Дэлхийн оргил болох Эверест уулын орой дээр гарах нь уулчдын мөрөөдөл байдаг. 8848 метрийн оргил өөд өгсөхдөө, оргилоос уруудаж явахдаа олон арван уулчид амь насаа алдаж, мөн цөөнгүй уулчдын бие муудаж, тусламж хүсдэг. Харин тэдний уулын оргилд хүрэх мөрөөдөл нь Балбын хөтөч нарын балмад шуналын золиос болж байсан нь илэрч, дэлхийг шуугиулаад байна. Эверестийн оргил руу гарахад Балбын талаас гарах нь хамгийн эрсдэл багатай байдаг бөгөөд уулын зам нээгдэхэд олон мянган уулчид тус улсад ирдэг. Аялал жуулчлалын салбар, тэр дундаа зөвхөн Эверест рүү авирах гэсэн аялагчид, сонирхогчид, мэргэжлийн уулчид тус улсын эдийн засагт чамлахааргүй орлого оруулдаг. Гэтэл хөтөч нарт орлого нь багадсан бололтой балмад үйлдэл гаргаж байсан нь илэрчээ. Эверестийн зарим хөтөч гадаадын уулчдыг идэх юмаар нь дамжуулан хордуулаад, бие нь муудахаар өндөр үнэтэй аврах үйлчилгээ үзүүлдэг болохыг Балбын цагдаагийн газраас тогтоожээ. Тэд бие нь муудсан хүмүүсийг онгоцоор тээвэрлэхгүй бол амь нас нь эрсдэлд байна хэмээн итгүүлж, агаараар нүүлгэн шилжүүлж, улмаар тухайн уулчнаас болон даатгалын компаниас их хэмжээний мөнгө авдаг байжээ. Энэхүү хэрэгт одоогоор 40 гаруй хүнийг сэжиглэн саатуулаад байгаа бөгөөд 32 хүнд ял оноожээ. Тэдний энэ бусармаг ажиллагаанд 2022-2025 оны хооронд уул руу авирсан 4782 уулчин өртсөн байна. Мөрдөн байцаагчдын мэдээлж байгаагаар, хуурамч аврах ажиллагааны луйварт хөтөч нар, аяллын компанийн хувь эзэмшигчид, нисдэг тэрэгний үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон зарим эмнэлгийн албан тушаалтнууд оролцжээ. Хөтөч нар уулчдын хоол хүнсэнд хөөлгөгч нунтаг хийх зэргээр өндрийн өвчинтэй төстэй шинж тэмдгийг үүсгэдэг. Улмаар уулчдын дотор муухайрч, толгой эргэж, бие нь хямармагц өндөр үнэтэй нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлэх үйлчилгээг зөвлөдөг. Мөн аврах ажиллагааны хүрээнд олон хүнийг нэг дор нисгэсэн атлаа сүүлд нь нэг нэгээр нь нүүлгэн шилжүүлсэн мэтээр мэдүүлж, илүү төлбөр авдаг байжээ. Одоогоор хохирлын хэмжээ 20 сая доллар даваад байгаа бөгөөд Балбын Цагдаагийн газраас “Манай улсын нэр хүндэд халдсан маш ноцтой үйлдэл гаргасан учир эдгээр хуйвалдаанд оролцсон бүх хүмүүст хуулийн хатуу хариуцлага тооцно” хэмээн мэдэгджээ. Энэ жилийн уулын авиралтын сар хэдхэн хоногийн өмнө нээгдсэн бөгөөд дээрх мэдээлэл гарсантай холбогдуулан уулчдын тоо багасах магадлалтай байгаа гэнэ.
