img

ШҮДЭНЗНИЙ ХАЙРЦАГТ БАГТАХ МОНГОЛ ШАТАР УРЛАСАН СИЙЛБЭРЧ С.СЭНГЭЭ

img

Уран сийлбэрч Самдангийн Сэнгээ нь 1924 онд Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Хужирт сумын Дулаан уулын “Асгатын энгэр” хэмээх газрын Хуурайн улаан хадны бууцанд малчин ард Самдангийн 1-р хүү болон мэндэлж, эцэг эхийн гар дээр өсч торнижээ. Тэрээр таван наснаасаа  үндэсний гар урлалыг дүрслэн зурж эхэлсэн бөгөөд найман наснаасаа эхлэн хүн, таван хошуу мал, ан амьтны дүрс, морины хусуур, бурхан тахилын зүйлс, хорол тоглоомуудыг модоор сийлбэрлэн тав арван төгрөгөөр, цай, даалимба, ишиг хурганаас өгч эцэг эхдээ болон амьдрал ахуйдаа тус нэмэр болдог байжээ. Цэргийн алба хааж байхдаа ч сийлбэрийн ажлаа орхисонгүй. Цэрэгт очсоныхоо 2 дахь жилдээ буюу 1946 онд болсон Улс хувьсгалын 25 жилийн ойгоор чүдэнзний хайрцагт багтах монгол шатар урлан сийлж оролцжээ. Бургасны 64 хэрчмээр ур хийц сайтай, үзэмж төгс, өчүүхэн жижиг шатар хийсэн нь олонд алдарших эхлэл болсон байдаг. Уг уралдаанд манай орны шилдэг урчуудын бүтээл үзэсгэлэнд тавигдсаны дотор чүдэнзний хайрцагт бүгд багтах хэмжээний маш урлагтай сийлсэн жижиг шатрыг үзэгчид сонирхон, шагшин магтацгааж байжээ. Тэр сийлбэрийн хажууд “Дарьгангын Алтан-овоо дахь хилийн цэргийн байлдагч Самдангийн Сэнгээгийн урласан шатар” гэсэн хаяг тавигдсан байжээ. Үүнээс харахад С.Сэнгээ нь Дарьгангад байрлаж байсан морьт хороонд алба хааж байсан хилчин байжээ. Тэрээр 25 жилийн ойн гар урлалын уралдаанд оролцож улсын хэмжээнд 2-р байранд шалгарч дивиз, хорооныхоо нэрийг дуурсгасан байна.


Урчуудын артель нь 1952 онд байгуулагдсан бөгөөд тухайн үед сийлбэрчин Хархорины Дорж, Гүнд (хоёулаа хожим урлагийн гавьяат зүтгэлтэн болсон),  Жамьяншарав, Дарь­гангын дархан Балдан-Очир, Завханы уран Ц.Минжүүр, нэх­мэл­чин Цэрмаа (урлагийн гавьяат зүтгэлтэн) нарын зэрэг гоц авьяас­тай урчууд эх орны өнцөг булан бүрээс цуглан ажиллаж эхэлсэн үе байлаа. Тухайн үед зааны соёог хөрөөдөн зүсэж, жижиг хэмжээгээр уран бүтээл хийдэг байсан хязгаарлагдмал байдлыг халж, зааны соёог бүтнээр нь эсвэл дундуур нь зүсэж сийлбэр хийх талаар С.Сэнгээ бусад улсын урчуудын туршлагыг судлан өөрийн оронд нэвтрүүлэн хөгжүүлж чадсан төдийгүй 1957 онд Октябрийн хувьсгалын 40 жилийн ойгоор анхны том хэмжээний “Монгол-Зөвлөлтийн найрамдал” сэдэвт, 2 орон төмөр замаар холбогдон хөгжиж байгаа талаарх зааны бүтэн соёон сийлбэрээ туурвижээ.

