img

А.ГИТЛЕР АРГЕНТИН РУУ ДҮРВЭЖ, ОЛОН ЖИЛ НАМ ГҮМ АМЬДАРЧЭЭ

img
Германы дарангуйлагч Адольф Гитлер нацистын бусад гэмт хэрэгтнүүдтэй хамт Латин Америкт зугтаж очсон гэх таамаглал аль эртнээс бий болсон. Гэхдээ энэ нь уран зөгнөлт ч юм уу хий хоосон зохиолын шинжтэй байсан юм. Харин 1998 оны зургаадугаар сард АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Гитлертэй хамаатай болон түүний хувь заяаны талаарх нууц баримт бичгүүдийг дэлгэсэн билээ. Тэдгээр нь “Маш нууц” зэрэглэлд багтан 50 жилийн хугацаанд архивт хэвтсэн 745 хуудас бүхий баримт бичгүүд аж. Мэдээж, энэ бүх бичиг баримт онц сонирхолтой биш гэдэг нь тодорхой. Тэр дотор Холбооны мөрдөх товчооны захирал Жон Эдгар Гуверын нэр дээр хаягласан хэд хэдэн илтгэх хуудас байдаг билээ. 1945 оны наймдугаар сарын 14-нд гэсэн нэг илтгэх хуудаст Гитлер болон түүнийг дагалдаж яваа хүмүүс шумбагч хоёр онгоцноос буун Патагонийн зэлүүд эрэг дээр хөл тавьж, баруун зүгийг зориод Андын нурууг чиглэсэн хүнд аялал хийснийг дэлгэрэнгүй бичжээ. Тэр өдрөөс хойш долоон өдрийн дараа өөр нэг тагнуулч Гитлерыг хамт яваа хүмүүсийн хамтаар уулын бэлд байх нэгэн эдлэн газарт очиж суурьшсаныг илтгэв. Буэнос-Айрес дахь АНУ-ын Стратегийн албаны газрын ажилтан генерал Ладдын бичсэн илтгэлд Гитлер ялагдвал гагцхүү Аргентин улсад орогнолоо хайх болно гэдгийг өгүүлсэн байна. Гитлер агаараар юм уу шумбагч онгоцоор тэнд очих хоёрхон хувилбар байгааг генерал онцолжээ.
Адольф Гитлерын оргон зайлах сэдэв урт удаан хугацааны туршид Америкийн тусгай албадын толгойг гашилгаж байсан юм. Ямар ч байсан дайн ялалтаар өндөрлөөд 10 жил өнгөрсөн ч энэ сэдэв хуучраагүй билээ. АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Аллен Даллес Холбооны мөрдөх товчоонд илгээсэн нэгэн шаардах захидалдаа 1950 онд Буэнос-Айрес хотод Гитлертэй тааралдсан гэх гэрчийн талаар мэдээлэл олж өгөхийг шаардсан байдаг. Энэ хуудас 1955 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр бичигджээ. 1998 онд ил болсон баримт бичгүүд хэд хэдэн нарийн судалгаа явуулах шаардлагатайг тодотгож өгсөн билээ. Судлаачид уг баримт бичгүүдийг нарийвчлан судласан юм. Тэд Гитлерыг Аргентины нутаг дэвсгэр дээр байхыг нь харсан гэх гэрчүүдийн ул мөрийг олсон байна. Түүний очиж байсан газрууд болон явж байсан замуудыг нь тогтоожээ. Энэ сэдвийг гүнзгийрүүлэн судласан хүн бол Аргентины сэтгүүлч Абель Басти аж. Тэрбээр энэ талаар хоёр ч ном бичжээ. Нэгийг нь Барилоче дахь нацистуудын тухай, нөгөөг нь Аргентинд очсон Гитлерын тухай туурвисан байна. Сүүлийн номондоо Басти Холбооны мөрдөх товчооны архивт хадгалагдаж байсан баримт бичгүүд болон өөрийн олж тогтоосон үйл явдлууд, ярилцлагуудад тулгуурлан 1945 оны дөрөвдүгээр сарын сүүлээр Гитлерын Берлин хотоос зугтаасан үйл явцыг нөхөн сэргээсэн аж. Ингээд 1964 онд түүнийг Аргентинд нас барах хүртэлх амьдралынх нь нарийн ширийнийг дүрслэв. Гитлер болон түүний ойрын хүрээний хүмүүсийг тулалдаан болж байсан Германы нийслэл хотоос гаргах “Сераль” ажиллагааны талаар тэр ингэж өгүүлжээ. 