Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр эх орондоо иржээ. Тэрээр хоёр хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн төвийн нээлтэд оролцоод ийнхүү зуны дэлгэр цагт эх орондоо зусахаар ирж байгаа аж. Тэрээр ирэхээсээ өмнө өнөөгийн улстөрийн талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн нь улстөрийн хүрээнийхнийг багагүй бужигнуулж байгаа гэнэ. Тэрээр өнгөрсөн сарын сүүлээр Клабхауст зөвхөн улстөрийн сэдвээр дагнан иргэдтэй ярилцсан бөгөөд асуулт болгонд хариулжээ. Тэрхүү яриаг тоймлон хүргэе.
“Надаар 12 жил хооллож байгаа Л.Оюун-эрдэнэ өөрөө эхлээд
УИХ-аас явах хэрэгтэй. Гишүүн мэдэгдэл хийгээд шалгуулах, огцрох боломж үргэлж
нээлттэй байдаг. Парламентын засаглалыг хамгаалах нэрээр хэргээ угааж яваа хүн.
Баастсан нүүрээ угаах гэж ядаж байгаа гэж харж байна. Өмнө нь наадах чинь “Шүүх
болохгүй байна” гэдэг байсан. Гэмт хэрэг үйлдэж, хулгай хийж байгаагаа мэдэж
байсан хүний үг л дээ. Ерөнхий сайдын суудлаас буугаад л ардчилал ямар
хэрэгтэйг ойлгож. Монголын шинэ үеийнхэн
авлигач хулгайч гэж түүнийг таниад албан тушаалаас нь нохой мэт хөөж буулгасан.
Одоо Л.Оюун-Эрдэнэ Их хурлын гишүүний ажлаа сайн дураараа өгсөн нь дээр.
Монголын парламентын өргөөнд хутга ханцуйлж явдаг тийм этгээдэд дотор нь суух
ёс суртахууны эрх байхгүй. УИХ-ын танхимд тийм түүхтэй хүн юм улиглах тусам
иргэдийн төрдөө итгэх итгэл алдарч байгаа юм. Улс орныг бүхэлд нь муухай
харагдуулаад байна. Л.Оюун-Эрдэнэ эрх мэдэлд шунаж манай парламентыг, ардчиллыг
өөрийн гараар бусниулсан. "Ардчиллын баян бүрд"-ийг ямар болгов?
Авлига хулгайд нэвт идэгдсэн, албан тушаалтан нь дураараа дарангуйлдаг орон
гэсэн ангилалд оруулсан. 70 руу бууж байсан авлигын индекс хэд болж доройтов?
Хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийн үзүүлэлтээр Монгол улс түүний засагласан
таван жилд лав жаран байраар ухарсан. Үнэнийг хэлж бичсэн хэвлэлийнхэн, тэмцэх
гэсэн иргэдийг тагнуул, цагдаа, мөрдөн, шоронгийн хаалганаас салгахгүй тамласан
шүү.
Л.Оюун-Эрдэнэ УИХ-д байна гэдэг бол өмнө нь 16 телевизийг
мөнгөөр зодож яриулдаг байсан хүн амины давтан хэрэгтэн Амгаланбаатар төрийн
ордонд алхаж явна гэсэн үг. Би тэгж харж байгаа. Оюун-Эрдэнийг та нар
Амгаланбаатар явж байна, ярьж байна гэж л хар. Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ыг
гэмт хэрэгтний хоргодох байр адил болгож байна. Тэр зөвхөн Монголын түүхт төрийг хулгай
худлаар бузарлаад зогсоогүй, ахтайгаа нийлж ард түмний тунгалаг оюун санааг маш
гүн хордуулсан. Иргэдийн тархийг угаах, хов живийн бузар нян үржүүлэх, хагалан
бутаргах гэмт үйлдэл нь одоо ч үргэлжилж байна. Оюун санаа нь өвчилсөн зон олон
муу муухайд донтсоор байгаад, түүнийг үйлдсээр үндэсний дархлаагаа алддаг. Ийм
нүгэлтэй, хар мөртэй этгээд. Монголын ард түмний тэмцэх эрхийг булааж авах
жигшүүрт гэмт үйлдлийг удаа дараа үйлдсэн. Иргэнийхээ тэмцэх эрхийг булааж авдаг Ерөнхий
сайд, ямар ч албан тушаалтан байх ёсгүй. Манжийн төр ч ингэж балайрсан түүхгүй.
