Сэтгэцийн өвчтөний гарт хөл хүнд бүсгүй, 4 настай охиныхоо хамт амь насаа алдаж, 3 настай охин нь маш хүндээр бэртсэн харамсалтай явдал оны эхээр гарсан билээ. Цэргийн төв эмнэлгийн алтан гартай эмч нарын ачаар 3 настай охин нь амь насны эрсдэлтэй гурван ч том хагалгааг амжилттай давж, өдгөө аавынхаа хамтаар амьдарч, ээжийгээ өдөр бүр нэхсээр байна. Ээжийн тухай дуу өдөр бүр дуулж, хүн орж ирэхээр ээж үү гэж асуудаг аж. Харамсалтай нь охин одоо хүртэл сэтгэлзүйн цочролтой байгаа бөгөөд эрэгтэй хүн харахаараа айж уйлдаг гэнэ. П.Сувданхуяг монголчуудынхаа хандив дэмжлэгээр өөрийн гэсэн хашаа байшинтай болж, охин нь хүнд хагалгаануудаа амжилттай давсанд багахан ч гэсэн сэтгэл нь тайвширсан нь лавтай. Тэрээр саяхан эхнэр, хүүхдүүдийнхээ 49 хоногийг хураахдаа төрөх тасагт очиж, эхчүүдэд хэрэгтэй зүйлээр нь тусламж үзүүлж, буян үйлдсэн юм. Гэвч сэтгэцийн өөрчлөлттэй гэх М.Батчулууныг төрсөн эгч нь батлан даалтад гаргасан байгаад П.Сувданхуяг маш их гомдолтой байна. Өмнө нь бас хүн амины хэрэг үйлдэхэд нь ар гэрийнхэн нь сэтгэцийн өөрчлөлттэй хэмээн эмнэлэгт хэсэг хугацаанд хэвтүүлээд гаргаснаас дээрх эмгэнэлт хэрэг болсон байдаг. Гэтэл энэ удаа ч бас ар гэрийнхэн нь батлан даалтад түүнийг гаргасан бөгөөд дахин хэрэг үйлдэх вий гэхээс хохирогчид болгоомжилж байна. Хэргийн мөрдөн байцаалт дуусч, яллагдагч М.Батчулуунд бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар дүгнэлт үйлдэж прокуророос шүүх рүү шилжүүлээд байгаа юм.