1945 оны дөрөвдүгээр сарын 30-ны 16 цаг 30 минутад буюу Гитлер амиа хорлосон гэх хугацаанаас нэг цагийн дараа түүнийг “Юнкерс-52” хувийн нисэх онгоцных нь дэргэд харсан аж. Энэ өдрөөс таван хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 25-нд рейхийн барилгын дор байрлах фюрерын нуувчин дотор Гитлерыг нүүлгэн шилжүүлэх тухай нууц зөвлөгөөн хийгджээ. Тэр хуралдаанд Германы нэрт нисгэгч эмэгтэй Ханна Райч, Ханс Ульрих Рудель болон их удирдагчийн хувийн нисгэгч Ханс Баур нар оролцсон байна. Хоёр хоногийн дараа Берлин хотод “Шторх” загварын таван нисэх онгоц нисч очсон бол дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “Юнкерс-52” нисэх онгоц газарджээ. Үүнийг холбоотнуудын тагнуулын албад албан ёсоор баталсан билээ. Нэг хоногийн дараа Берлин хотын тэнгэрт фашистын Германы Агаарын цэргийн хүчин Люфтваффегийн бүх үлдэгдэл болох 100 гаруй Ме-262 загварын сөнөөгч онгоцнуудыг хөөргөсөн байна. Тэд нисгэгч Ханна Райчийн залж явсан нисэх онгоцыг халхалсан бөгөөд тэрхүү нисэх онгоц Зөвлөлтийн цэргийн зенитийн төхөөрөмжүүдийг амжилттай нэвтрэн Берлин хотоос гарсан юм. Тэгэхэд Райч бүсгүй туршилтын нислэг үйлдсэн билээ. Маргааш өдөр нь яг энэ арга замаар Берлин хотыг Адольф Гитлер болон түүний хүрээлэл орхин гарчээ. Тэднийг эхлээд Испанид хүргэсэн аж. Тэндээсээ зуны сүүлээр Гитлер шумбагч онгоц хөлөглөн Ева Браун, Мюллер, Борман нарын хамтаар Аргентиныг зорьжээ. Цааш нь Басти номондоо Аргентины Рио-Негро мужид байрлах Калета-де-лос-Лорос нэртэй жижигхэн боомт руу хас тэмдэг бүхий гурван шумбагч онгоц ирсэн тухай өгүүлэв. Зохиогчийн хэлснээр бол эдгээр шумбагч онгоцнуудыг нуун далдлах үүднээс живүүлсэн аж. Үнэхээр л шумбагч багийн ажилтнууд хожим нь Бастигийн заасан газарт судалгаа хийгээд элс болон шавран бүрхүүл бүхий үлэмж хэмжээтэй гурван төмөр эд зүйлийг живүүлснийг илрүүлсэн байна. Аргентин улс 1945 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Германд албан ёсоор дайн зарласан ч гэлээ тус улсын жижиг боомтуудад Германы шумбагч онгоцнууд орж ирдэг байсан нь тийм ч гайхмаар зүйл биш юм. Тэдгээрийг ердөө л анзаараагүй дүр эсгэдэг байжээ. Аргентины батлан хамгалаах байгууллагын баримт бичгүүдэд дурдсанаар Германы шумбагч онгоцнууд дайн дууссаны дараагаар ч Аргентины эрэг орчимд үзэгддэг байсан гэнэ. Жишээлбэл, U-977 дугаартай шумбагч онгоц 1945 оны наймдугаар сарын 