Хэлмэгдүүлэлтийн хар шуурга Монгол оронд ямар аймшигтай, хүчтэй нөлөөлсөн талаар ганцхан баримт хэлье. Ганц өгүүлбэр хэлээд шоронд орсон уран бүтээлч бол гавъяат жүжигчин Ё.Шаравдоо, Төрийн болон СГ зүтгэлтэн хөгжмийн зохиолч Г.Бирваа юм. Ё.Шаравдоо гуай бол Монголын алтан үеийн жүжигчин. Түүний амьдрал Бөмбөгөр ногоон театртай салшгүй холбоотой. Тэрбээр С.Буяннэмэхийн “Шөнийн буг” жүжгийн хулгайч, Д.Намдагийн “Шарай голын гурван хаан” жүжгийн Шар гэрт хаан, Н.Гоголийн “Байцаагч түшмэл” жүжгийн Добчинский зэрэг олон арван дүрээрээ алдартай бол “Анхны алхам”, “Түмний нэг” кинонд тоглосон дүрээр нь та бид сайн мэднэ. 1949 оны нэгдүгээр сард Бөмбөгөр ногоон театр шатсан. Их хэлмэгдүүлэлтийн үе өнгөрөөд бараг арван жил болсон байлаа. Бөмбөгөр ногоон театр шатахад уран бүтээлчдийг дуудаж, гал унтраах ажилд дайчилжээ. Хугацаа их алдсан болохоор галыг унтраах боломж байсангүй. Жүжигчин Ё.Шаравдоо хажуудах хүндээ “Манай театр бадамлаад сайхан шатаад дууслаа” гээд ам алдчихаж. Энэ үг цааш явсаар До яамныхны чихэнд очиж, Ё.Шаравдоог эхлээд Бөмбөгөр ногоон театрыг шатаасан хэрэгт тулгаж, тэр нь нотлогдоогүй тул хэлсэн үгээр нь яллаж байсан түүхтэй. Түүнийг хар гэрт байхад хөгжмийн зохиолч Г.Бирваа гуай араас нь оржээ. Г.Бирваа гуайн хувьд “Дэлхийн хамгийн өндөр байшин Америкт байдаг. Хойд Солонгосчууд нохойн мах иддэг” гэж ярьсан хоёр өгүүлбэр нь түүнийг хар гэрт хорих ял болсон байдаг. Иймхэн үгнээс болж Монголчууд нэг нь нэгнийгээ барьж шоронд хорьж, шийтгэж байсан нөгөө талаасаа НАХЯ-ны бууны ноход, матаачид нийгмийн давхарга бүрт “ажиллаж” байсныг харуулж байна. Сонирхуулахад нэрт хөгжмийн зохиолч Г.Бирваа нь олон арван дуурь, сэтгэлд хоногшсон дуу зохиохоос гадна “Нийслэл хүү”, “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Улаан дарцаг”, “Баянбулагийнхан”, “Хөдөөгийн баялгалан” зэрэг олон киноны хөгжим, дууг бичсэн авъяаслаг уран бүтээлч байсныг дурдая.