Дорноговь аймгийн Даланжаргалан сум ховор, үнэтэй чулуугаараа хэзээнээс алдартай. Усан болон утаат болор, чүнчигноров, гартаам, мана, өнгөт чулуу, төмрийн хүдэр, хайлуур жонш, нүүрс, хүрмэн чулуу, бал чулуу, шохойн чулуу, барилгын материалын түүхий эд гээд ашигт малтмал элбэг. Гэтэл байгалийн үнэт эдлэл, өв соёлыг агуулсан нутгийн чулууг урд хөрш рүү машин машинаар ачдаг болоод удаж байна. Гэвч өнгөт чулуунд шунасан иргэдийн гар хүрээгүй үлдсэн жаахан газарт нь ч энд тэндээс ирсэн нинжанууд шургалжээ. Тэд өнгөт чулууг түүсээр газрын хөрсийг 20-40 см сэндийчсэн байна. Өнгөт чулуу нь байгалийн ус чийгийг тэнцвэржүүлж, ургамлын бүрхэвчийг хамгаалдаг. Гэтэл чулуу түүж байгаа иргэд Даланжаргалан сумын 16 га бэлчээрийн талбайг аль хэдийнэ сүйдчихээд байгаа аж. Анх өнгөн хэсгийн чулууг түүдэг байсан бол одоо хүрз, молдок, жоотуугаар зэвсэглэж хөрсийг нь сэндийчих болсон харамсалтай дүр зураг харагдсан юм. Чулуу түүж байгаа иргэдийн ихэнх нь Улаанбаатар хотоос ирсэн бол нутгийн иргэд ч цөөнгүй байгааг харж болно.
Өнгөт чулуу түүж газар нутгийг нь сэндийчиж байгаа нинжа болон малчдын дунд газрын маргаан үргэлжилсээр байгаа. Бодит байдал ямар байгааг иргэдийн байр сууриар хүргэж байна.Бидэнтэй таарсан эхний иргэн тэтгэвэртээ гарсан тул хийх зүйл байхгүй. Гэртээ дэмий сууж байхаар хэдэн төгрөг олж, амьжиргаандаа нэмэрлэе гээд чулуу түүдэг гэнэ. Тэрээр “Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг. Сум орон нутгийн хүмүүс түүх эрхтэй гэж бодож байна. Багажтай иргэд үнэтэй чулууг ухаж хайдаг бол багажгүй иргэд хямд чулууг шуудай болон ундааны саванд хийж зардаг. Нэг сав нь 3-35 мянган төгрөгийн үнэтэй. Өдөрт 100 гаруй мянган төгрөгийн орлого олдог. Мөн ойр хавийнхан нинжа нарт хоол унд авчирч зардаг” гэсэн юм. Нинжа нар нь бараг бүрэн зэвсэглэсэн шахуу багаж техинктэй бөгөөд өнгөт чулууны судал олов уу үгүй юу өнөөх багажаараа тэр хавийн газрыг тэр чигт нь өрөмдөж самарч хаядаг гэнэ. Өнгөт чулууг нинжа нараас хэрхэн хамгаалдаг талаар Даланжаргалан сумын байгаль хамгаалагч С.Дандарбаатараас тодруулахад “Сумаас нинжа нарын энэ үйлдлийг зогсооё гэдэг ч дийлддэггүй. Хуульдаа торгохоос өөр арга хэмжээ байдаггүй. Нэг удаа торгохдоо 200 мянган төгрөгөөр торгодог. Торгуулсан хүн нь маргааш нь шархаа нөхнө гээд өнөөх чулуугаа дахин түүдэг. Ухах ухахдаа бүр хорлонтой хэдэн га газрыг өнөөх багажаараа сэндийчээд хаячихдаг. Шалгалт хийх гэж очихоор өмнөөс хэл амаар доромжлох, зодох гэж дайрна. Эсвэл зугтана гээд бөөн асуудал үүсгэдэг. Нинжа нарт шаардлага тавиад гараа гэмтээсэн. Сумын зүгээс цагдаагийн газартай хамтарч ажилладаг ч үр дүн муутай байна. Сүүлдээ арга мухардсан. Тэр байтугай чулуу түүхийг нь зогсооё гээд очихоор эд хөрөнгө, бие мах бодиороо хохирдог” гэсэн юм. Нинжа нарыг торгосон мөнгө аймгийнх нь нэгдсэн санд ордог учраас нөхөн сэргээлт хийх болон унааны зардал, тухайн газрыг хамгаалалтад авахад хөрөнгө мөнгөний асуудал хэцүү байдаг юм байна. Даланжаргалан сумын Засаг даргын Тамгын газар нөхөн сэргээлтийн компанитай гэрээ байгуулж олборлолт явуулж олсон мөнгөөрөө нөхөн сэргээлт хийнэ гэж тусгасан ч хуульд тийм заалт байдаггүй тул гэрээг цуцалжээ. Тиймээс гэрээг өөрчлөн сумын нэгдсэн сангийн мөнгөөр нөхөн сэргээлт хийлгэхээр болсон ч аймгаас санхүүгийн асуудлыг шийдвэрлээгүй учраас мөн л компани нь гэрээгээ цуцалсан гэсэн юм.