Ийнхүү Монгол улсдаа том хэмжээний ясан сийлбэрийн урлагийг хөгжүүлэх эх үндсийг тавьсан бөгөөд 1959 онд хоёр орны найрамдлын 10 жилийн ойгоор “Монгол-Хятадын найрамдал” нэртэй, манай улсад барьж байгуулж буй барилгын бүтээн байгуулалтын хөгжлийг харуулсан зааны соёон сийлбэр (Хятад улсад байгаа), 1961 онд “Эрийн гурван наадам” зааны жижиг соёон сийлбэр, 1967 онд Октябрийн хувьсгалын 50 жилийн ойг тохиолдуулан “Лениний замаар” сэдэвт зааны бүтэн соёон сийлбэр (ОХУ), 1969 онд Халх голын ялалтын 30 жилийн ойд зориулж “Их ялалт” зааны бүтэн соёон сийлбэр (Уран зургийн галерейд), 1970 онд Лениний 100 жилийн ойд “Ленинизмийн тугийн дор” зааны бүтэн соёон сийлбэр (ЗХУ-ын Лениний төв музейд байгаа), 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулж “Бөхийж үзээгүй далбаа” зааны бүтэн соёон сийлбэр (Уран зургийн галерейд), 1974 онд Улаанбаатар хотын 50 жилийн ойд зориулж “Цэцэглэн хөгжиж байгаа Улаанбаатар” зааны соёон сийлбэр зэрэг нэр бүхий том, зааны бүтэн соёон сийлбэр урласнаас гадна одоогоор судлагдаж мэдэгдсэнээр 30 гаруй зааны ясан жижиг бүтээлүүдийг урлан бүтээжээ.  1964 оны 11 сард болсон дэлхийн 123 орны гар урлалын үзэсгэлэнд Сэнгээгийн “Анхны холбоочин” сийлбэр нь тэргүүн байр, Октябрийн хувьсгалын 50 жилийн ойн үзэсгэлэнд 120 гаруй орны шилдэг уран бүтээлчдийн бүтээлүүд тавигдсанаас “Лениний замаар” хэмээх зааны бүтэн соёон сийлбэр нь 2-р байранд, 1969 онд Дэлхийн хэмжээний уран бүтээлчдийн уралдаанд “Энх дэлхий“ гэдэг “9 давхар ясан бөмбөлөг” сийлбэрээрээ (уг бүтээл нь 1990 оны эхээр Уран зургийн галерейд байсан ба учир битүүлгээр алга болсон) БНХАУ-ын сийлбэрчний дараа 2-р байрыг тус тус эзлэн Монголын уран сийлбэрчдийн авьяас чадвар, ур ухааныг дэлхий дахинд мэдрүүлсэн, уран гоёмсог бүтээлийг хийж чадсан нь энэ хүний дэлхийн энтэй уран сийлбэрчин болсныг илтгэн харуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явсан билээ.

Монгол улсад сийлбэрийн урлагийн төрлөөр анхны Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн 5 хүн байсан нь Л.Дорж, Д.Гүнд, Д.Гэлэгдандар, С.Сэнгээ, Л.Чуваамэд нар бөгөөд бүгд Өвөрхангай аймгаас төрсөн байдаг нь үнэхээр сонирхолтой тохиолдол. Мэргэжлийн ямар нэгэн сургууль дамжаанд сураагүй ч Монголд зааны бүтэн соёогоор ийм гайхамшигтай сийлбэрийг өөрийн хийсэн багажаар бүтээсэн нь түүний байгалиас заяасан төрмөл авьяас, чадвар, сэтгэлийн болоод оюуны бядыг илтгэн харуулж байна. Уран сийлбэрч С.Сэнгээ гар аргаар зааны 13 том хэмжээний соёогоор бүтнээр болон таллан зүссэн байдлаар гайхалтай, уран гоёмсог уран сийлж бүтээсэн байдаг. Тэрээр 1954-1975 он хүртлэх 21 жилийн хугацаанд бэлэг дурсгалын 3000 шахам сийлбэр урласнаас жинхэнэ нэр бүхий том хэмжээний 210 гаран бүтээлийг яс болон модоор урлан бүтээжээ. Мөн 100 гаруй нэр төрлийг бэлэг дурсгалын үйлдвэрийн ба хүүхдийн тоглоом, сийлбэрийн эх загвар моделууд 1000 шахмыг сийлжээ. Тухайн социализмын үед нам төрийн удирдагчид гадаад улс оронд албан айлчлал хийх, гадны улс орноос манай улсад ирсэн хүндэт зочид төлөөлөгчдөд бэлэг дурсгал өгөх зорилгоор тухайн үеийн нэртэй урчуудад захиалан бүтээл хийлгэдэг байжээ. С.Сэнгээгийн урласан бүтээлүүд ихэнх нь төр засгийн удирдагчдын бэлэг дурсгал болон гаднын оронд гарсан байдаг бөгөөд харамсалтай нь бэлэг дурсгалын зориулалтаар захиалан хийлгэсэн бүтээлүүдийн талаар бүртгэл байхгүй, судалгаа хийгдэж байгаагүй, мөн хийгдсэн бүтээлүүдэд нь нэр хаяг нь бичигддэггүй байсан нь аль улсад хэн гэдэг уран бүтээлчдийн бүтээл үлдэж байгаа, түүний үнэ цэнийн талаарх зэрэг мэдээллийн сан байхгүй байна. Иймээс хийсэн 3000 орчим бүтээлээс нь 100 ч хүрэхгүй бүтээлийг мэдэж байгаа нь үнэхээр харамсалтай байдаг. Зааныг агнаж соёог нь авахыг дэлхий нийтээр хориглосон өнөө цагт эдгээр үзмэрүүд нь цаг өнгөрөх тусам уран сайхны үнэ цэн нь улам л нэмэгдэх болно. Ялангуяа олноо “Уран” хэмээн алдаршсан С.Сэнгээ агсны “Гурван давхар бөмбөлөг, “Бөхийж үзээгүй далбаа” үзмэрүүд нь зохиомж, хийц ур чадвар, гүйцэтгэлийн хувьд хэзээ ч давтагдашгүй, сонгодог уран бүтээлүүд юм” гэж урлаг судлаачид дүгнэн хэлсэн байдаг.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