img

ҮЗЭГЧДИЙГ ХУУРСАН ОРОСЫН "ЗӨН БИЛГИЙН ТУЛААН" НЭВТРҮҮЛЭГ

img
2017 онд ОХУ-ын үзэгчдийн дунд “Зөн билгийн тулаан” бол шоу, шүүгч, мэргэ төлөгчид үзэгчдийг хууран мэхэлж байна” гэсэн шүүмжлэл өрнөж, улмаар оролцогчид нь “хөшигний ард” яг юу болдог талаар ээлж дараалан дэлгэж байв. Энэ үйл явдлыг баталж, хамгийн анх 2017 онд “Зөн билгийн тулаан” шоуны анхны хөтлөгч, жүжигчин Михаил Пореченко ярилцлага өгөхдөө “Би “Зөн билгийн тулаан” төсөл дээр маш удаан ажилласан. Бүх зүйл худал. Энд зөвхөн бусдын халаасыг хоослох гэсэн бүхэл бүтэн луйварчид ажилладаг” хэмээн хэлсэн нь уг шоуг хуулийн байгууллагынхан шалгахад том түлхэц болж өгчээ. Үнэхээр хуулийн ажилтнууд “Зөн билгийн тулаан” шоу нэвтрүүлгийн талаар хөтлөгч болон оролцогчдын гомдлын дагуу шалгахад бусдыг хууран мэхэлсэн, залилсан гэмт үйлдлүүд илэрсэн тул нарийвчлан шалгаж эхэлжээ. Ингэхэд нэвтрүүлгийн багийнхан болон оролцогчид хуйвалдан “тавилттай жүжиг” тоглодог байсныг илчилжээ.
“Зөн билгийн тулаан” нэвтрүүлэг 10 жилийн турш 17 цуврал хийгдэж, тус бүр нэг ялагч тодруулсан. Шоу нэвтрүүлэгт оролцогч бүр багагүй мөнгө халаасалжээ. Тэдний нэг цагийн ажил дунджаар 15-40 мянган рублиэр үнэлэгддэг байсан аж. Тус шоу нэвтрүүлгийн анхны хөтлөгч асан Михаил Пореченко ярилцлага өгөхдөө “Эхэндээ ажиллахад их сонирхолтой байсан. Бид үнэхээр итгэлтэй байсан. Гэвч энэ нэвтрүүлэг хэн нэгний мөнгө олох хэрэгсэл болохыг мэдмэгцээ орхин явсан. Нэг ч оролцогч шоу гэдэгт итгэхийг хүсээгүй” хэмээн ярьжээ. Үүнийг батлахын тулд нийгмийн асуудлыг хөндсөн хурц сэдвээр баримтат кино хийдэг, туршлагатай сэтгүүлч Борис Соболев “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн ард чухам юу нуугдаж байсныг, үнэхээр зөн билэгтэн хүн байдаг эсэхийг эрэн сурвалжлан, нэвтрүүлгийн оролцогчид болоод хөтлөгч, редакторуудаас ярилцлага авч, оролцогчдод даалгавар өгөн шалгасан байна.Оролцогчдод яг л “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт өгдөг байсантай ижил даалгавар өгөхөд хэн нь ч гүйцэтгэж чадаагүй ажээ. Мөн тэдэнд нэвтрүүлгийн багийнхан аливаа даалгаврын мэдээллийг задруулж сэмээрхэн хэлж өгдөг, мэдээллээ мөнгөөр зардаг байсныг илрүүлсэн байна. Нэвтрүүлгийн ялагч анхнаасаа тодорхой болчихсон байдаг бөгөөд бүх юм төлөвлөсөн зохиолын дагуу тавилттай жүжиг мэт явагддаг байсныг уг баримтат киноноос үзэж болох аж. Монголчуудын сайн мэдэх зөн билэгтэн Мехди Эбрагими-Вафа “Нэг мэдээлэл 35 мянган долларын үнэтэй байдаг, харин ялагч болохын тулд 350 мянган доллар…” хэмээн ярьснаас харахад л энэ шоу зөвхөн мөнгө хөөсөн, хүмүүсийн итгэл үнэмшил дээр тоглосон жүжиг болох нь батлагдаж байгаа юм.
“Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн хөтлөгч Марат Башаров “Надаас хүмүүс “Зөн билгийн тулаанд болж байгаа үйл явдал үнэн үү?” гэж асуухад би “Үнэн” гэж бат итгэлтэй хариулдаг. Тэгж хариулж байж биднийг үзэх үзэгчидтэй болно шүү дээ” гэсэн юм. Энэхүү нэвтрүүлэгт амжилттай оролцсон Анатолий Леденёв эхний шатанд багаажинд нь хүн байгаа машиныг олох даалгаврыг маш сайн гүйцэтгэж байсан билээ. Түүнийг дахин шалгая гэхэд тэрээр ганцаараа татгалзаагүй байна. Учир нь “Зөн билгийн тулаан”-ы бусад оролцогчдоос энэ даалгаврыг гүйцэтгэхийг хүсэхэд ямар нэг байдлаар тусалж хэлж өгөхгүй л бол бид тэр олон машин дотроос яаж олох юм бэ хэмээн цааргалж байжээ. Гэвч Анатолий Леденёвийг нэлээд ятгасны эцэст тэрээр сорилд орохыг зөвшөөрчээ. Харамсалтай нь тэрээр камерын өмнө далдыг хардаг мэт машины багажинд хүн байгааг хэдхэн секундэд олсон шигээ олж чадсангүй. Товчхондоо туршилтанд оролцсон А.Леденёв даалгаврыг гүйцэтгэж чадсангүй. Гэвч тэрээр “Зөн билгийн тулаан” шоунд оролцсоныхоо ачаар өнөөдөр Москвад тансаг байртай болж, мөн өөрийн гэсэн мэргэ төлгийн төвтэй болжээ. А.Леденёвын үүсгэн байгуулсан ид шидийн төв гэгчид үзүүлэхээр олон мянган хүн ирдэг бөгөөд хэдэн сарын дугаар нь дууссан байдаг тул очер дараалалд орохоос өөр аргагүй болдог гэнэ. Мэдээж, тэрээр нэг хүнийг үзэхдээ багагүй мөнгө халаасалдаг. Түүнийг зорин ирдэг хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд аж. Үзүүлэхээр ирсэн хүмүүс түүнийг нэвтрүүлгээр харсан учраас итгэдэг гэж тайлбарлажээ. “Зөн билгийн тулаан” шоу нэвтрүүлэг хуурамч шоу байсныг олон нийтэд дэлгэхтэй зэрэгцэн түүнд мөнгөө алдсан нэгэн хохирогч цагдаагийн байгууллагад өргөдөл гаргажээ. 40 гаран насны, хүүхэдгүй ганц бие эмэгтэй л гэхэд 20 гаруй удаа үзүүлсэн байна. Эмэгтэйд хэдхэн минутын засал хийснийхээ төлөө хангалттай их мөнгө өгдөг байна. Эмэгтэй олон сарын туршид энэ үйлчилгээг авсан бөгөөд нийт 350 гаруй мянган рубль /13 сая төгрөг/ зарлагаджээ. Өөрөөр хэлбэл жилийн цалингаа өгөөд, сүүлдээ өрөнд орсон байна. Гэвч түүний хүссэн шиг үр дүн ирээгүй аж. Тэрээр зөн билэгч А.Леденёвт анх хандахдаа “Сайн хань ижилтэй болгож өгөөч, бас үр хүүхэдтэй болох хүсэлтэй байна” гэхэд “Би бүгдийг чадна” хэмээгээд удаа дараа засал хийсэн нь энэ аж. Бүтэн хоёр жил болоход түүнд нөхөр ч хүүхэд ч заяасангүй. Харин ч ихээхэн хэмжээний мөнгөөрөө хохироод үлджээ. Энэ мэтчилэн олон мянган хүн зөн билэгтэн, үзмэрчдэд залилуулсан тохиолдол ар араасаа цагдаагийн байгууллагад бүртгэгдэх болсон байна. Нэвтрүүлгийн нэг улирлын ялагч Наталья Бантеева бусдыг архи, мансууруулах бодисноос гаргаж өгнө гэх залилангийн хэргээр 5 удаа шүүхийн хаалга татсан гэмт хэрэгтэн аж. Гэвч тэрээр шоронгоос гарч ирснийхээ дараа “Зөн билгийн тулаан” шоунд ороод олны танил болж, үзэж мэргэлж байгаа нэрээр бусдыг залилан мэхлэх болжээ. Одоо тэрээр бүр “Проснись” буюу “Сэр” хэмээх шоу хийх болжээ. Энэ шоугаа аялан тоглолтоор байнга хийдэг бөгөөд үүнийг үзэхээр олон мянган хүн ирдэг байна.