Ардчилсан Солонгос улсын удирдлагууд өөрийн иргэдийг хорьдог чанга хатуу, харгис шорон, гяндангийн тухай мэдээлэл огт ил гаргадаггүй. Олон улсын шинжээчдийг БНАСАУ-ын зүгээс хөдөлмөрийн хорих анги, засан хүмүүжүүлэх байгууллага зүг рүү огт халгаадаггүй ажээ. Тэрхүү өргөст торны цаана юу болдог талаар 80, 90-ээд онд тэнд хоригдож байсан хоригдлуудаас мэдээллийг бага багаар цуглуулж авснаар саяхан ил болж байна. Солонгос иргэдийг хорьдог шоронгуудын /хөдөлмөрийн лагерь/ харгалзагч нарыг Засан хүмүүжүүлэх газрын дэргэдэх тусгайлан бэлдсэн сургууль, курст зэрлэг балмад, хэрцгий хандлагад сургаж бэлддэг. Тамлан зовоох, нууц болон нээлттэй цааз бол хөдөлмөрийн хорих лагерийн хувьд өдөр тутмын ердийн нэг хийдэг ажил. Нэг үгээр халхын шорон дотор хуяг, харуулууд зөрчил, сахилга бат алдсан хоригдлыг бороохойдох лугаа адил. Тэр битгий хэл солонгосын шоронгийг хуягууд зугаацан баясдаг зүйлийнх нь нэг цаазын ял, тамлан зовоох арга байдаг. Умард Солонгосын шоронд өлсгөлөнгөөр үхэх, хүнд хүчир ажил хийж байгаад осолд орон амь насаа алдах тохиолдол маш өндөр байдаг. Учир нь хоригдлуудад эмнэлгийн туслалцаа үзүүлэхийг Хөдөлмөрийн намын зүгээс тас хориглодог аж. Унадаг дугуй, хувцас, олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тус улсад буй хорих лагерьт хоригдож буй ялтнууд хийдэг. Хөдөлмөрийн хорих лагерийг хоёр төрөлд хуваадаг. Улстөрийн хоригдлуудын хөдөлмөрийн лагерь /одоогийн байдлаар тус улсад ийм төрлийн 6 гяндан шорон байдаг/ мөн эрүүгийн гэмт хэрэгтнийг “Засан хүмүүжүүлэх төв” /ийм төрлийн шорон 15-20 байдаг/. Хойд Солонгост улстөрийн хоригдол болох шиг амархан зүйл гэж үгүй. Жишээ нь Өмнөд Солонгосын нэг хит дууг амандаа аялах эсвэл санамсаргүй агуу удирдагчдын зургийг гэмтээх /сонинд нийтлэгдсэн тэдний зурган дээр санамсаргүй цай асгахад л хангалттай/ шүүх хуралгүйгээр хөдөлмөрийн лагерь луу маршилна. Ингэхдээ бүх ойрын хамаатан, ах дүүсийн хамтаар шорон луу ачигдана. Эцэг эх, хүүхдүүд, ах, эгч заримдаа бүр эмээ өвөө, ач хүүхдүүдтэй ч хорих ангид бий. Тэднийг “хамааралтай гэм буруутан” гэж үздэг аж. Ихэнх тохиолдолд хөдөлмөрийн хорих лагерь нь тэдний насан туршийнх нь гэр болдог байна. Хөдөлмөрийн хорих лагерь буюу шоронгууд нь алс бөглүү уулын хөндийд байх бөгөөд дэлхий ертөнцөөс бүрэн тусгаарлагдана. Тэнд хоригдлуудыг боол болгон хувиргаж, хамгийн аюултай хүнд хүчир ажлыг хоцрогдсон болхи багаж хэрэгсэл бариулан яланд гүйлгэнэ.
