Ц.ЭЛБЭГДОРЖ: МОСКВАГИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДУУДВАЛ ОЧИХГҮЙ ЭЭ, МОНГОЛЫН НЭРИЙН ӨМНӨӨС ДУУДВАЛ БИ ОЧНО ОО



Сүүлийн үед Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой таагүй мэдээллүүд гарах болсон. Ялангуяа түүнийг Ерөнхийлөгч байх үедээ асран хүмүүжүүлж байсан 24 хүүхдүүд хаана байгааг олон хүн сонирхож байгаа билээ. Хууль хяналтын байгууллагаас уг асуудалд "Түүний асарч хүмүүжүүлж байсан 24 хүүхдийн 3 нь Энэтхэг улсад суралцахаар явсан, бусад хүүхдүүд нь эх орондоо байгаа, бүгд нас биед хүрсэн" хэмээн тайлбар өгсөн. Харин тэрээр өөрөө энэ талаар клубхауст илэн далангүй ярилцсаныг товчлон хүргэе.
-Та одоогоор ямар ажил эрхэлж байна, таныг шалгагдаж байгаа учир эх орондоо ирж чадахгүй байгаа гэж үнэн үү?
-Миний хувьд 2023 оны есдүгээр сард эх орноосоо гарсан байна. Ерөнхийдөө намайг шалгалтаас зугтаад явчихсан мэтээр янз бүрээр ярьдаг. Миний хувьд Ерөнхийлөгчөөс буусны дараа бараг таван жил Авлигатай тэмцэх газар /АТГ/ болон холбогдох байгууллагуудад шалгуулсан. Энэ хугацаанд хилээр гарч болохгүй байлаа. Ингээд 2022 оны долдугаар сард прокуророос “Таныг шалгалаа, ямар нэг асуудал гарсангүй. Тиймээс таны хэргийг хаалаа. Одоо та гадагш гарч болно” гээд шүүхийн шийдвэр гарсан шүү дээ. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл АНУ-д Стенфордын их сургуульд өдгөө гурав дахь жилдээ багшилж байна. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй аюултай асуудал тэр дундаа эрх чөлөө, ардчилсан тогтолцооны өмнө тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудлыг судлах чиглэлд зөвлөхөөр нь энд урилгаар ажиллаж байна. Сайд дарга хийж байсан өчнөөн хүмүүс бий, тэдэнд ч ийм боломж байгаа шүү дээ. Өөрсдөө хүсвэл олон улсад гараад ажил, хөдөлмөр эрхлэх боломж нь нээлттэй. Миний хувьд хэзээд эх орондоо очих боломжтой, шахуу ажилтай учир тийм боломж хомс байна. Түүнээс зугтаад яваад байгаа зүйл байхгүй. Өөр бусад олон улсын байгууллагуудаас хүртэл хурал, зөвлөгөөний урилга ирж байгаа ч заримд нь очиж амжихгүй байгаа. Мөн багшлахын хажуугаар Нельсон Манделагийн байгуулсан “The Elders” нэртэй ахмадуудын дэлхийн алдартай байгууллага бий. Энэ байгууллагад дэлхийд нэр хүндтэй алба хашиж байсан 11 гишүүнтэй, нэг гишүүнээр нь ажиллаж байна. Дээрээс нь Club de madrid гээд ардчилсан үзэл бодолтой ерөнхийлөгч нарын том клуб бий. Үүний ажил бас маш их. Жилд 3,4 удаа цугладаг.
