УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Хугархай эрүүний шөл" хэмээх номоо хэвлүүлж, УИХ-ын чуулган болох өдөр буюу энэ сарын 16-нд номын хуримаа хийнэ хэмээн сүржин зар тараагаад байгаа билээ. Харин түүний номонд юу бичигдсэн эсэхийг тэрээр нууцалж байгаа ч номын хавтасны зургаа бусдын оюуны өмчийг ашиглан, товчхон хэлбэл "хулгай" хийжээ. Энэхүү зурагт хуудас нь 2008 оны Florida film festival наадмын постер зураг бөгөөд дизайнер Brian Nutt хийсэн ажээ. Уран бүтээлчийн энэхүү санаа нь “Кино бол үзэгчдийн идэх дуртай соёлын "хоол". Кинонуудыг дуртайяа "амтал’” гэсэн хөгжилтэй, уран санаатай мессежийг илэрхийлдэг байна. Гэтэл тэрээр номынхоо нүүр хавтсыг энэхүү постерын зургаар чимсэн бөгөөд аливаа арга хэмжээний постер зургийг тухайн үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээлэл бэлтгэх, арга хэмжээнд ашиглах ёстой болохоос бус хэн нэгэн дураараа ингэж ном бүтээл дээрээ ашиглах хориотой байдаг. Оюуны өмчид халдсан гэдгээр хэрэг үүсгэж, асар өндөр төлбөр төлөх болдог. Хошин урлагийн жүжигчин И.Одончимэг, Н.Онон, Л.Баттулга нартай холбоотой оюуны өмчийн хулгайн асуудал хуулийн байгууллагад шалгагдаж байх үед УИХ-ын гишүүн нь хил дамнан оюуны өмчийн хулгай хийж байгаа нь дэндүү шившигтэй үйлдэл. Хууль журмыг баталж, хулгай хийхээс сэргийлж үлгэрлэх ёстой хууль тогтоох дээд байгууллагын төлөөлөгч нь ийнхүү эрээ цээргүй аашилж байгааг харах харамсалтай байна.