Коминтерны ил далд хорон явуулга, Монголын сэхээтний давхарыг хуу хамсан егүүтгэлийг мартаа юу, байгалийн баялгийг цөлмөсөн он удаан жилийн эдийн засгийн махинацийг түрэмгийлэл гэж үзэхгүй юу, ах дүүгийн буцалтгүй тусламж нэрийн дор явуулж байсан өөр өөр олон дарангуйллыг сана даа. Ах нарын эртнээс явуулж ирсэн тэр бүх хорлонт бодлогын нэгэн гэрч нийслэл хотноо сүндэрлэн боссон. Энэ бол Оросын соёл, шинжлэх ухааны төв буюу РЦНК-ийн өмнө шовойх Иван Яковлевич Коростовицийн хөшөө. Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг айлчлах үеэр нээсэн уг хөшөө РЦНК-ийн дарга Е.Г.Михайловын санаачилга, хөөцөлдөөний дүнд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 184 сая төгрөгөөр “бүтээн байгуулсан” эд. Гэвч нийслэлийн нэгэн дүүргийн ойр хавь, Оросын байгууллагыг “чимэх” болсон хөшөөний эзэн Коростовец гэгч монголчуудын хүндэтгэлийг хүлээх эрхтэй этгээд байсангүй. Монголчуудын тусгаар тогтнолыг хаан боогдуулж байсан этгээдийг гавъяа зүтгэлтэй нэгэн байсан мэт өнөөдөр хөшөө дурсгалыг нь хүндэтгэх нь хэр зөв юм бол. Худал хуурмагийг мянга давтахаар үнэн болж таардаг гэсэн Аристотелийн хэлсэн гэх мэргэн үгийн үлгэр болж таарав уу. Энэ мэт эргэцүүллийг оросууд олж мэдсэн цагтаа мэдээж, Оросын эсрэг үзэл, гэнэн шовинизм гэх мэтээр доромж үзэж, хэдэн юм хэлэх байх. Харин Монголчууд бидний хувьд хэрхэх вэ. Эх түүхээ судалж мэдсэн хүн оросуудын энэ мэт олон хорон явуулгад хорсон зэвүүцэхээс өөр аргагүйд хүрнэ.
Хаант Оросын Полтав мужид нэлээд чинээлэг язгууртны гэр бүлд 1862 онд төрсөн, 1884 онд Оросын Эзэн хааны лицей сургуульд суралцсан, 1890 оноос Бээжин дэх Хаант Оросын Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, улмаар Бразил, Португал, Монгол, Иранд дипломат элч, элчин сайдаар ажиллаж байсан, 1913 онд Бээжин дэх Францын шуудангийн албаны даргын охин 16 настай Ангелино Пиритэй завхайрсан хэрэг нь илэрч, дипломат шуугиан дэгдээсэн тул албан тушаалаасаа халагдаж байсан энэ этгээдийг монголчууд хараан зүхэхэдл таарсан амьтан. Энэ этгээдийн тухай интернэт тайлбар толь Википидеад хүртэл тавьсан тодорхой мэдээлэл бий. 1912 онд Хаант Орос улсын Ерөнхий сайд С.Ю.Виттезгийн тушаалаар Оросын дипломат төлөөлөгчдийг ахлан Нийслэл хүрээнд ирж, монголчуудыг дарамтлан Орос-Монголын хэлцэлд 1912 оны 11 дүгээр сарын 3-нд гарын үсэг зурсан. Хэлэлцээ хийх үед Коростовец нь Да лам Цэрэнчимэдийн авчирч өргөн барьсан монголчуудын язгуур эрх ашгийг дээдэлсэн саналыг шалан дээр шидэж, дэвсэлж дипломат ёс зүйн хувьд эрээ цээргүй аашилж байжээ. Ингэхэд Сайн ноён хан Намнансүрэн “Да лам Цэрэнчимэд таны бодож байгаа шиг муу хүн биш ээ. Энэ хүн бол ганцхан дутагдалтай. Тэр нь Монгол Улсаа л тусгаар оршихын төлөө л санаа бодолтой хүн” гэж Коростовецид хэлжээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч, нийт өвөрмонголчуудын төлөөллийн тэргүүн эгнээнд байсан Бинт Чин ван Гончигсүрэнг гадуурхан “Миний хамгийн том дайсан”, “Да ламын холбоотон” “өөдгүй муу амьтан” хэмээн нүд үзүүрлэж байсан төдийгүй улмаар түүнийг үдэж өгөх цайллагад тэрээр хор ууж үхсэн нь сэжигтэй байдаг. Ер нь гэрээний дараа Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Бинт ван Гончигсүрэн нарын зүй бус зуурдын үхэлтэй Коростовец холбоотой гэсэн таамаглал байдаг. Түүнийг анх ирэхэд Монголын Засгийн газар ихээхэн итгэл найдвар тавьж байсан ч хэлэлцээрийн явцад хүчээр тулгасан гэрээ нь монголчуудын хувьд ямар ч ашиггүй, зөвхөн оросуудын эрх ашигт л нийцсэн гэрээ болсон юм. Уг гэрээгээр монголчууд хэрчигдэж хуваагдах үүд нээгдэж, ах дүү Барга, өвөр Монгол, Тагна Урианхай хилийн гадна үлдэж, тусгаар тогтнолын хэрэгт зүтгэснээрээ “хятадын тагнуул”, “өөдгүй ноьш”, “увайгүй амьтан” хэмээх нэр хочийг зүүх болсон түүхтэй. Энэ нь Коростовецийн Монголын удирдагч нарын дунд дипломат атргаар яс хаясантай шууд холбоотой. Нийслэл хүрээн дэх Оросын бүрэн эрхт сайд Коростовец өөрийн Гадаад яаманд бичсэн цахилгаан утсандаа “Халхчууд ба ер нь Гадаад монгол тусгаарлаж байгаа хэрэг явдалтай Хятадын Засгийн газар эвлэрэхээс өөр аргагүй бөгөөд харин ард иргэд нь нууцаар халх руу тэмүүлж, Их хүрээний анхны дохиогоор Хятадаас салж одоход бэлэн байгаа Өвөрмонголыг гартаа барьж байх явдалд л хятад хүчээ таввьж байвал болох юм. Монгол нь зөвхөн үндэсний аж байдал, ёс заншил, соёлын талаар нэгдэх боломжгүй болохыг нэг бус удаа сануулж, улстөрийн талаар нэгдэхэд сэтгэл ханах хэрэгтэй гэж би монголчуудад зөвлөсөн” хэмээжээ. Тэрээр Монголын ашигт малтмалыг нээн ашиглах, хилээр гаалийн татваргүй нэвтрэх зэрэг Оросын худалдааны эрх ашгийг л хамгаалсан гэрээг Монголын Засгийн газарт тулган дан ганц Оросын эрх ашгийг хамгаалсан худалдааны гэрээг байгуулсан хүн. 1912 оны Орос-Монголын гэрээ байгуулагдсанаар нийт монгол үндэстний язгуур эрх ашигт хор нөлөө үзүүлсэн билээ. Өвөрмонгол, Монгол Улс, Урианхайн хязгаарыг нэгдэхийг Коростовец хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Эцэст нь хэлэхэд И.Я.Коростовец бол Оросын Цагаан хааны бодлогыг хэрэгжүүлэгч, томоохон дипломат тагнуул байснаас Монгол Улсын эрх ашгийг өчүүхэн төдий ч бодож байсан хүн биш юм. Харин түүнийг Монголд тоос хөдөлгөж явсан цаг үеийн түүхэн нөхцөл байдал, 1912 онд Орос-Монголын хэлэлцээр байгуулахад хүрсэн учир шалтгааныг эргэцүүлж үзье. Хаант Оросын Засгийн газар Дундад иргэн улсаас өрсөн Гадаад Монголыг буюу Монгол Улсыг эдийн засгийнхаа хавсрага болгохын тулд Монголын асуудлаар буюу Монголыг хэрхэн хуваах тухай Хятадтай хэлэлцээр эхэлж удтал ярилцсан боловч Дундад иргэн улс Хаант Оросын саналыг огт хүлээж