2019 он. БНХАУ-ын Эрээнээс Бээжин хотын чиглэлд зорчиж явсан хот хоорондын автобусаар 36 монгол иргэн үйлчлүүлжээ. Хурдны замаар давхиж явсан уг автобус Хэбэй мужийн Жанчхүү хотоос 30 км-ийн зайд 23:00 цагийн орчимд гэнэт шатжээ. Азаар хүний амь эрсдээгүй ч эрсдэл гарахад тун ойрхон байсан тухай тус автобусанд явсан зорчигч ярьж байна. Тухайн үед автобусанд сууж явсан хүмүүс тэр үед бүгд унтаж явжээ. Харин азаар хойд хавьд сууж явсан нэг залуу сэрж, автобусны жолоочид утаа үнэртэж байгаа тухай хэлсэн байна. Гэвч жолооч “Хянах самбар дээр ямар нэгэн галын дохиолол ирээгүй байна, санаа зоволтгүй” хэмээн суудалдаа суухыг зөвлөсөн аж. Жолоочийн үгэнд итгээгүй монголчууд тэр даруй бужигнаж, автобусыг зогсоон дөнгөж буунгуут гал авалцаж автобус дэлбэрсэн байна. Одоогоор хэргийг холбогдох байгууллагууд нь шалгаж байгаа гэх бөгөөд дор хаяж сарын дараа дүгнэлт нь гарах гэнэ. Ямар нэгэн утаа үнэртэж байгаа гэж бодсон зорчигчид ачаа бараагаа авч амжилгүй автобуснаас буусан байна. Иймд хүний нутагт ямар ч бичиг баримтгүй, мөнгө төгрөггүй хоцорчээ. Тухайн автобусанд явсан урд хөршид суралцдаг хоёр оюутан охин энэ болсон явдлын талаар ЭСЯ-нд дуулгатал “Амралтын өдөр таарсан тул ажлын өдрүүдэд ханд” хэмээн утсаа тасалсан гэнэ. Ийнхүү өмссөн хувцастайгаа л хоцорсон 36 монгол иргэн тэр шөнөдөө өөр автобус иртэл гадаа хөлдөж үхэх шахан хүлээснээр сая нэг Бээжинд очсон байна. Гэвч дахиад л ЭСЯ хүнд суртал гаргаж, Эрээн хотоос очиж хил нэвтрэх бичгээ ав хэмээн хүлээж аваагүй гэнэ. Хохирлыг нь барагдуулах талаар ямар арга зам байгаа эсэхийг ЭСЯ-ныхнаас асуухад “Үйлчлүүлж байсан автобус компанитайгаа л уулз” гэж өөрсдөөсөө түлхэж, хаалгаараа бүү хэл хашаандаа оруулаагүй аж. Гэтэл өнөө тээврийн компани нь “Монголчууд амь даатгал хийлгээгүй учир даатгал авах боломжгүй. Бид ч гэсэн автобусаараа хохирсон. Ямар эд зүйл шатсан эсэхийг тогтоох дүгнэлт сарын дараа гарна. Манайхаас энэ дүгнэлтийг л гаргаж өгч чадна” гэж пээдэлзжээ.
Амьжиргаагаа залгуулах гэж явсан арав таван цаасаа үнс болгосон наймаачдаас гадна Бээжингээс БНСУ руу нисэх гэж байсан хоёр ч хүний визний материал шатжээ. Тэдгээр иргэд наашаа ч үгүй цаашаа ч үгүй болж, Элчин сайдын яамныхнаас тусламж хүссэн ч “Буцаад Монголдоо очиж, БНСУ-ын ЭСЯ-нд ханд” хэмээн мөн л өөрсдөөсөө бултуулжээ. Ийнхүү хүний нутагт амьдаараа шатаж үхэх байсан монголчуудаа Элчин сайдын яамныхан нь огт тоосонгүй өнгөрсөн нэгэн хэргийг нэхэн сануулъя.