“Засан хүмүүжүүлэх төв”-ийн хувьд бол сонгодог шоронгуудтай адил аварга том шоронгийн дүнсгэр барилга нь өндөр ханаар хүрээлэгдсэн байх. Ийм шоронд “жинхэнэ гэмт хэрэгтнүүд” ордог бөгөөд тэдгээр нь ихэвчлэн өлбөрч үхэхгүйн тулд хоол, хүнс хулгайлсан, хууль бус наймаа хийсэн, хил давахыг оролдсон гэмт хэрэгтнүүд багтана. Ийнхүү хоригдсон иргэд мөн л боолын хөдөлмөр эрхэлдэг бөгөөд шорон бүрийн хажууд шоронгийн үйлдвэр байна. Нормоо гүйцээж чадаагүй хоригдлыг тусгай камерт хийж тамлан зовоодог бөгөөд тэрхүү камер нь сууж ч болохгүй, босож ч болохгүй, бүтэн биеээрээ хэвтэж ч болохгүй мөгөлөн маягийн сав байдаг ажээ. Улстөрийн гэмт хэрэгтнүүдийг хоридог лагериас ялгаатай нь “Засан хүмүүжүүлэх төв”-ийн хоригдлуудад ажлын дараа Ким Ир Сен болон Ким Чен Ирийн хэлсэн үгүүдийг цээжлүүлэн, “буруугаа” ухааран, гэмээ наминчлахад сургана. Түүнчлэн Умард Солонгосын цэргүүдээс энгийн иргэддээ зориулан зохион байгуулдаг “Өөрийгөө ялан дийлэх сургуулилтын лагерь” зохион байгуулдаг аж. Энэхүү сургуулилтад энгийн иргэд сайн дурын үндсэн дээр бие болон оюун санаагаа чангалах зорилготойгоор хамрагддаг байна. Умард Солонгосын хамгийн том хөдөлмөрийн хорих лагерь нь 560 кв/км нутаг дэвсгэрийг эзэлдэг. Мэдээж энэ лагерийг газрын зураг дээр тэмдэглэдэггүй. Харин хиймэл дагуулаас авсан зураг дээрээс хархад хашаа, хаалга зэрэг нь тод харагдаж байдаг. Энд улстөрийн хоригдлууд буюу “хувьсгалын эсрэг, намын эсрэг элементүүд” хүмүүс болох 20,000 хүн бүх насаараа хоригдох ял сонсон эрх чөлөөгөө хязгаарлуулан ажлын мал болж байгаа. Энэхүү хөдөлмөрийн лагериас ердөө хоёрхон километрийн цаана Умард Солонгос газар доор цөмийн туршилтуудаа хийдэг байна. Хамгийн сүүлийн туршилт өнгөрсөн онд хийгдсэн бол тэрний өмнөх туршилтууд 2006, 2009, 2013, 2016 онд хийгджээ. Лагериас оргосон хүмүүсийн ярьж буйгаар улстөрийн хоригдлуудыг цацраг идэвхт бүсэд туннель ухаж, газар доор барилга бариулдаг гэнэ.
Хоригдол явсан гэрчүүд энэ тухай юу ярьсан бэ?
Эхний гэрч нь өсвөр насны хүү. Тэрбээр тус лагерьт хоригдож буй нэгний төрөл садны хүүхэд бөгөөд Хвасон лагерь руу 13 настай байхдаа, гэр бүлийнхнийхээ хамтаар ачигдан ирсэн. Дараачийнх нь ноён Ли /жинхэнэ нэр нь биш/ Хвасоны харгалзагч нарын нэг байсан. Ноён Лигийн хэлж буйгаар гэр бүлээрээ ачигдаж ирсэн ялтнуудыг тус лагерьт ирэнгүүт нь салгаж байршуулна. Ингээд тэд хэзээ ч дахиж бие биеэ олж харахгүй. Ялтнууд ажлын байр хүртлээ 10 км замыг явган туулдаг бөгөөд хасах 25 хэмийн өвлийн хүйтэнд ч ийм маягтай ажил руугаа явна. Шоронгийн хянагч Лигийн үрэгт ялтныг цаазаар авах даалгавар ороогүй байсан ч тэрбээр хоригдлуудыг хэрхэн хоолойг нь боож, модоор цохиж, өөрийнх нь шарилын нүхийг өөрөөр нь ухуулан дагзанд хүнд алхаар цохин амь насыг нь хороохыг наснаасаа олон удаа харсан гэнэ. Шоронгийн эрүү шүүлтийн тухай одоо өгүүлье. Хоригдлуудыгн хоёр гарыг ард нь хүлэн гараас нь өндөр төмрөнд өлгөн цусаар бөөлжтөл нь зодож, тарчлаана. Ялтнуудыг эвгүй байрлалаар олон цагаар зогсоон эцэст нь тэд ухаан алдан унадаг байна. Харгалзагч нь хоригдлыг хөлөөрөө өшиглөн хананд гаргасан жижигхэн нүхэнд чихэж оруулна. Хянагч асан Лигийн хэлж буйгаар Хвасоны харгалзагч нар энэ бүхнийг эрүү шүүлтийг харгис бусармаг үйлдэл гэж огт үздэггүй байжээ. Харин ч бие биедээ онгирон гайхуулдаг байсан төдийгүй хэн нь илүү вэ гэдгийг харуулахыг ялтан тамлах дээр туршдаг байв. Харгалзагч нарыг бэлтгэхдээ “тархийг нь бүрэн угаадаг” тул гэмших, өрөвдөх тухай ойлголт огтхон ч байхгүй.
