Энэ сарын 15-наас хойш шатахуун олголт хэвийн болно гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням амлаж байсан ч өнөөдрийг хүртэл ард иргэд шатахуундаа дугаарлаж, бүр хонон өнжиж байж 50 мянган төгрөгийн хязгаартай шатахуун авсаар байна. Харин иргэдийн ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу тус яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, шатахууны нөөцийг бүрдүүлснээ зарласан. Сайд Г.Дамдиннямын хэлснээр, шатахуун импортлогчдыг бүх талаар дэмжиж гадаад улсаас геополитикийн хүндрэлээс шалтгаалан ердийн бизнесийн зарчмаар яагаад ч олдохгүй байгаа бензин, дизель түлшийг төрийн шугамаар хөөцөлдөж экспортын квот авч өгөхөөс аваад татвар хөнөглөх, гааль, тээвэр, хөнгөлөлттэй зээл гээд дэмжиж болох бүх талаар дэмжиж байгаа аж. Гэтэл зарим ААН-үүд шатахуунтай байж нийтэд зарж борлуулахгүй, 24 цагаар ажиллахгүй, ганцхан хошуугаар олгож уртаас урт дугаарлалт үүсгэж ард иргэдийг бухимдуулсаар байна. Иймд тэрээр хямралын үед онцгой горимоор ажиллаж төрийн өмнө гэрээгээр хүлээсэн ард иргэдэд үйлчлэх үүргээ биелүүлэхгүй бол торгож, тусгай зөвшөөрлүүдийг нь цуцлах болно гэдгээ мэдэгдлээ.