Мөн ICDP гээд хүний эрхийн байгууллага байна. Уг байгууллагаар дамжуулан дэлхийг цаазын ялаас салгах үйлсэд хувь нэмрээ оруулж, ажиллаж байна. Энэ хүрээнд Африкийн хоёр орон цаазын ялыг халсан. Мөн Латин Америкийн орнуудад очиж хурал, зөвлөгөөнд оролцож байгаа. Энэ мэт маш завгүй ажиллаж байна. Үүнээс гадна AI технологийн чиглэлд хамтарч ажиллаж байна. Ерөнхийдөө дэлхийд технологийн дэвшил явсаар байгаад маш өөр орчин хэмжигдэхүүн бий болох юм билээ. Бидний мэддэг зүйл бүгд өөрчлөгдөнө. Энэ чиглэлээр хүртэл судлахад гар бие оролцож байгаа. Бид ч бас энэ тухай мэдэх ёстой. Миний ажил байдлын тухайд ийм байна.
-Сүүлийн үед таньтай холбоотой нэгэн мэдээлэл Монголд шуугиан болж байгаа. Таны өргөж авсан гэх хүүхдүүд одоо хаана байгаа вэ. Та эдгээр хүүхдүүдтэй холбоотой байгаа юу?
-Миний хувьд эхээс наймуулаа, отгон нь би. Харин манай гэргий бол эхээс долуулаа хамгийн том нь. Өөрөө дүү нараа өсгөсөн юм. Ингээд 2004 оны үед бид хоёр хүүхэд өргөж авъя гэж ярилцаад асрах газруудаар явсан. Ээж, аав нь орхиод явчихсан маш олон хүүхэд байсан. Түүнээс хойш асрах газрын хүүхдүүдийг бүгдийг нь зусланд амрааж, шинэ жилээр бэлэг тараадаг болсон. Тэгээд энэ олон хүүхдээс хоёр хүүхдийг нь аваад явах гэхээр үлдсэн хүүхдүүдийг харахаар тэр нүд харж байгаа зэрэг нь их өрөвдөлтэй. Тэгээд ер нь бүгдийг өргөж авъя гэж шийдсэн. Тэр дунд янз бүрийн л насны хүүхдүүд байсан. Тэгээд 26 хүүхэд өргөж авсан, ганц нэг хүүхэд нь багшаа саналаа гээд буцсан. Хүүхдэд маш их зүйл хэрэг болдог. Нэн тэргүүнд элэг бүтэн байлгая, хайраар дутаахгүй байлгая л гэж боддог байсан. Ер нь бол хорвоо дээр орь ганцаар хүүхэд гэж байдаггүй. Хайгаад үзэхээр эмээ нь, ээж нь, аав нь, хамаатан нь байдаг. Тэр болгоныг нь хайж олж уулзсан. Өргөж авсан бүх хүүхдүүдтэйгаа арваад жил байсан. Энэ хугацаанд маш их дурсамж бүтээсэн байдаг. Тухайн үед Time сэтгүүлийн хүмүүс ирж уулзаж, байсан. Дэлхийн хамгийн олон хүүхэдтэй Ерөнхийлөгч гээд сурвалжилж байсан. Үүнээс хойш хүүхдүүдээ том болж гар хөлийн үзүүрт зарагддаг болоод тусад орсон үед ар гэрийнхэн нь ирж авсан. Манай хүн бид хоёр хүүхдүүдийнхээ мөнгийг хуримтлуулдаг. Түүнийг нь явахад нь өгдөг. Мөн янз бүрийн ахуйн зүйлээр буюу ар гэрт нь гэр, хашаа, тавилга, түлээ түлш, унаа зэргээр тусалсан. Хүүхдүүдээ нэг нэгээр нь явахад их л гунигтай санагддаг байсан даа. Ерөнхийдөө арваад жил хүүхдүүдийг өсгөсөн. Энэ 20 гаруй хүүхдийг өсгөсөн нь миний амьдралдаа хийсэн хамгийн том чухал ажил. Одоо ч манай хүн өсгөсөн хүүхдүүдтэйгээ харилцаатай байдаг. Эхний хүүхдүүд гэр бүлтэй болсон байна. Яахав хүмүүс янз бүрээр ярьж байна билээ. Хүүхдүүдээрээ алт угаалгасан байна гээд хүмүүс над руу дайрч байсан. Манай хүн лабораторид ажилладаг байсан, хүүхдүүддээ хийдэг ажлаа харуулж байсан зургийг хараад хүмүүс тэгж яриад байгаа юм. Сайн зүйлсийн хажуугаар ийм янз бүрийн яриа орж ирдэг л дээ, түүнийг нэг их тоодоггүй. Би өмнө нь хүүхдүүдийнхээ тухай олон хүмүүст ярьж байгаагүй.