17-ны өдөр Аргентины эрэг орчимд гарч иржээ. Уг шумбагч онгоцны дарга Хайнц Шеффер Гуравдугаар рейхийн алт болон бусад үнэт зүйлийг тээвэрлэж явсан хэмээгддэг юм. Бастигийн таамаглалаар бол Гитлер, Ева Браун нар тэдэнд тусгайлан тохижуулж бэлдсэн Сан-Рамон эдлэн газарт нэлээд удаан хугацааны туршид амьдарчээ. Родольфо Фрейде өөрийн биеэр энэ эдлэн газрыг анхаарч, үйл ажиллагааг нь удирдаж байсан нь ийм учиртай юм. Гитлер мөн Ла Фальда сууринд очиж Эйкхгорны гэр бүлийн эдлэнд зочилж байсан гэдэг. Германы колоничлогч энэ гэр бүл Гитлерын талыг баримтлагсад байснаас гадна рейхийн удирдлагатай байнгын харилцаа холбоотой байж иржээ. Тийм учраас АНУ-ын Холбооны мөрдөх товчоо тэдний цэцэрлэгчээр өөрийн туршуулыг ажиллуулсан юм. Тэр туршуул нь төв рүүгээ тогтмол илтгэл бичиж илгээдэг байсан бөгөөд өндөр хэмжээний зочин хүлээж авахад бэлтгэж байгаа талаар түүндээ мэдээлжээ. Басти номондоо мөн 1956 онд генерал Зейдлицийн бичсэн захидлыг дурдсан байна. Түүндээ тэрбээр Аргентинд амьдардаг Хорватын усташи нарын тэргүүн Анте Павеличийн Гитлертэй хийх уулзалт дээр байлцах бодолтой байгаагаа өгүүлсэн юм. Судлаач эр АНУ болон Их Британийн тусгай албад Гитлер болон нацистын бусад өндөр албан тушаалтнууд Аргентин болон Латин Америкийн бусад улс, орнуудад байсан талаар мэдэж байсныг бичжээ. Тэд үүнийг мэдэж байсан ч чимээгүй байхыг илүүд үзсэн гэж Басти нэгэн ярилцлагадаа мэдэгдсэн аж. Бастигийн өгүүлснээр бол Латин Америкт 100 мянга гаруй нацистууд очиж орогносон бөгөөд тэдний үсрээд л тал нь баригдаж шүүхээр шийтгүүлсэн гэнэ. Нацистын Германы дайны сүүлээр гадагш гаргасан олзны түүх, соёлын үнэт зүйлсийн нийт үнэлгээ 100 тэрбум доллараар үнэлэгддэг билээ. Орчин үеийн мөнгөөр шүү дээ. Гэвч гадагш гаргасан үнэт зүйлсийн бодит үнэ ханш үүнээс ч илүү юм. Германаас оргон зайлсан бүх цэргийн гэмт хэрэгтнүүдийг барьж авсан ч тэдний нуусан мөнгө, үнэт зүйлс ор мөргүй алга болно. Энэ нь ашиг тусгүйгээс гадна ихээхэн хор хохирол дагуулна. Тиймээс АНУ болон Их Британийн томоохон улс төрчид ийм бодолд автаад цэргийн гэмт хэрэгтнүүдийг толгой дараалан мөрдөж мөшгөөгүй бололтой. Тэд мөн Латин Америк дахь Германы цагаачдыг ЗХУ-ын эсрэг хөдөлгөх том хүч хэмээн үзэж байсан юм. Үүнийг саяхан бичсэн номондоо Английн түүхч Саймон Данстен, Жерард Уильямс нар өгүүлжээ. Гитлер, Ева Браун нар бүслэгдсэн Берлин хотоос дайжаад Аргентинд очиж уулын бэлд орших нэгэн нууцлаг эдлэн газарт амар тайван амьдарч байсан тухай тэд номондоо бичсэн байна. Гитлерыг Латин Америк руу хүргэх бүх ажиллагааг Америкийн тусгай албад мэдэж, зарим талаар дэмжлэг үзүүлж байсныг Английн эрдэмтэд онцолжээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