Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг "Туулын хурдны зам"-ын төслүүдийн сонгон шалгаруулалттай холбоотойгоор мөрдөн шалгаж байгаа билээ. Эрүүгийн цагдаагийн албанаас Т.Даваадалайн орон сууцанд нэгжлэг хийж түүнийг хойшлуулшгүйгээр баривчлаад сулласан байдаг. Харин хэрэг мөрдлөгийн явцад Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг цагдан хорьж, шалгах шаардлагатай хэмээн мөрдөх байгууллагаас үзэж, прокуророос түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд хүргүүлсэн байна. Харин шүүх тус саналыг ирэх баасан гарагт буюу тавдугаар сарын 22-ны өдөр хэлэлцэхээр товложээ.
Т.Даваадалай нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Анхтуяа болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдийн дансаар 5.6 тэрбум төгрөг, мөн Б.Анхтуяагийн найзынх нь үүсгэн байгуулсан хоёр аж ахуйн нэгжийн дансаар 709 сая төгрөг, Б.Анхтуяагийн 50 хувийг эзэмшдэг компанийн дансаар 47.9 сая төгрөг гээд нийтдээ 6.6 тэрбум төгрөгийг авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болсныг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм.
