img

МОНГОЛЫН НИСЭХ БАГИЙН ЯПОН УЛС РУУ ХИЙСЭН АНХНЫ НИСЛЭГ

img
1990 оны 08-р сарын 23-нд ТУ-154 онгоцоор Улаанбаатараас ОХУ-ын Хабаровск хотыг дайраад Японы Нийгата хот руу Монголын нисэх багийн хамгийн анхны чартер нислэг хийгдэж байжээ. Энэ нислэгийг Нисэх багийн дарга Т.Бэхбат, хоёрдугаар нисгэгч Т. Батбаяр, инженер штурман Х.Александр, бортинженер Т.Гантулга, нисэх 2-р экипажийн дарга Р.Батнасан, хоёрдугаар нисгэгч Д.Оргодол, инженер штурман Ж.Баярсайхан борт инженер Ж.Даш гэсэн бүрэлдэхүүнтэй хоёр экипаж үйлдсэн байна. Мөн инженер Н.Цэрэнжав буусан газар болгонд онгоцонд хийх газрын техник үйлчилгээ, сумалгаа, үзлэгийг хийж нисэх багийн нэг гишүүнээр явсан билээ. Бүхээгийн үйлчлэх багийн ахлагч Д.Ганбат, С.Баатарцогт үйлчлэгч Г.Баярсайхан, Т.Тома, С.Заяа, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй нисэх баг энэ нислэгийг гүйцэтгэжээ. Энэ нислэгийн талаарх дурсамжаа инженер штурман Х.Александр ийнхүү ярьж байна.
"Япон руу хийсэн анхны чартер нислэгийг захиалсан байгууллага нь Япон Монголын найрамдлын нийгэмлэг, нийгэмлэгийн тэргүүн Тожику Янагисава сан байсан билээ. Яагаад хоёр экипаж явсан гэхээр өдөртөө буцаж ирэх даалгавартай байлаа. Хиагтаар хил нэвтэрсний дараа Улаан Үдийг өнгөрөөд ОХУ-ын дотоодын нислэгийн маршрутаар Чита хотыг дамжин Хабаровск хотыг чиглэн нисэж билээ. ОХУ-ын дотоодын нислэгийн маршрутаар нисэх зөвшөөрлийг Москва нисэж очих үедээ биечлэн хөөцөлдөж байж авсан юм.
Хабаровскийн агаар гэж авах юм алга. Онгоц авахгүй аэропорт хаасан Владивосток юмуу Чита хоёрын нэг рүү яв гээд л диспетчер командалж байна. Манай экипажийн дарга Т.Бэхбат "Манай минмумд танай агаар таарч байна. Буултын оролт нэг удаа үйлдээд болохгүй бол бэлтгэл аэропорт Владивосток явна гэж холбоогоор хэл" гэж үүрэг өгч билээ. Ашгүй Хабаровскийн диспетчер буултын оролтыг ганцхан удаа үйлдэхийг зөвшөөрч бид ч эхний оролтоор буултыг амжилттай гүйцэтгэлээ. Буугаад ирсэн талбай дээр үзэгдэх юм тун тааруухан байна. Хөтлөгч машиныг дагасаар аэровокзалынх нь гадаа очоод задгай талбайд зорчигчоо буулгах гэж нилээд юм болов. Манай зорчигчид болох япончууд “хай тайпуун тайпуун” гээд эргэж онгоцруугаа шигдээд онгоцноос гарч өгөхгүй байж билээ. Бороо орох биш усыг хувингаар цутгаж байгаа юм шиг асгарч байсан санагдана. Түлшээ нэмж аваад зорчигчоо онгоцонд суулгасаар нилээд хугацаа авлаа. Хабаровск аэропорт онгойгоогүй байна жаахан хүлээ гэсээр бас нилээд хугацаа авлаа. Цаг агаарынх нь завсар зайг харж хүлээж байгаад нэг амсхийх хооронд нь арай хийж хөөрөөд Нийгата руугаа далай дээгүүр нисэж билээ.
