэж ирэхийг шаардсан байна. Учир нь тэднийг Герман, Франц улсад сургахаар илгээсэн МАХН-ын Төв Хорооны дарга Ц.Дамбадорж, АГЯ-ны сайд Эрдэнэбатхан, Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Ж.Цэвээн нарыг “баруунтан” хэмээн буруутгаж, албан тушаалаас нь зайлуулаад байв. Энэ бүх хэргийн учир зангилаа нь тухайн үед БНМАУ-ын дотоод хэргийг бүрэн атгаж байсан Коминтерн болон ЗХУ-ын гадаад бодлогоос ихээхэн хамаарч байсныг архивын баримт нотлон харуулдаг. 1930 оны гуравдугаар сарын 31-ний өдөр ЗСБНХУ-ын Гадаад хэргийн ардын комиссариатын газрын даргад Тагнуулын даргаас нь дараахь шаардлага очсон байдаг. Энэ нь “Бидэнд байгаа мэдээгээр МАХН-ын эрх барьж байсан баруунтны удирдагчид хөрөнгөтөн орнуудын сургуульд 25 сурагч илгээжээ. Үүнээс тав нь Парисын эдийн засгийн сургуульд, 20 нь Германы янз бүрийн сургуульд сурдаг.Тэд нийгмийн гарал үүслийн хувьд Монголын түшмэд дээдсийн гаралтай аж. Эдүгээ Монголоос гадаадад суралцагчдын дийлэнх нь манай иргэний болон цэргийн сургуулиудад суралцаж байгаа. Монголын боловсон хүчнийг бусад оронд сургах нь бидний хувьд хүлээн авч эс болох зүйл! Цэрэг, далайн цэргийн ардын комиссарын орлогч Уншлихт Монголын Засгийн газарт зохих хэлбэрээр “даралт” үзүүлж, Франц, Германд суралцаж буй монголчуудыг татуулан, улмаар залуучуудыг тэдгээр оронд сургуульд цаашид илгээхээс татгалзуулах нь чухал гэж үзэж байгааг танд мэдэгдье” гэсэн байдаг. Ингээд Герман, Франц улсад суралцаж байсан оюутан, сурагчдыг эх орондоо эргэн ирсний дараа “үндсэрхэг үзэлтэн”, “хувьсгалын эсэргүү”, “Германы тагнуул” гэсэн элдэв зохиомол хэрэг үүсгэн МХЗЭ, МАХН-аас хөөж, сонгуулийн эрхийг нь хасаж, улмаар баривчлан байцааж эхэлсэн юм. 1932 оны дөрөвдүгээр сард “үндсэрхэг үзэлтэн, хувьсгалын эсэргүү” хэмээн Д.Нацагдорж, Т.Нацагдорж, Б.Гомбо, Д.Намдаг нарыг баривчлан хорьжээ. 1941 оны зургадугаар сард Герман улс ЗХУ-д халдан довтолсныг далимдуулан урьд Германд сурч байсан С.Бавуу, Ц.Бадарч, Н.Бат-Очир, М.Гомбожав, Б.Доржсүрэн, Д.Намдаг, Т.Нацагдорж, Ш.Цэвэг, Г.Цэвээн нарыг ДЯЯ-наа баривчлан авчирч, “фашист германы тагнуул”-ын хэрэг үйлдсэн гэсэн ял тулган хүлээлгэхийн тулд хатуу ширүүн аргаар мөрдөн байцаажээ. “Бат-Очир, Наваан-Юндэн нар нь 1937, 1939 онуудад Герман улсын Берлин, Лайпциг хотуудаас буцаж ирээд тэр үед Монгол Улсад оршиж байсан Германы тагнуулын байгууллагын бусад этгээд нар лугаа нэгдэж мөнхүү тагнуулын хэрэгт гишүүдийг элсүүлэх, тагнуулын харилцаа барих зэргээр тус Монгол Улсын дотор хувьсгалын эсэргүү тагнуулын ажил хийж байжээ” гээд тус бүрийн үйлдлийг дурдаад Н.Бат-Очирыг 25 жил, Д.Наваан-Юндэнг 20 жил, Т.Нацагдоржийг 10 жил, Д.Намдагийг долоон жил, Д.Гомбыг найман жил, Г.Цэвээнийг долоон жил тус тус хорьж шийтгэсэн байдаг. Г.Хаалаа Монголд ирсний дараа Д.Наваан-Юндэнтэй гэрлэсэн ч түүнийг шоронд байх үеэр цэл залуугаараа учир битүүлгээр нас барсан аж. 1926-1930 онд Герман, Франц улсад суралцсан анхны 35 хүүхдээс гурав нь цаазлуулж, найм нь 3-25 жилийн ял эдэлж, тав нь тодорхой хугацаагаар мөрдөгдөн байцаагдаж байгаад сэжиг бүхий үхлээр нас барсан буюу сураггүй алга болсон сурагч хоёр байдаг. Тэднийг удирдан авч явсан таван багшийн гурав нь цаазлуулж, нэг нь хоёр жил зургаан сарын хугацаагаар хоригдох ял эдэлж, нэг нь учир битүүлгээр нас баржээ. Сонирхуулахад, энэ жил баруунд монгол оюутнуудыг сургаж байсны 100 жилийн ой тохиож байгаа юм.