Бид хамгийн ухаан муутай мулгуу нэгнээ мал адгуус шиг тэнэг гэж загнадаг билээ. Харин үхэх өдрөө урьдчилан мэддэг хүнийг агуу их зөнч, ер бусын увидас чадалтай хүн гэж бишрэн хүндэлдэг уламжлалтай. Доор дурьдсан баримтаас үзвэл бидний эргүү мунхаг хэмээн адалдаг мал адгуус маань эрдэм ухааны шатанд хүрсэн зөнч мэргэн гэгээнтнүүд бололтой. Учир нь ямар ч шавьж буюу мал адгуус үхэх хугацаагаа урьдчилан мэдэрдэг байна. Үхэх хугацаагаа мэдэрсэн амьтад ямаршуу ааш авир гаргадгийг эдүгээ шинжлэх ухаан судалж байгаа бөгөөд зан араншин нь эрс хувирч гэнэт өөрчлөгддөг нь ч тодорхой болоод байгаа аж. Жишээ нь, Уссурийн хязгаарт иймэрхүү судалгаанд хамрагдсан цаа буга баавгайд бариулахаас хоёр хоногийн өмнөөс өвсөнд огт ам хүрэхээ больсон байна. Тэрээр цаг үргэлж айж цочин ямар нэг зүйлээс үргэлж тэвдэх болсон бөгөөд тийнхүү хэвийн бус болсон нь тусгай төхөөрөмж байтугай жирийн гярхай хүний нүдэнд ч ажиглагдахаар байжээ. Огт юм идэхээ больсон цаа буга хоёр өдрийн дараа ууланд зэрлэг баавгайн дайралтанд өртөн зугтаж чадалгүй хунгарт зоогдон бариулж үхжээ. Энэ нь үхлээ мэдэрсэн адгуусны хамгийн тод шинж тэмдэг байсан бөгөөд бусад бүх адгуус болон араатан амьтдад үхлийн өмнө ямар нэг зөн совин төрдөг болохыг эрдэмтэд тогтоожээ. Гэхдээ дийлэнх шинж тэмдэг нь энгийн нүдэнд анзаарагдахааргүй, үл ялиг өөрчлөлтөөр илэрдгийг хүн тэр болгон мэдэрдэггүй аж. Английн морин тойруулгын нэгэн бизнесмэний хайртай хурдан хүлэг үхэхээсээ гурван цагийн өмнө гэнэт догширч аргадахаар ойртож ирсэн эзнийхээ мөрөн дээрээс өм хазсан байна. Бизнесмэн эр мориных нь ааш зан яагаад ийнхүү огцом догширч хувирсны учрыг олсонгүй. Харин гурван цагийн дараа уг морийг хээр гаргахаар авч явах үед хуучин гүүр гэнэт гол руу нуран унаж, морь нь сургагчийнхаа хамт үерлэсэн Тэнзи мөрөнд шидэгдэн үхсэн аж. Энэ явдлын дараа морины ааш зан гэнэт хувирсан нь үхлээ урьдчилан мэдсэнээс болсон байж болзошгүй хэмээн таамаглаж эхэлсэн гэдэг. Үүнтэй төстэй тохиолдлууд амьдрал дээр маш олон удаа гарч байжээ. Мөн Карпатын ууланд хонь хариулж амьдардаг нэгэн малчин зуны өглөө хонио бэлчээх гэж хашаагаа онгойлготол бүгд эргэж хурган буцаж зугтаад байжээ. Гайхсан малчин хүн дуудаж, бараг л буу шийдэм дуугарах нь холгүй юм болж байж хонио бэлчээр рүү нь хөөж гаргажээ. Гэтэл үд дундын үед дуу цахилгаантай аадар асгарч хонин сүрэг нь хадны ангал руу бороонд нуугдан орох үеэр чононууд дайран бүгдийг нь хиаруулж орхисон байна. Энэ үед эзэн нь “Даанч өглөө бүгдээрээ хашаанаас гарч өгөхгүй эргэж хуйлраалд байсан юм, хонинууд маань гай тохиолдох гээд байгааг надаас илүү мэдэж байсан байна шүү. Тэгэхэд би гэдэг тэнэг толгой малаасаа ч долоон дор мулгуу амьтан юм даа” хэмээн тархиа шаан уйлж суусан гэдэг. Энэ мэт олон жишээг дурьдаж болох бөгөөд эндээс бидний маанаг дүнхүү хэмээн дорд үздэг мал адгуус хэрхэн ямар ид шидээр хүлээ урьдчилан мэддэг байж болох вэ гэсэн асуулт гарч ирнэ. Адгуус мал болон амьтад газар хөдлөлт, их түймэр, үер усны аюул, тэр ч байтугай аймшигтай их цус асгаруулсан аллага хядлагыг хүртэл урьдчилан мэдрэх увидастай байдаг нь амьдрал дээр батлагдсаар байна. Жишээ нь хүчтэй газар хөдлөлт болохын өмнө үхэр мал мөөрөлдөн уулнаас зугтааж нохой сүүлээ хавчин улмаар алга болдог тухай олон баримт бүхий ярианууд бий. Хоёр жилийн өмнө Зүүн Азид болсон цуннамийн аюулас өмнөхөн байр орон сууцны бүх жоом бясаа хаа нэг тийшээ хуу нүүдэллэн алга болоход оршин суугчид нь юу ч ойлголгүй харин ч баярлаж суусан гэдэг. Үүнээс ч илүү гайхалтай явдал 1941 оны 6 дугаар сарын 22-нд Герман улс ЗХУ-д халдан довтлохоос нэг цагийн өмнө Украины Гродко хотын ойролцоо байдаг 10 мянга орчим тахиатай шувуу фабрикт болсон билээ. Тухайн үед фабрикийн бүх шувуу гэнэт учир зүггүй орилолдон чарлалдаж ойр хавийнхаа хүмүүсийг сэрээсэн байна. Тэдний орилолодох дууг сонссон хотын муурнууд болон сарьсан багваахайнууд хүртэл дээр дооргүй бужигналдан хашгиралдаж сүйд майд болсон аж. Амьтад гучаад минут хэртэй галзуурсан юм шиг орилолдож байсаар чимээгүй болсны дараа хүмүүс сая л тайвширч унтахаар хэвтэцгээжээ. Гэтэл ердөө хорин минут өнгөрөөгүй байтал Германы нисэх онгоцууд Гродко хотыг балгас болтол бөмбөгдөн дэлхийн II дайн эхэлжээ. Амьтдад байда энэ чадварыг бид олон баримтаар мэдсээр байгаа ч тэднийг өөрсдөөсөө ухаан муутай , мулгуу тэнэг гэж өнөөг хүртэл үзсээр ирсэн нь ойлгомжгүй. Цагийн дараа нураах гэж буй байшинд хүнийг хулганатай хамт оруулахад хулгана байдгаараа сандарч тэвдэн орох гарах газраа олж ядаж байсан гэдэг. Тэр хулганад нураах гэж буй байшингийн тухай мэдээллийг хэн хаанаас ямар замаар өгч байгаа нь гайхалтай биш гэж үү.