Монголын нисэх багийн хувьд анх удаа далай дээгүүр нисч байгаа маань энэ байсан тул их л сонин мэдрэмж төрж байсан санагдана. Ёстой нөгөө дээшээ харсан ч цэнхэр доошоо харсан ч цэнхэр гэдэг чинь ийм юм байдаг юм байна гээд л кабиндаа инээлдэж явлаа. Нислэгийн өндөрт гарсан чинь маршрутын маань яг хажуугаас маш хүчтэй олгойдох урсгал таарч замаас хөөж гаргачих гээд бас нилээд сандаргасаар Нийгатад бууж билээ. Нийгатад буухад нислэгийн удирдагч буух зурвас маш богинохон шүү гээд л дахин дахин анхааруулаад байлаа. Хөөрч буух зурвас нь далай руу чиглэсэн 1700м урттай байсан санагдана. Бид газардаад зурвасны дундах цэгийг өнгөрөөд зогслоо. Манай хамтран нисгэгч Т.Батбаяр гардан жолоодож буулгасан нь тэр. Онгоцоо зогсоосноо удирдлагаа дарга Т.Бэхбатад шилжүүлснээ баяртайгаар мурчийснаа “Богинохон богинохон гээд байсан зөндөө л урт юм байна . Тиймээ, командир аа" гээд инээн баясаж байж билээ. Нислэгийн хөдөлгөөн удирдаж байсан диспетчер холбоогоор баяр хүргээд жигтэйхэн. Зорчигчоо буулгаж түлш авсаар байтал харанхуй болчлоо. Гэтэл тухайн аэропорт зөвхөн өдрийн гэрэлтэй цагаар ажилладаг юм байжээ. Тэр үед чинь Жепсэний товхимол, нотам гэж нислэгийн маршрутын тухай, аэропортын тухай мэдээллийн товхимол манайд байсангүй. Бид чинь энэ мэдээлэлээ Москва, Иркутск явахдаа дежурын штурманы товхимлоос гараар хуулбарлаж авдаг, зарим үед тэднээс хувиараа түр хугацаанд түрээслэх маягаар авч ашигладаг байсан юм. Аэропорт хаалаа. Бид очих газар байхгүй онгоцондоо хоноё гэлээ. Онгоцонд хонохыг зөвшөөрөхгүй гэнэ. Яагаад гэхээр бидэнд хоол байрны мөнгө гэж нэг цент ч байхгүй байлаа. Гэхдээ нэрэлхүү юм болохоороо мөнгөгүй гэж хэлсэнгүй. Японуудын нүд орой дээрээ гарч байна. Хоорондоо шуугилдаад холбоогоор яриад байх. Удалгүй та нарыг аэровокзалаас гараад ир гэж байна. Танай элчингийн хүн иржээ гэж билээ. Магнай тэнийгээд л явчихлаа. Ашгүй Японд суугаа элчин сайдын яамны ажилтан С.Ганболд гэдэг хүн биднийг тослоо. Хов хоосон яваа гэдгээ ч хэллээ. Нөгөө хүн гайхаж байснаа нэг хүнтэй утсаар ярьснаа зохицуулав бололтой. Дөрвөн такси хөлөглөөд л хотын төв рүү гарч өглөө. Нэг сайхан шил толь болсон буудалд очлоо. Гэтэл бидэнтэй ирсэн группын ахлагч нөгөө чартер нислэгийг маань захиалсан Тожику Янагисава эхнэрийн хамт тосож аваад бөхөлзөөд жигтэйхэн байна. Тэгээд эхнэр нь нэг жижигхэн карт гаргаж ирээд буудлын хүнд өгтөл нэг шар хийтэл татаад л бидний буудлын төлбөр хийчихдэг байгаа. Өглөөний цайтай шүү. Өглөө цайгаа тухтай уугаад "Сайн яваарай, бид хурдан галт тэргээр шөнөдөө Токио явлаа" гэж хэлээд, бөхөлзөж бөхөлзөж яваад өгч билээ. Бид ч яахав Нийгата хотын шөнийн гудамжаар алхаж, "Нөгөө шавааралдсан өндөр байшин нь хаана байна, нөгөө цэвэр агаар зарж байгаа нь хаана байна" гэж хөхрөлдөн алхсаар чамгүй зугаалж аваад амарсан санагдана.
Харин биднийг амарсны дараа ганц нэг нөхөд шөнө дахин гарч зугаалсан хэрэг мандаж, өглөө Батнасан даргаас зэмлэл хүртэж байлаа. Хүний нутагт нэг ч төгрөггүй явсан ч бид нислэгээ амжилттай хийгээд Япон руу ниссэн анхны экипаж хэмээн цээж түхгэр алхаж явлаа. Түүнээс хойш манай нисэхийн тэр үеийн дарга нар гадаадад нисэж байгаа экипажид хоолны, байрны мөнгө олгох нь зүйтэй юм байна гэж ухаарсан байх. Энэ явдлаас хойш гадаад нислэгийн томилолтын мөнгө гэж өгдөг болсон юм даг. Бид залуу ч байж томилолтын мөнгөнд биш нисэх хүсэлдээ автан, шөнө өдөргүй, мөнгөтэй мөнгөгүй олон ч нислэгт явж эрүүл мэнд оюун ухаанаа зориулж явж дээ. Анхны юм бүхэн сургамжтай бас дурсамжтай нь энэ байлаа" гэв.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