Хүүхдүүдийг өсгөхөд манай хүн маш том үүрэг гүйцэтгэсэн. Хүүхдүүд маань хувийн амьдралтай болсон. Сүүлийн үед хүний санаанд багтахааргүй зүйлийг ярьж байна. Тэр муу яриа нь өөрт нь л тусах байх. Хүүхдүүдээ сайхан өсгөөд гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн дээ.
-Мөн таныг Эйпштентэй холбоотой, хамтарч ажиллаж байсан гэсэн баримтууд байна, та энэ хүнтэй уулзаж байв уу?
-Би өмнө нь ч хэлж байсан. Би ямар ч муу зүйлд оролцоогүй. Тэр баримт зэргийг нь дэлгэх хэрэгтэй. Надад тийм арал байхгүй. Ганц нэг удаа таарсан байж магадгүй. Тэр муухай сүлжээнд мэдсээр байж оролцсон хүмүүс байвал ямар ч албан тушаалтан байсан хариуцлага үүрүүлэх хэрэгтэй, ийм байр суурьтай байна.
-Та эх орондоо хэзээ ирэх вэ, ардчилал дарангуйллаар солигдож буй энэ үйл явцыг харахаар сэтгэл гонсойдог уу?
-Аливаа үндэстнийг устгахын тулд тэр үндэстний нөлөө бүхий сайн хүнийг муулдаг, харлуулдаг, устгадаг, юу ч биш болгодог. Энэ үйлдэл ихэнхдээ хойд талаас орж ирдэг. Ер нь бол Монгол луу, баавгай хоёрын хооронд чөдөртэй морь шиг л байдаг улс шүү дээ. Энэ дунд тэнцвэр хангах гэж байгаа. Нарийн улс төртэй, хүнд орчинд байдаг улс гэдгийг бид бүгд мэднэ. Юуг өөрсдөө хийх вэ, юуг бусадтай хийх үү, алийг нь хийхгүй байх вэ гээд хэцүү. Монгол Улс ардчилал, тусгаар тогтнолоо хамгаалах гэж зүтгэж байна. Өнөөдөр Украйн улс бол халуун дайнтай байна. Харин Монгол Улс ардчилсан сонголтоо ард түмэнтэйгээ хамт хийсэн. Түүнээс хойш буюу 1990 оноос хойш ардчиллаа хамгаалах гэж хүйтэн дайны орчинд байна. Яг үнэндээ газарзүйн хувьд хоёр хөрштэй боловч зарим үед улс төр талаасаа ганц хөрштэй юм шиг л байна. Монгол Улс улсын бие даасан байдал, үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолыг хамгаалахын тухайд хийх асар их чухал зүйлүүд байна. Зарим зүйлийг нээлттэй ярьж, заримыг нь дотроо бодоод явж байна. Би бүрэн эрхийнхээ хугацаа дуусахад найман жил хийсэн ажлаа гурван сар ярьж, тайлан тавьсан. Би өмнө нь ч хэлж байсан Москвагийн нэрийн өмнөөс дуудвал очихгүй харин Монголын нэрийн өмнөөс дуудвал би очно оо. Монгол, Монголын эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчилал хүнд байдалд орвол хамгийн түрүүнд дуугарна. Тийм учраас миний дуу хоолойг бүдгэрүүлэх гэж гар хөлүүдээрээ дайруулдаг улс бий.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

ШИНЭ МЭДЭЭ