Арваннаймдугаар зууны үед эмэгтэй хүнтэй холбогдож гарсан хэд хэдэн хэрэг явдал Монголын үндэсний төв архивт хадгалагдаж үлдсэнийг 1960-аад оны үед Долгорсүрэн хэмээх эмэгтэй худам монгол бичгээс буулгаж тухайн үеийн “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлд нийтлүүлснээр жараад оны хүүхнүүдийн сэтгэлийг ихэд эмзэглүүлж байсан гэдэг. Ингээд тэдгээр эмгэнэлт хэргүүдээс хоёрыг толилуулъя. “Долоон настай хүүгээ хөнөөсөн хэрэгт холбогдсон эм Дашжид өчих нь. Би тайж асан Гаривын харъяат Номон гэгч хүний охин. 32 настай. Намайг бага байхад эцэг Номон амь зуух юмгүй өлбөрч үхсэн. Миний эх намайг 13 нас хүрмэгц тайж Ванжилд нэг үхрээр худалдав. Ванжил намайг цааш нь Богдын гэгээний шавь Баяр гэдэг хүнд гурван үхрээр дамлан худалдсан. Удалгүй би эр Баярт гээгдэж нялх хүүхдийн хамт өөрийн эхэд буцаж ирэв. Ээж минь дахиад намайг бэйс Дэнчинрампидийн хошууны Ренчинд гэргий болгон худалдаж нэг морь, таван ямаа богтлон авав. Би гурван жилийн дараа Ренчинд гээгдээд түүнээс олсон нялх хүүгийнхээ хамт эхдээ буцаж ирэв. Бас хойно нэгэн хошууны Жайвал гэгч хүнд нэгэн сарын төдийхөн гэргий болгож худалдав. Үүнд би бас л жирэмсэн болж гээгдэв. Эхтэйгээ амьдарч байтал хагалж идэх малгүй болсон тул эхийн биеийг нагац Гэлэгванчуур гэртээ аваачив. Би өөрөөс төрсөн бутач нэгэн хүү, хоёр охины хамт хошууны дотор ганц үнээгээрээ амь улжиж суув. Тэгж байтал манай хошууны тайж Цэвээний хонь бороонд уруудаж ирээд нэгэн хурга осгож үхсэн юм. Цэвээний эм Хувхүү хонины хойноос ирж үхсэн хурганы мах, арьсыг надад өгч оронд нь арьс элдэж өг гэснээр би үхсэн хурганы махыг хүүхдүүдтэйгээ хувааж идсэн билээ. Дараагаар нь тайж Цэвээн ирээд намайг хурга хулгайлж идэв гэж мээрэн Аминдоод мэдүүлэв. Мээрэн миний биеийг дуудаж “Чи хулгайч эм” гэж хилс ял тулгаж, торгууль болгож том охиныг маань ганц үнээтэй минь цуг Цэвээний мэдэлд өгөв. Дараа нь бошго Бордой, мээрэн Аминдоо нар ирж надад саах мал өгнө гэж Мөнх-Овоо гэдэг газар хуурч аваачаад Оржин гэдэг хүнд морь, тэмээ хоёроор худалдав. Өчүүхэн хүн би юм эс хэлж чадаад Оржинд зарцлагдах болов. Цэвээн тайж том охиныг минь хэдэн сар зарцалж аваад нутгийнхаа Даржаа гэдэг хүнд нэг морь, хоёр зуун далан цайгаар худалдчихав. Хоёр жилийн дараа охин маань надтай золгох гээд Даржаад хэлтэл Цэвээн тайж түүний магнайд тамга хайрч, ээж рүүгээ оргож босно гээд хөлийн улыг нь цоргисон дуулдав. Үүнийг сонсоод би маш ихээр тэсч ядав. Хурга хулгайлаагүй боловч намайг нэгэнт хулгайч болгож, бас гэрийн хүн болгож худалдсан мээрэн Аминдоод гомдсондоо би хөвгүүн, охин хоёртойгоо хамт үхье гэж шийдэв. Мөн Оржин намайг тайж Цэвээнд худалдах гэнэ гэснийг дуулж сонсов. Оржин биднийг маш их өлсгөв. Намайг хөвгүүнээ хорлох шөнө Оржин бидэнд нэг шанаганы ихэнх болсон малын цус өгөв. Түүнийг хүү, охин бид гурав хувааж идсэн боловч миний хөвгүүн цадахгүй надаас идэх юм өг гэж нэхээд унтахгүй уйлав. Хүүхэддээ идэх юм өгье гэвч өөрийн гэрт өгөх юм нэг ч юмгүй хов хоосон тул өгөх юмгүй байна гэж хэдэн удаа хэлж аргадан ядаад, эс болохоор нь гэнэт цухалдан уур үүсч бачимдахдаа өөрийн хүү, охин хоёртойгоо хамт үхсүгэй гэж санаад шөнө хүн амьтан унтсан даруй би сэмээр босч гурван настай охиныхоо хүзүүг илгэний тамгаар боож, долоон настай хөвгүүнийхээ хүзүү ба өөрийн хүзүүг нэгэн хэсэг дээсэнд суртай залгаж холбон бооход хөвгүүн минь “Ээж ээ, би уйлахаа байя” гэж бархирав. Хүнд мэдэгдэхээс өмнө үхүүлж дуусгая гэж дуу гаргахгүйг бодож хөвгүүний толгой, цээжийг