Нөхөн сэргээлт хийхээр ирсэн компанийн талаар малчин Д.Энхбат ярихдаа “Нөхөн сэргээлт хийх нэрээр нэг компани ирсэн. Ирээд хоёр газрыг хашсан. Тэгээд нөхөн сэргээх биш өөрсдөө техникээр ухаж сандайчих болсон. Энэ талаар асуухад чулуу олборлож нөхөн сэргээх зардлаа олно. Дараа нь нөхөн сэргээлт хийнэ гэж хариулсан. Эцэст нь нөхөн сэргээлт нэрээр ирж олборлолт хийж байгаад явсан. Бидэнд ухсан хэдэн нүх л үлдэж байна. Гараар ухахдаа 40 см-ээс хэтрүүлдэггүй байсан бол техникээр ухаж газрын хэвлийг төнхөж байгаад явсан” гэсэн юм. Харамсалтай нь энэ ухсан нүхэнд хүүхэд унаж бэртэх, морь мал хүртэл орж үхэж байсан тохиолдол олон гэнэ. Бүрэнхий үдшээр морьтойгоо явж байсан залуу чулуу ухсан нүхэнд бүдэрч унаад тархиндаа хүнд гэмтэл авч нас барсан харамсалтай явдал болжээ. Гэвч үхлийн шалтгаан нь мориноос унасан, тархи толгойны бэртлээс болж нас барсан гэж гарсан учраас хэргийг хаажээ. Түүнээс бус тэр хавийг ухаж төнхсөн нинжа нар ямар ч хариуцлага хүлээлгүй өнгөрчээ.
Хятадууд худалдаж авсан чулуугаараа юу хийдэг талаар нутгийн иргэдээс сонирхоход урд хөрш рүү гаргаж үнэт эдлэл хийдэг гэсэн юм. Харин мэргэжлийн хүн арай өөр тайлбар хийж байна. Хятадууд газрын хэвлий дэх өнгөт чулууг ямар нэгэн үнэт эдлэлийн зориулалтаар ашигладаггүй. Газар нутгаа чийгшүүлж, ургамлын бүрхэвчээ хамгаалахын тулд нутагтаа аваачиж хөрсөн дээр цацдаг байна. Ингэснээр газрын хөрсийг маш сайн барьж, чийгшлийг хөрсний гүн хэсэг рүү зөөвөрлөж, тэр хэрээр байгаль эргэж өөрийн унаган төрхөөрөө сэргэдэг аж. Ийнхүү өнгөт чулууг худалдан авч буй улс нь өөрт хэрэгтэй байдлаар ашигладаг байна. Үүнийг батлах мэт шуудай шуудайгаар нь зөөсөөр Даланжаргалан сумын хавь ойрын гол горхи нь хатаж, ширгэж, сүүлийн хэдэн жил ган гачиг нүүрлээд байхад сум орон нутгийн удирдлагуудаас дорвитой арга хэмжээ авахгүй байсаар говийн эмзэг хөрс бүр сийрэгжиж, ямар ч эргэж сэргэхээргүй үхмэл цөл болоход тун ойрхон байна. Гэвч хариуцсан сум орон нутаг, иргэдийн зүгээс арга нь мухардаад байгаа учир хамгийн зөв шийдэл бол хуулийг нь чангатгах гэнэ. Өмнө нь өнгөт чулуу түүсэн иргэнийг 50 мянган төгрөгөөр торгодог байсан. Одоо Зөрчлийн шинэ хуулиар 200 мянган төгрөгөөр торгодог болжээ. Энэ нь чулуу түүдэг хүмүүсийн нэг өдрийн л орлого. Иймээс газар нутаг, байгалийн ховор эд зүйлсээ хамгаалахын тулд хуулиа чангатгах зайлшгүй шаардлагатайг хэлж байна. Өнгөт чулуу түүж байгаа хүмүүс цөөхөн хэдэн төгрөгөөр торгоод өнгөрөх биш цагдан хорьдог, цаашлаад Даланжаргалан сумыг тусгай хамгаалалт авахгүйгээр энэ асуудал цэгцрэхгүй. Дээрээ төртэй, дэргэдээ хуультай улс гэдгээ харуулах цаг болсон гэдгийг нутгийн иргэд төр, засагт дайлаа.