авахгүй байв. Иймээс Хаант Оросын эзэн хааныхаа зөвшөөрсний лдагуу Хятадтай хийж буй хэлэлцээрээ түр завсарлаж, Монголтой хэл амаа ололцох зохистой боломж байгааг алдахгүйн тулд Монгол-Оросын хэлэлцээр байгуулахаар 1912 оны наймдугаар сарын 3-нд Засгийн газрын шийдвэр гаргаж, бүх бэлтгэлээ хангасныхаа дараа Монголын Засгийн газарт тун тодорхой бус байдлаар мэдэгдсэн бодолтой. Өөрөөр хэлбэл, Орос энэ хэлэлцээр байгуулах санаачилгыг анх гаргажээ. Тухайн үед Монголын удирдагчитд Хаант Оросыг гадаад түншлэлийнхээ хамгийн тэргүүлэх орон хэмээн итгэж байсны улмаас улсынхаа тусгаар тогтнолыг дэлхий дахинаар хүлээн зөвшөөрүүлэхэд Монгол Оросын хэлэлцээр дорвитой дэмжлэг болно хэмээн найдсан учир Оросын Засгийн газраас гэрээ байгуулах санал тавьсныг зөвшөөрсөн нь давтай. Гэвч уул хэлэлцээрт Оросын авчирсан төсөлтэй Монголын удирдагчид танилцмагцаа эрс эсэргүүцэж ноднин намар танай Засгийн газар Ханддорж, Цэрэнчимэд бид нарт хэлж байсан амлалтаасаа няцаж манай улсын тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй яагаад Хятадын автономит болгох гэж байгаа юм бэ хэмээн асуухад Оросын төлөөлөгчдийн тэргүүн Коростовец тодорхой хариу өгөхгүй булзааруулж байв. Үүнээс гадна Монгол Улс өөрийнхөө дипломат төлөөлөгчийг Орост суулгах санал тавьсныг ч зөвшөөрөөгүй байна. Мөн Оросын харьяат худалдаачид Монгол Улсын нутаг дэвсгэрт эдлэх эрх нь монголчууд болон бусад гадаад улсын иргэдээс ч илүү байхаар гэрээний төсөлд тусгаснаа өөрчил хэмээн сануулжээ. Гэвч Оросын төлөөлөгчид Монголын саналыг ер хайхрахгүй байсан учир Цэрэнчимэд болон бусад сайд нар нэг бус удаа хурал хаяж байлааө. Гэвч Коростовец Монголын баруун хязгаараар хятад цэрэг довтолж эхэлсэн тухай мэдээ манай консулд ирсэн байна хэмээн худал үг зохиож хэлээд “Хэрэв та нар манай төслийг зөвшөөрөхгүй бол бид танай улсад цэрэг зэвсэг, байлдааны хэрэгсэл туслахгүй шүү” хэмээн хашгиран сүрдүүлсэн гэдэг. Тухайн үед Дундад иргэн улс, Монгол руу цэрэглэн халдахаар бэлтгэж буй тухай сонсч мэдсэн Монголын удирдагчид Коростовецийн хэлснийг лавтай үнэн хэмээн итгэж Оросын төлийг арга буюву зөвшөөрч, 1912 оны 12 дугаар сарын 3-нд хэлэлцээрт гарын үсэг зурсан аж. Гэвч оросууд хууран мэхэлсэн нь тодорой болсон учир Монголын удирдагчид дахин Оросын Засгийн газартай хэлэлцэж, нааштай үр дүнд хүрэх зорилгоор Гадаад яамны тэргүүн сайд Цэрэнчимэдийг Япон руу илгээж тусгаар тогтнолоо дэмжүүлэхийг хичээсэн боловч мөн Оросын явуулганы улмаас ямар ч үр дүнд хүрээгүй юм. Эл хэлэлцээрээр Монгол Улсын тусгаар тогтнолын хувь заяа урвуугаар эргэх эхлэл тавигдаж, 1913 оны өвөл Бээжинд гарын үсэг зурсан Орос, Хятадын тунхаглал болон 1915 оны 6 дугаар сарын 7-нд дууссан Хятад, Орос, Монгол гурван улсын Хиагтын бага хурлаар эцэслэн шийдвэрлэсэн билээ.