Харин энэ цаг үед л иргэдийнхээ тэр үнэт эрхийг хэрхэн булааж болдгийг, яаж
суртал ухуулга хийж, мөнгө хахуулиар сүлбэж, зохион байгуулж жүжиглэдэгийг бүгд
харсан. 1990 онд Ж.Батмөнх гуай иргэдийнхээ тэмцэх эрхийг Оюун-Эрдэнэ шиг
булааж авсан бол яахав. Гарч ирээд Ардчилсан Холбооны залуусын өөдөөс цуглаан
зохион байгуулаад, өлсгөлөн зарласан бол яахав. Лав Монгол улс ардчилсан замаар
замнаж чадахгүй болох байсан. Л.Оюун-Эрдэнэ яриад байгаа парламентынхаа
дархлааг өөрөө гардаж аль хэдийн үгүй хийсэн хүн шүү. 1992-1996, 1996-2000 оныг
би сайн санаж байна. Дотор нь сууж байсан. Тэр үеийн Их Хурал зовлонтой
бүрэлдэхүүнтэй ч парламент төрхөө хадгалдаг байсан. Юун УИХ-ын дарга индрээс
бодлогын сургаал айлдаж үг хэлээд суух. Ерөнхий сайд чуулганы нээлтэд үг
хэлдэг, араас нь цөөнхийн төлөөлөгч ард олныхоо бухимдал, эрх баригчдын
болохгүй бүтэхгүй бүхнийг илчилж ярьдаг байсан.
Одоо бол манай Их Хурал дээр үеийн МАХ намын бүгд хурал шиг
болсон. Олон намын төлөөлөлтэй, парламентат ёсоо дээдэлдэг оронд хурал
даргалагч тухайн чуулганаар хэлэлцэх асуудлаа танилцуулж, хурлыг зохицуулах,
нээж хаах төдий л эрх эдэлдэг. Тэр бол олонхийг ч, цөөнхийг ч төлөөлөхгүй.
Спийкэр нь бодлого номлож Ерөнхий сайд, сөрөг хүчин нь парламентын хугацааг
чимээгүй сууж өнгөрөөх юм бол олонхи, цөөнхөөр яах юм! Олон нам оролцсон
сонгууль хийх утга нь юу болох билээ!
Оюун-Эрдэнэ шиг их мэдэлтэй ерөнхий сайд Монголын нэн шинэ
түүхэнд байгаагүй. Ямар ч ерөнхий сайд Үндсэн хуулинд хоёр удаа гар дүрсэн түүх
байхгүй. Алганд багтсан улс гэж дээдэлдэг ардчилсан шинэ үндсэн хуулийг тавин
хувь хүртэл нь сэглэж зэрэмдэглэсэн. Чимэд гуай амьд байсан бол ингэхийг
тэвчихгүй. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцвэр, бие
даасан байдлыг бүрэн устгасан. Засаг тогтвортой ажиллах ойлголт устсан. Их
хурлын гишүүд засгийн газрын гишүүн болох гэж уралддаг болсон. Наад ИХ-ын
гишүүд чинь ЗГ-ын гишүүд болж дуустлаа ЗГ-ыг огцруулна. Одоо гурав дах ЕС-ынхаа
нүүрийг үзэж байна. МАН олонхи атлаа гол өрсөлдөгч намаа өвөртөө хийж бүрэн
эрхт төлөөлөгч болгосон. УИХ-ыг засгийн газрын өргөтгөл болгож хувиргасан.
Хариуцлага, хуулийн тэгш хэрэгжилт, хяналтыг устгахаар ардчилсан, парламентат
ёс аяндаа мөхдөг.
Л.Оюун-Эрдэнэ бол 1990 оноос хойш гарч ирсэн хамгийн удаан
эрх мэдлээ хадгалсан бас хамгийн их мөнгөтэй, хамгийн баян Ерөнхий сайд байв.
Амлалтыг нь нэхэхээр, хариуцлага, үр дүн асуухаар “Би азгүй Ерөнхий сайд” гэж
шорон зан гаргаж баашилдаг л байсан болохоос таван жилд 260 гаруй их наяд илүү
төсвийг тодотголтой нь зарлагадсан. Төсвийн гадуурх хулгай авлигал нь мэдэгдэж
байгаагаар 150 илүү их наядаар яригдах болсон.
Таван жилийн дотор Монгол төрийн хүнд суртал, идэж уудаг нь
албан ёсоор зургаа дахин нэмэгдсэн. Албан бусаар 1100 хувиар өссөн. Л.Оюун-Эрдэний
үед Монголын төр улсаа иддэг үр могой болсон. Манай иргэд хамгийн их ядуурсан.
Нийтээрээ өрөнд баригдсан. Татвар дарамт, юмны үнэ тэнгэрт хадсан. Гэхдээ албан
тушаалтан огцрох боломж үргэлж нээлттэй байдгийг дахин сануулъя” хэмээн
хатуухан мэдэгдэл хийсний дараахан эх орондоо ирснийг улстөрийн хүрээнийхэн “халуухан”
зун болох нь хэмээн шивнэлдэж байна.