Харин баримтат киноны багийнхан түүнийг туршихаар нууц камераар бичлэг хийж, цуврал алуурчин, залилангийн гэмт хэрэгтэн, Исландын ерөнхийлөгч болон Че Геварагийн залуу байх үеийн зургуудыг үзүүлээд хэн болохыг асуухад бүгдийг нь буруу хэлсэн байна. Цуврал алуурчинг маш сайн хүн гэсэн бол Исландын ерөнхийлөгчийг хөлбөмбөгчин эсвэл механикч хүн гэжээ. Харин Че Геварагийн зургийг хараад Оросын Мурманскт нас барсан хүн гэв. Ингээд энэ үйлчилгээг үзүүлснийхээ төлөө Наталья Бантеевад 35 мянган рубль нэхжээ. Харин түүний талаар нэвтрүүлгийн хөтлөгч, илбэчин ах дүү Сафронов “Наталья Бантеева гэмт хэрэгтэн, хар тамхичин ч бай, ямар ч хүн байсан тэр биднийг үргэлж гайхшруулдаг байсан” гэсэн юм. Бас нэг ялагч Зираддин Рзаев өөрийгөө цорын ганц зөн билэгтэн гэх бөгөөд зөвлөгөөгөө 1000 еврогоос, багц эмчилгээгээ 5000 еврогоос, харин бизнесийн байгууллагад 10 мянган еврогоор зөвлөгөө өгдөг байна. Саяхан л Азербайжаны нэгэн мужийн сургуулийн бага ангийн багш байсан тэрээр одоо Москвад хэд хэдэн байртай, мөн баячуулын хороололд амины орон сууцтай, брэндийн үнэтэй хувцас өмсдөг болжээ. Зираддин Рзаеваас баримтат киноны багийнхан зөн билгийн тулаантай төстэй нэвтрүүлэг хийх гэж байна гэх нэрийдлээр үнэнийг нь яриулжээ. Тэрбээр “Би хэзээ ч жинхэнэ зөн билэгтэн харж байгаагүй. Надад харин тийм чадвар бий. Бусад нь зөн билгийн тулаанд оролцохоосоо өмнө зөн билэгтэн байгаагүй. Тэд маш сайн сэтгэлзүйчид, бусад нь өвчтэй хүмүүс. Харин нэвтрүүлэгт орсны дараа зөн билэгтэн болчихсон. Тэд луйварчид, би үүнийг хаана ч ярина” гэв. Түүнээс “Та яг өөрийн хүчээр нэвтрүүлгийн эцсийн шат хүртэл явсан уу?” гэхэд “Үгүй ээ, би үүнийг нуухгүй. Нэвтрүүлгийн багийнхан бидэнд мэдээлэл өгдөг. Гэхдээ мэдээж мэдээллээ мөнгөөр худалддаг. “Зөв билгийн тулаан” үргэлж ингэсээр ирсэн. Харин түүнийхээ хариуд мөнгө авдаг. Нэг мэдээлэл 25 мянга /995 мянган төгрөг/, 50 мянган рублийн /1,9 сая төгрөг/ үнэтэй” хэмээн тэрээр баталсан юм. Зөн билгийн тулаантай төстэй нэвтрүүлэг хийе хэмээн ярьсан хөтлөгч Рзаевт хандан “Бид нэвтрүүлгээ ингэж хиймээргүй байна” гэхэд “Тэгвэл танай нэвтрүүлэг сонирхолтой болохгүй. Бага ч болтугай мэдээллийг задруулж байх хэрэгтэй гэв. Яагаад гэвэл зөн билэгтэн гэж байдаггүй юм ” гэжээ.
