Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилга, дэмжлэгээр эрдэмтэн, судлаачдын баг “Монгол хэмээх нэрийн судалгаа” ном бүтээлээ. Эрдэмтэн, судлаачдын баг түүхэн эх сурвалж, баримтуудад үндэслэн Монгол Улсыг уугуул нэрд нийцүүлэн, “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. “Монгол хэмээх нэрийн судалгаа” номд 1700 оноос хойш олон улсад хэвлэгдсэн есөн газрын зургийг зохиогчийн эрхийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр худалдан авч, өмнө нь олны хүртээл болоогүй архивын баримт, өрнө, дорнын хэлээрх эх сурвалжуудыг ашиглан судалгаа хийжээ. “Монгол” гэдэг үг угсаатан, үндэстний нэр болж нангиадын түүхнээ ханз үсгээр тэмдэглэгдсэн нь нийтийн тооллын VI-VII зуунд хамаардаг. Энэ нь үүнээс өмнө монголчууд байгаагүй гэсэн үг биш бөгөөд бид төрт улсаа Хүннү, Сяньби, Жужан, Хятан гэх мэтээр нэрлэж байгаад XII зууны үеэс Монгол буюу Их Монгол Улс хэмээсэн түүхтэй. Өнгөрсөн 800 гаруй жилийн хугацаанд монголчууд энэ нэр, дуудлагаа өөрчилж хувиргалгүй өнөөг хүрсэн. Харин дэлхийн улс орнууд хэл, бичиг үсгийн онцлог, харь улсыг нэрлэдэг уламжлал, анх ямар хэлээр дамжиж тухайн хэлд нэвтэрсэн зэргээс шалтгаалан Монгол хэмээх нэрийг өөр өөрөөр дуудаж, бичиж иржээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монгол үндэстний оршихуйн дархлааг бэхжүүлэх зорилгоор эх хэл, түүх, соёл, зан заншил, өв уламжлал зэргийг хойч үедээ уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах бодлого баримталж байгаа билээ. Энэ хүрээнд тэрээр эрдэмтэн судлаачдын багт улсынхаа нэрийг судлах үүрэг өгсний дагуу эрдэмтэд ийнхүү “Mongol” хэмээн нэрлэх дээр нэгджээ.
