Биеийн тамир спортын гарамгай амжилт төдий бус улс орны нэр хүнд, хүч чадлыг илэрхийлсэн нэгэн том алдар. Энэ удаа 1900 оны Олимпийн тоглолтын үеэр болсон нэг сонин, хачирхалтай явдлын тухай сонирхуулъя. Олимп гэдэг их тоглолт дахин зохион байгуулагддаг болоод удаагүй байсан үе буюу 1900 оны Олимпоос өмнө зөвхөн эрчүүд л энэ том тэмцээнд орох эрхтэй байжээ. Ялагч нь ч гэсэн ямар нэг өвөрмөц онцгой медаль авахгүй, түүнийг тусгай цомоор орлуулдаг байсан гэдэг. Ингээд 1900 оны олимп болж эмэгтэй тамирчид оролцох эрхтэй болон тэмцээн зохион байгуулагдах Парис хотод газар газраас хүч тамирын оргил болсон тамирчид цуглаж хөл хөдөлгөөн их болсон байна. Хэдийгээр эмэгтэйчүүдийг оролцуулах болсныг дэлхий даяар зарласан боловч нийт 11-хэн тамирчин оролцох мэдүүлэг өгсөн байсан нь зохион байгуулагчдыг ихэд гонсойлгосон байна. Уг нь эмэгтэйчүүд тэмцээнд ихээр оролцох нь Олимпийн нэр сүрийг улам өндөрт өргөнө гэж тооцож байсан боловч ийм цөөхөн эмэгтэй ирснээс тэр үү, эсвэл угаасаа эмэгтэй хүн спорт хоёр хоорондоо “харшилтай” гэдэг үзэл бодол дэндүү хүчтэй байснаас болсон уу ямар нэг байдлаар олигтой сонирхол татаж чадсангүй. Энэ үед Америкийн Маргарет Ив Эббот хэмээх бүсгүй Парис хотоор ээжтэйгээ зугаалан, эртний алдартай агуу уран зураачдын бүтээлийг үзэж явлаа. Энэ бол түүний мөрөөдөл байсан бөгөөд Луврт орж ханаж баршгүй сайхан зургаа үзэж үзэж, нүдээ амраахаар хотын гудамжаар зугаалан алхаж явтал эмэгтэйчүүдийн оролцох ямар нэг гольфын тэмцээн болох зар байж гэнэ. Амрах гэж, адал явдал гэмээр зүйл хайхаар ирсэн бүсгүй маань энэ тэмцээнд оролцох гэж нэрээ өгсөн бөгөөд хэний ямар тэмцээнд, хэчнээн хүнтэй өрсөлдөх, ямар шагналын сантай зэрэг зүйлийг огт тоож харсангүй. Түүнд цагийг сайхан өнгөрөөх л чухал байж. Ээж нь ч дэмжин бас цуг оролцох боллоо. Үзэж тарж явсаар Маргарет 47 оноогоор тэргүүн байр эзлэхэд тэмцээн зохион байгуулагчид бүсгүйд ялалтын болор цом өгсөн байна. Харин ээж нь VII байр эзэлжээ. Сайхан амарч, бас ч тэмцээнд орж болор цомоор шагнуулсан хоёр удалгүй нутаг буцсан байна. 1960 онд Маргарет нас барах үед түүнээс үлдсэн юмыг бүртгэж байхад нэгэн болор цом гарч ирсэн нь нөгөө тэмцээний шагнал байв. Ямар учиртай тэмцээн, юун шагнал болохыг нь судлаад үзтэл Олимпийн аварга! Харамсалтай нь Маргарет өөрөө ч олимпийн аварга болсноо мэдээгүй байсаар нас барсан байжээ. 1900 онд болсон Олимпийн үеэр зарим тамирчинд эрт дээр үеийн нэртэй уран зураачийн зурсан уран зураг өгч байсан бөгөөд энэ нь үнэ цэнийн хувьд хамгийн үнэтэй шагнал байсан байж таарах нь.
Мөн 1932 онд Бразилд эдийн засгийн хямрал нүүрлэж Олимпод оролцох тамирчдыг санхүүжүүлэх мөнгө олдсонгүй. Олимп учраас ямар нэг байдлаар оролцох хэрэгтэй учир ёстой аргаа барж байхад нэг нөхөр мундаг арга сэдсэнийг хэрэгжүүлэхээр болсон байна. Рио де Жанейрогоос Лос-Анжелес хот руу гарсан хөлөг онгоцонд Бразилийн тамирчид сууж Олимпод мордлоо. Тэдний ачаа бараа нь бараг 5000 хайрцаг кофе байв. Тамирчид маань замдаа энэ кофег зарж олимпод оролцох бүх зардлаа олох ёстой. Гэсэн ч энэ ажил нь бүтэлгүйтсэн бөгөөд учир нь олимпод оролцохоор гарсан 69 тамирчнаас зөвхөн 24 нь л тэмцээндээ оролцож чадсан, бусад нь кофе зарж олсон мөнгөө замдаа үрэн таран хийж ёстой нэг тансагласаар хоосон хоцорсон гэдэг. 1936 онд болсон Олимпийн тоглолтын тулгууртай харайлтын төрөлд Японы хоёр тамирчин яг адилхан өндөрт харайсан нь 4,25 метр байжээ. Энэ үзүүлэлт нь мөнгөн медалийн болзол хангаж байсан боловч ганцхан мөнгөн медаль байдаг. Японы тал удаан ярилцсаны эцэст Нисида мөнгө, Оэ хүрэл медал зүүхээр болж шагналын тавцанд гарчээ. Японы багийн гишүүд янз бүрээр яриад зоос хаяж үзэн мөнгөн медальтныг тодруулсан, Нисида нь илүү ахмад байсан учраас мөнгөн медаль авах болсон гэх зэрэг олон яриа байдаг. Ямар ч байсан тэр хоёр тамирчин нутагтаа очоод медалиа зүсч хуваан хайлуулаад хүрэлдсэн мөнгөн медаль хэмээх урьд өмнө Олимпийн түүхэнд байгаагүй медаль зүүсэн байна.