Солонгосын хөдөлмөр болон засан хүмүүжүүлэх газарт хүүхэд, эмэгтэйчүүдэд “зөөлөн” ханддагүй бөгөөд харгалзагч нар нь хүчирхийлсэн эмэгтэйгээ дараа нь нууцаар амь насыг бүрэлгэдэг уламжлалтай. Ийнхүү бүрэлгэсэн хүмүүсийг “сураггүй алга бологсод” хэмээн нэрлэдэг. Харин жирэмсэн эмэгтэйг зулбуулахын тулд хамгийн хүнд хүчир ажилд явуулж эсвэл албадан үр хөнддөг байна.
Ёдок лагерь /Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колони/
Энэ лагер нь 2 бүсэд хуваагддаг. “Хатуу хяналтын бүс“ болон “Хувьсгалын бүс”. Эхний бүст тус улсын дэглэмийн эсрэг гэмт хэрэг хийсэн этгээдүүд, эсвэл улстөрийн хувьд найдваргүй хүмүүсийг юуны түрүүнд багтаадаг байна. Японд байсан Хойд Солонгосчууд болон Христийн шашинтнууд. Тэднийг хэзээ ч суллахгүй бөгөөд ерээд онд хатуу хяналтын дор 30 мянган хүнийг хорьж байснаас 6 мянга нь христийн шашинтан байсан гэдэг. Хоригдлуудын хувьд шоронд хоригдох хугацаа нь дуусвал /шоронгийн хахир хатуу нөхцөлийг давж гарч чадвал/ суллагддаг бөгөөд ингэх нь бараг л боломжгүй. Лагерийн нэг хэсэгт харьцангуй цөөн хоригдолтой буюу 1990-ээд оны үед 16,5 мянган хүн хоригдож байсан. Тэдний 70 хувь нь сүрьеэ, хүнд ялаа даалгүй бас эрүү шүүлтийн улмаас хорвоог орхижээ. Ёдок хорих лагерь нь 4 метрийн өндөртэй өргөст утсаар бүрхсэн хашаагаар хүрээлэгдсэн бөгөөд цахилгаан гүйдэлт утас гүйлгэсэн байдаг аж. Гэрчүүдийн хэлж буйгаар бороотой үед тэрхүү цахилгаан гүйдэлт утас нь оч гялалзаж, гэрэлтэж байдаг аж. Мөн бүх талаас харуулын цамхаг хянаж байдаг. Ёдокийн хамгаалалтад автомат буу, тэсрэх бөмбөгөөр зэвсэглэсэн 1000 гаруй цэргүүд зогсдог байна. Ялтнуудын овоохой нь малын машаанаас ч дор байдаг гэнэ. Шавар хана, сүрлэн дээвэр зэрэг нь хур тунадас ороход ямар ч хамгаалалт болж чаддагүй байна. Нэг камер нь 50 кв/м бөгөөд 30-40 хүнийг бөөнөөр нь орогнуулдаг бөгөөд камерыг хэзээ ч галлаж халаадаггүй байна. Хасах 20 хэмийн өвлийн хүйтэнд ялтнууд чих, хөл гараа хөлдөөх энгийн үзэгдэл. Ариун цэвэр сахих тухай ойлголт хөдөлмөрийн хорих ангид огт байхгүй. Нийт 200 хоригдлын дунд ганцхан бие засах газар, 10 литр ус өгөөд боллоо. Хоригдлуудын хувцсыг нэгээс нөгөөд дамжуулдаг учраас бөөс, хамуу бусад өвчин дамжин халдварлах нь өндөр. Нас барсан хоригдлын хувцсыг шууд тайлаад шинэ хоригдолд өмсгөнө. Ийм л харгис шорон өнөөг хүртэл оршсоор байна.
Тэмдэглэсэн С.Марал