img

ӨМНӨГОВИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.МАНДАХБАЯРТ ХУЛХИДУУЛСАН ХОХИРОГЧИД НЬ ӨМНӨГОВЬД ОЧИЖ ЖАГСАХААР БОЛЖЭЭ

img

Хэдэн жилийн өмнө Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч болж, улмаар улстөрөөс илүү сэтгүүлзүйгээ бодож ийм шийдвэр гаргалаа хэмээн уйлж суусан Х.Мандахбаяр гэгч залилагч этгээдийн балгаар өнөөдөр олон айл орох оронгүй болсон билээ. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Гранд маршал” хэмээх хотхонд таун хаус барина хэмээн сурталчилгаа хийж байсан тэрээр таван жил өнгөрч байхад нэг ч хаусыг ашиглалтад оруулсангүй. Гэсэн атлаа баригдаагүй байрныхаа гэрчилгээг гаргаж өгчихсөн хэмээн хээв нэг ярьж явдаг нь хачирхалтай. Түүний залилан мэхэлсэн хэрэг үүгээр дуусахгүй бөгөөд Айцын даваанд 2000 айлын нордик хаус загварын байр бүхий “Хайрын төгөл” хотхон барьж өгнө хэмээн баахан хүнийг мөн л хулхидсан. Тэр ч байтугай Өмнөговь аймгийн Даланзадгад суманд DZ хэмээх хотхон барина гэж өссөн төрсөн нутгийнхаа иргэдийг унаж тустал нь хуураад урьдчилгаа мөнгийг нь аваад ор сураггүй болж, өнөөдөр өнөөх барилга нь 4 давхраас дээш явалгүй дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Аргаа барсан захиалагч нар нь түүнийг эрж хайж очиход албан өрөөндөө огт ирдэггүй, өгсөн утас нь огт авдаггүй гэнэ. Шүүх, хуулийн байгууллагад хандахаар хуулийн цоорхойг ашиглаад “Иргэний хэргээр яв” гэх мэтээр эргэж буцаадаг аргатай аж. Иймд таван жил тасралтгүй хүлээж буй хохирогч нар нь Өмнөговь аймагт очиж жагсахаар болжээ.
Х.Мандахбаяр нь 2024 оны орон нутгийн сонгуулиар МАН-аас дэвшиж, Даланзадгад сумын 8 дугаар багаас сонгогдож, аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч болсон юм. Тэрээр сонгуульд нэр дэвшиж явахдаа “Би аймгийн Засаг дарга болно, тэгээд хохирогчдынхоо хохирлыг барагдуулна” хэмээн аман сурталчилгаа хийж яваад аймгийнхаа шударга иргэдэд баригдаж, шившиг болж байсан. Өнөөдрийн байдлаар, 100 гаруй иргэн “Гранд маршал” хотхонд пентхаустай болох мөрөөдлөөр “Зиндаа констракшн”-тай гэрээ байгуулаад захиалсан орон сууцандаа орж чадахгүй байна. Энэ мөрөөдөл сэдлийг төрүүлсэн жүжигчин Т.Бархүү, И.Одончимэг, нэвтрүүлэгч Д.Одзаяа нарт ч тэд гомдолтой явдаг. Одоо тэдэнд хандахаар “бид ч бас хохирогч” гэдэг бөгөөд үнэхээр тэд хохирогч юм бол олон зуун сая төгрөгийн хохирол амссан хохирогчидтой нэгдэж, хуурч мөнгийг нь авсан этгээдүүдийг илрүүлэхийн төлөө хамтрах ёстой. Тэгэхгүй бол хамжигч, хамтрагч гэж үзэхээс өөр аргагүй” хэмээн тэдэнд асар их гомдож байгаагаа хэллээ. Хохирогчид дор хаяж 290 саяас дээш төгрөгийг бэлэн мөнгөөр болон дансаар шилжүүлсэн, тус бүр захиалгын гэрээтэй. Өнгөрсөн хугацаанд хохирогчид хэд хэдэн удаа Х.Мандахбаяртай арай гэж барьж авч, уулзсан боловч “Сонгуульд ялчихвал хохирлыг чинь барагдуулна” гэж амлалтаа өгсөн аж. Иймд одоо сонгуульдаа ялчихсан, бүхэл бүтэн аймгийн ИТХ-ын төлөөлөгч болсон учир бидний хохирлыг барагдуул хэмээн хохирогчид нь нэгдэж эхэлжээ. Ер нь Х.Мандахбаярын хийсэн залиалан, луйврын шинж чанартай гэмт хэргүүд нэгээр тогтохгүй. Гэтэл тэрээр өнөөдрийг хүртэл хуулийн өмнө ямар ч хариуцлага хүлээхгүй, ийнхүү Иргэдийн хурлын төлөөлөгч хүртэл болчихсон явааг харахад түүнийг МАН нь хамгаалаад байна уу гэж хардахад хүргэж байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