img

Н.УЧРАЛЫН “БЭЛЭГ” УРВАГЧДАД ЦОХИЛТ ӨГЛӨӨ

img
Сүүлийн нэг сарын турш иргэдийг талцуулаад байгаа Туулын хурдны замын асуудалд Ерөнхий сайд Н.Учрал “гэнэтийн бэлэг” барьж чадлаа. Өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Туулын хурдны замыг зогсоохоор болсноо тэрээр өөрийн нүүр номын хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлж, ард түмнээ баярлуулж чадлаа.
2,4 их наяд төгрөгийн өртгөөр баригдах 32 км зам нь Улаанбаатар хотын түгжрэлийг 30 хувиар бууруулна хэмээн анх мэдээлж байсан ч үнэндээ 10 хувь ч нөлөөлөхгүй гэдэг нь батлагдсан. Хамгийн харамсалтай нь, энэхүү голын татам дээгүүр явах 11 км замыг барихад Туулын бургас, модыг тэр чигээр нь хядаж байгаа аймшигт экологийн халдлага үйлдэж байгаа билээ. Төслийн гүйцэтгэгчээр шалгарсан гэх Хонконгийн Хаоюань компани нь тус улсад бүртгэлгүй болох нь батлагдаж, яван явсаар хэдэн жилийн өмнө дутуу дулимаг ажил хийсэн БНХАУ-ын Hiway компанитай холбоотой нь илэрсэн. Гэтэл энэхүү компани нь олон улсын тендерт тэнцэх нь бүү хэл олигтой нэг ч төслийн ажлаа хийгээгүй, мөнгө угаалтын компани байж болзошгүй олон баримтууд илрээд байгаа билээ. Харин Монгол талаас тус компанитай түншлэлийн харилцаатай хүмүүс нь Х.Нямбаатарын бүлэглэлийнхэн болох нь өдрөөс өдөрт ил болж байна. Энэ замыг бариулах гэж Х.Нямбаатар иргэдийнхээ эсрэг жагсаал хүртэл зохион байгуулж байсны ард ердөө тэдний том эрх ашиг байсан. Ялангуяа Х.Нямбаатарын үеэл, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ уг төслийг дэмжихийг ард иргэдэд уриалж байсны цаад шалтгаан ердөө түүний худ урагтай холбоотой. Уг төслийг хэрэгжүүлэх “China Hyway group limited” компанийн Монгол талын хамтрагч Х.Амгалангийн бизнесийн сүлжээ Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн худ Ч.Өгөөдэйбаатартай холбогдож буй юм. "China Hyway group limited" компанийн 70% эзэмшигч нь Хуваймонголиа ХХК. Хуваймонголиа ХХК ны 30% эзэмшигч нь Хоржавын Амгалан. “China Hyway group limited” компанийн Монгол талын хамтрагч Х.Амгалан “Нордэрн рөүт транспорт” ХХК-ийнхаа Гадаад харилцаа хариуцсан захирлаар өөрийн найз Цэвгээгийн Эрдэнэбилэгийг ажиллуулдаг. Тэгвэл Цэвгээгийн Эрдэнэбилэг нэрээр хайлт хийж үзвэл 2016 оны нэгдүгээр сарын 12-нд Чинбаатарын Өгөөдэйбаатартай “Сино мон грийн инвестмент” ХХК-ийг хамтран байгуулж, долоон жил хамтран эзэмшээд 2023 онд татан буулгасан бүртгэл гарч ирж байна. Харин Чинбаатарын Өгөөдэйбаатар нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн бэр Ө.Өгөөмөрийн аав буюу худ нь гэдгийг олон нийт мэддэг болсон. Тэгэхээр “China Hyway group limited” компанийн Монгол талын хамтрагч Х.Амгалангийн найз, “Нордэрн рөүт транспорт” ХХК-ийнх нь Гадаад харилцааны хариусан захирал Ц.Эрдэнэбилэг нь Монголын бүхэл бүтэн 3.5 сая хүнээс Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн худ Ч.Өгөөдэйбаатартай бизнесийн хамтрагч болж таарч буй нь санаандгүй тохиолдол эсэхийг хууль хяналтын байгууллага нэнэ даруй шалгах ёстой. Ч.Өгөөдэйбаатарын хувьд мэдээж ийм том төсөлд шууд хөл гараа дүрэх боломжгүй. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ үүнд давуу эрхтэйгээр оролцож, өөрөө яланд унахгүйн тулд худаа ийнхүү ангал руу түлхэж байгаа бололтой. Ийм том эрх мэдэл, мөнгө эргэлдсэн бүлэглэлийн эсрэг шийдвэр гаргасан Н.Учралыг тэд одоо зүгээр суулгахгүй нь ойлгомжтой. Эх оронч бус шийдвэр гаргаж, нийслэл хотынхоо ганц амин урсгал болсон голоо таслахыг санаархсан хүйтэн сэтгэлтэй урвагчдын эсрэг зогсч чадсан Н.Учралд ард түмэн талархаж байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