Зөн билэгтнүүд даалгавраа эхлэхээс өмнө нууц мэдээллээ авчихдаг бөгөөд даалгаврын үеэр ямар нэг зан үйл хийснээ, болсон үйл явдлыг өөрийн үгээр ярихад хайртай хүнээ алдсан, зовж шаналсан хүмүүс тэдний үгэнд чин сэтгэлээсээ итгэдэг байна. Аливаа хэргийн талаар даалгавар өгөхөөсөө өмнө “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн багийнхан эрүүгийн хэргийн хавтаст хэргийг судалж, чухам юу болсон талаар хөрш айлууд, танилуудаас нь асууж судалдаг байна. Ингээд цуглуулсан мэдээллээ зөн билэгтнүүдэд өгдөг ажээ. “Идущие к чёрту” баримтат киноны багийнхан зөн билэгтнүүдийг шалгаж туршихын тулд нэгэн санаа олжээ.Эхнэрээ боомилж алаад, мөчлөөд биеийн хэсгүүдийг нь машины багажинд хийсэн аймшигт хэргийг мэдрэх эсэхийг нь шалгахын тулд тэд нэвтрүүлгийн шилдэг оролцогчид болох Анатолий Леденёв, Роман Фад болон Зираддин Рзаев нарыг урьсан байна.Ингээд даалгавраа эхлүүлэхээс өмнө тэдэн рүү хэргийн талаарх мэдээг мэйлээр явуулав. Мөн тухайн мэдээнд дурдагдсан машинтай ижил загварын хэрнээ гэмт хэрэгтэй огт холбоогүй машиныг даалгаварт ашиглахаар авчирлаа. Улмаар зөн билэгтнүүдэд машиныг үзүүлэхэд тэд бүгд л урьднаас мэдээллийг уншчихсан байсан тул Рзаев “Энэ надад яг л мах нядлах үйлдвэрийг санагдуулж байна. Энэ яг эмэгтэй хүний авсыг санагдуулж байна” гэв.
Роман Фад “Энэ машинаас моргийн энерги мэдрэгдэж байна. Яг л махны дэлгүүрийг санагдуулж байна” гэх бол Анатолий Леденёв машинд суугаад л “Ёстой таагүй мэдрэмж төрж байна. Ёстой муухай энерги мэдрэгдэж байна. Эндээс жаахан хол зогсъё” гэснээ нөгөө л мөчилсөн цогцосны тухай яриагаа эхлүүлжээ. Энэ мэтчилэн зөн билэгтнүүд нэвтрүүлэгт жүжиглэдэг байна. Үнэн нь илчлэгдээгүй маш олон мянган гэмт хэрэг бий. Мөн цагдаагийн байгууллагад итгэх итгэл нь алдарсан маш олон хүн бий. Тиймээс зөн билэгтнүүдийн “мундаг” ажиллаж байгаа нь тухайн нэвтрүүлгийн нэр хүндийг улам өсгөсөөр иржээ. Мехди Эбрагим бол маш амжилттай оролцсон зөн билэгчдийн нэг бөгөөд монголчууд хүртэл урьж авчирч үзүүлж байсныг та санаж байгаа байх. “Зөн билгийн тулаан”-ы ялагч анхнаасаа тодорхой байдаг тухай Мехди хэллээ. “Нэг ч зөн билэгтэн байдаггүй юм. Нэг хариулт 35 мянган долларын үнэтэй. Харин ялагч болохын тулд 350 мянган доллар…” гэв.Нэг зөвлөгөөгөө 1000 ам.доллараас эхлүүлдэг болсон Мехди одоо хүссэн бүхнээ авах чадвартай чинээлэг, төрөл бүрийн ном бичдэг болсон байна. Сэтгүүлч Борис Соболев энэ баримтат киногоо хийхэд хоёр жил зарцуулжээ.Тэрбээр “Би зөн билэгтэн огт байхгүй гэж хэлэхийг хүссэнгүй. Баримтат киногоо хийх явцдаа худалч, жүжигчин, тавилттай жүжгээс өөр юу ч олж харсангүй” хэмээн баримтат киноныхоо төгсгөлд хэлсэн юм. Ийнхүү зөн билэгчдийн хуурамч, хулхи байсан нь илэрснээр, тэдэнд олон мянган рублиэ төлж үзүүлдэг байсан хүмүүс эхнээсээ цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар зарим нэг зөн билэгтнүүдийг залилан луйврын хэргээр шалгаж эхэлсэн бөгөөд ял авах нь тун ойрхон байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