өөрийн цээжин биеэр хөндлөн дарж хэвтсэн даруй хүү унтсан мэт ухаангүй болов. Хэдэн эрд очивч өчүүхэн жаргал үзсэнгүй цөмд нь гээгдэж хүний боол болсон өөрийн муу заяанд гомдож, нэгэнт удаан жаргалыг үзэхгүйгээс хойш зовлонгоос түргэн хагацахыг бодсон минь энэ...” (Улсын архив. Түшээт хаан аймгийн чуулганы даргын газраас Тэнгэрийг тэтгэсний 54-р (1789) оны зун цагт олон газраас ирсэн бичгийн хуулга дансны 9-17, 654-659 дүгээр талууд) Өгүүлэгдэн буй энэ баримтын дотроос “Ээж ээ, би уйлахаа байя” гэж бархирсан дуун чихнээ хүчтэй цуурайтаж зүрх, сэтгэл шимшрүүлнэ. Зовлонд нэрвэгдэж цөхөрсөн ээжийнхээ аймшигт үйл үйлдэх гэж буйг балчир хүү нь яахин мэдэх билээ. Идэх юм нэхсэний төлөө зодож хашраах нь гэж эмээхдээ л “Ээж ээ, би уйлахаа байя” гэж хашгирсан байх гэж бодохоос арга буюу элэг эмтэрнэ. Ардын хувьсгал ялан мандахаас өмнө Монголын эмэгтэйчүүд ингэж л “Хүмүүн төрөлхтний дотроос хүнд бэрхээр зовж тарчилж” байж дээ. Дотоод гадаадын мөлжигчдийн давхар дарлалын дор ийнхүү зүйл зүйлээр нухлагдан зовж байсан ч зарим нь тэдгээр дарлагчдын эсрэг чадах чинээгээрээ тэмцдэг байж. Энд бас нэгэн архивын баримтаас өгүүлье. “Вандуй нараас мал торгоход Вандуй малгүй тул түүний хүүхэн Омбохыг малын оронд тайж Энхжаргалд хариуцуулан олгожээ. Энхжаргал бас уламжлан харъяат засаг Үржинжавт Омбохыг өгөв. Хэрэгтэн Омбох өчих нь: Засаг ноён намайг зарцалсаар долоон жил болов. Би өлсч, ядрахын туйлд хүрэв. Энэ жил (1789 он) хатан намайг ус авахуулахаар одуулаад хожимдож ирэв гэж модоор миний нуруунд гурвантаа жанчив. Бас уух цай халаа гэхэд би сонсоогүйд намайг залхуурав гэж дахин гурвантаа жанчсанд Омбох би хатанд өширхөж нэгэн шөнө хатныг унтсан хойно хорлосугай гэж шийдэв. Тэгээд гэрийн туурганы гаднаас хатны цээж хавьцаа хутгаар хоёр удаа чичив. Хутга сохор учир түүний биед хүргэж чадсангүй. Хэд хоногийн дараа гэрийн гаднаас хатны цээж хавьцаа дахиад чичсэн ч мөн л би хутга хүргэж чадсангүй газар дээрээ баригдав. Омбох намайг Гуандүн (Хятадын өмнө зүгт) мужид цөлүүлж сэргийлэн суусан цэрэгт боол болгон шагнаж хашруулан залхаах ялаар шийтгэв” (Тэнгэрийг тэтгэсний 56-р (1791) оны хүрээний сайдын манж данснаас орчуулсан бүртгэл. Улсын архив 2-13-49) 18, 19-р зууны үед хүний наймаа, тэр дундаа хүүхний наймааг ил цагаан хийдэг байсныг дээрх баримтууд харуулж байна. Дашжид, Омбох нарын зэрэг эмэгтэйчүүдийн тэмцэл хэдийгээр өөрсдөд нь хохиролтойгоор төгссөн ч тухайн цагийн харгис төрийн бодлогод зохих хэмжээгээр дарамт үзүүлж, нэлээд буулт хийлгэж байсан байна. Жишээ нь Дашжид, Омбох нарын хэргийг шүүн тасалсан тухай бичгүүдийн дотор “Үүнээс хойш аливаа хүнийг шавь ба хошууны хүнд харилцан үл худалдах, худалдан авч үл болох” гэж дурдсанаас тодорхой байна. 1921 онд Ардын хувьсгал ялсны ачаар монгол хүүхнүүд “Гэрийн зарц, эрийн боол” нэрээ гээж эрэгтэйчүүдтэй эн чацуу эрх бүхий гэрийн эзэн, төрийн төлөөлөгчид болж хувирсан билээ. Манжийн дарангуйллын үе ба автономитын үеийн аль алинд нь гурван ихэр хүү төрүүлсэн эмэгтэйг шагнан урамшуулдаг байсан мөртөө гурван ихэр охин төрүүлсэн юмуу, гурван ихрийн нэг нь охин байвал ямар ч шагнал хүртээдэггүй байжээ. Энэ бол эмэгтэй хүнийг үлэмж дорд үзэж, бараг л хүний тооноос гаргаж байсны гэрч юм. Тийм ч учраас тухайн цаг үед “Оргүйд орвол охинтой нь дээр” гэдэг үг гарч байжээ. Ер нь түүхээс харахад монгол эмэгтэйчүүд хэрцгий хэрэг цөөнгүй үйлддэг байсан бөгөөд ч гадаадын хэвлэлд монгол бүсгүйчүүд их зоригтой гэж бичсэн байв.