Шинээр төрсөн хүүхдийн биен дээр байх хөх толбыг дэлхийн эрүүл мэндийн шинжлэх ухааны хэлэнд "Mongolian Blue Spot” гэж нэрлэсэн байдаг. Хүүхэд төрсөн цагаас өгзөг болон биеийн аль нэг хэсэгт хөх өнгийн толбо байдаг бөгөөд энэ толбо нь 3-10 жилийн дотор арилж алга болдог. Үүнийг монголчууд “хөх толбо” гэж нэрлэдэг. Энэхүү хөх толбо нь Монгол, Ази гаралтай хүүхдүүдэд элбэг тохиолддог бөгөөд эрдэмтдийн судалгаагаар ОХУ-ын Буриад, Тува, Халимагийн иргэд, Монгол Улсын иргэд, Хятад улс дахь өвөрмонгол иргэд, Шинжиан, Казакстан дахь Дөрвөн Ойрадын иргэд, Солонгос, Афганистан, Унгар зэрэг улсын зарим хүмүүст, мөн Америкийн индиануудад энэхүү хөх толбо байдаг гэнэ. Хөх толбыг гурав ангилах ба жирийн хөх толбо нь голдуу өгзөг, нуруун дээр байдаг. Энэ нь ойролцоогоор 10 жилийн дотор арилдаг. Харин гүн хөх толбо нь гар орчим байж, залуу нас хүртэл арилахгүй байж болно. Бага зэргийн толбо нь бусад газар байрладаг бөгөөд хэдхэн жилийн дотор арилдаг байна. Барууны орнуудад хөх толботой хүүхэд төрөхөд "Mongolian Blue Spot” хэмээн төрсний гэрчилгээн дээр заавал тэмдэглүүлдэг гэнэ. Учир нь энэ нь ямарваа нэгэн өвчин, хорт зүйл биш гэдгийг баталж байгаа юм. Зарим хүмүүс мэдлэг дутмагаас болж эдгээр хүүхдүүдийн бие дээрх толбуудыг хүч хэрэглэсний үр дагавар гэж андуурч хуулийн байгууллагуудад шалгуулж байснаас үүдэн ийм арга хэмжээ авдаг болжээ. Тиймээс шинээр төрсөн хүүхэд хөх толботой байвал Монгол удмынх байна гэж хэлэх явдал Ази төдийгүй зүүн Европын Унгар, Болгар зэрэг улсуудад элбэг юм. Европоос гаралтай цагаан арьстнуудын дунд 1-10% тохиолддогийг төв Азийн нүүдэлчдийн байлдан дагуулалттай холбон авч үздэг бөгөөд үүний нотолгоо нь төв Азиас гаралтай Унгарчуудын 22,6%-д хөх толбо байдаг дээр үндэслэгддэг байна. Бүр эртний Монголчуудын нуруу нь тэр чигтээ хөх байсан ба үүнийгээ тэнгэрийн тамга, өөрсдийгөө тэнгэрийн үр сад гэж нэрлэдэг байсан гэдэг. Монголчуудын хөх толбо яг хондлой дээр байдаг нь эрдэмтэд судлаачдын сонирхлыг өнөө хэр татаж, судалгаа хийж байгаа ч ямар учир шалтгаанаар зөвхөн монгол гаралтай хүүхдүүдэд ийм толбо үүсдэгийг өнөө хэр бодитой тайлбарлаж чадаагүй л байна.
