Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ албан тушаалаасаа огцроод жил гаруйн хугацаа өнгөрлөө. АТГ-аас Л.Оюун-Эрдэнэд 2025 оны зургадугаар сард болон 11 дүгээр сард авлига, албан тушаалтай холбоотой дөрвөн хавтаст хэрэг нээсэн билээ. Гэвч тэрээр АТГ-т очиж мэдүүлэг, тайлбар өгсөн гэх боловч үнэн хэрэгтээ Монгол улсын хилээр гараад удаж байгаа аж. Тэрээр өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүний хувьд чуулганы хуралдаандаа тун цөөн удаа суусан. Хамгийн сүүлийн мэдээллээр, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ зургадугаар сар эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл чуулганы нэгдсэн хуралдаанд нэг ч удаа оролцоогүй бөгөөд хуралдаан бүрт "чөлөөтэй" эсвэл "гадаад томилолттой" гэж бүртгүүлжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар, Л.Оюун-Эрдэнэ АНУ руу явсан бөгөөд ямар ажлаар явсан, хэзээ эргэж ирэх нь тодорхой бус байна. Мөн Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар албан тушаалаасаа огцронгуутаа Японоор дамжин АНУ руу очжээ. Тэд ийнхүү үгсэн хуйвалдсан мэт Америкийг зорих болсон шалтгаан нь чухам юу байв?
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн зөвлөх асан А.Амундра Канадад бүгж байгаа бөгөөд тэрээр "Бодь Интернэшнл" ХХК-ийн захирал байхдаа оффтейк гэрээ, төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтээс хувь хүртсэн болон хууль бус гүйлгээ хийсэн гэх авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон учир АТГ-аас мөрдөн шалгалтыг эхлүүлэх үеэр амь зулбан, хил даван зугтсан билээ. Харин Л.Оюун-Эрдэнийн эцэг нэгт ах, хамаг хорыг найруулж суусан “Херо” энтертайнментийн захирал Б.Баатар Лондонд амьдарч байгаа аж. Түүний хүү Б.Хасар нь Монголоос их хэмжээний мөнгө авсан гэх “Фуллхэм” багт суралцдаг гэх мэдээлэл бий. Б.Баатарыг АТГ-аас "Тамгагүй төр"-ийн санхүүжилтийн асуудлаар мөрдөн шалгаж байсан бол ТЕГ-аас үндэсний эв нэгдлийг бусниулах зүйл ангиар, ЦЕГ-аас мөнгө угаасан, бусдын хөрөнгийг дээрэмдсэн гэх зүйл ангиудаар хэрэг нээсний дараахан тэрээр мөн гадагшаа зугтсан байдаг.
Нэг үе Монголын хамаг том төсөл, хамаг том эрх мэдэл дээр сууж байсан нөхөд авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдонгуутаа ийнхүү “шувуу” болоод нисэцгээв. Харин тэд эх орондоо эргэж ирэх эсэх нь одоогоор тодорхой бус бөгөөд хууль хяналтын байгууллагаас заасан цаг хугацаанд ирэхгүй бол оргон зайлсан хэмээн үзэж, дараагийн ажиллагаанд орж, албадан авчрах нөхцөл үүсч болзошгүй гэдгийг үгүйсгэсэнгүй.
