Андржей Карел Кадлец 1859 онд Чехийн Добржиши хотод мэндэлсэн ба 1880-аад онд Орост цагаачилсан ба нэрээ Андрей Вячеславович Кадлец хэмээн өөрчилсөн байдаг. Тэрээр Прагийн болон Санкт-Петербургийн Консервиторийг хийлч, хөгжмийн зохиолч, удирдаачийн мэргэжлээр төгсгөсөн, Маринскийн театр, сургуульд болон Цэргийн тойргийн найрал хөгжмд удирдаачаар ажиллаж байсан. Хэд хэдэн хошин дуурь, бүжгийн жүжгийн ая бичсэн хүн байжээ. Маринская театрын хийлч байсан тэрээр Монгол Улсын төрийн дууллын анхны аяыг 1913 оны сүүлээр Петербургт ирээд байсан сайд Намнансүрэнгийн хүсэлтээр бичиж байсан гэгдэхийн сацуу уг дууллын үгийг буряд Агваандоржийн бичсэнээр авч, анх 1914 оны 11 сарын 7 нд Богд хааны дэргэдэх 9 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн үлээвэр хөгжимчдөөр тоглуулж, дуучин Цэрэнсандаваар дуулуулж байсан аж.
Сонирхуулахад, "Эртний сайхан" дууг хуучцуул "Чингис хааны үеийн төрийн сүлд дуулал" хэмээн ихэд хүндэтгэж байжээ. 1930-аад оны үеэс дуулахаа больж мартагдаж байсан энэ дууг 1935 онд алдарт дуучин М.Дугаржав уртын дууны түүвэр номд оруулснаар дууны үг нь хадгалагдан үлджээ. Мөн МУГЖ, алдарт уртын дууч Ж.Дорждагва 1970 онд хэвлүүлсэн "Уртын дуу"-ны түүвэр номдоо "Эртний сайхан" дууны үгийг тухайн үеийн үзэл суртлын нөхцөл байдалд зохицуулан өөрчилжээ. Английн цэрэг Төвдөд цөмрөн ороход 13-р Далай лам Түвдэнжамц дайжиж 1904 онд Монгол оронд залран ирж жил гаруй (1906 он хүртэл) байх үеэр энэхүү дууны төгсгөлд "Банчин далай ламдаа бараа болон жаргая" гэж нэмж дуулдаг болсон байна. 1911 онд Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд заларсны дараа энэхүү дуунд "Хаан эзэн Богдын хамт бүгдээрээ жаргая" хэмээн түрдэг болжээ. Олноо Өргөгдсөн Монгол Улсын үед "Зуун лангийн жороо луус" дуу төрийн сүлд дуулал болж байв.
Түүхийн баримтаас үзвэл төрийн шинэ дууллын шүлэг зохиох, түүний сонгон шалгаруулалтын ажил 1945 оны үеэс эхлэж байжээ. Тухайн үеийн урлагийн хэрэг эрхлэх газраас “Монгол улсын шинэ дууллын үгийг зохиох хаалттай уралдааны дүрэм”-ийг гаргаж шүлгийн агуулга, хэлбэрийн хувьд тусгай заалт, чиг хандлагыг өгчээ. Шүлгийн уралдаанд 1945 оны 12-р сарын 31 гэсэн хугацаа тогтоож өгсөн хэдий боловч бүтээлүүд нь 1946 оны 4 дүгээр сар хүртэл ирсээр байсан ба энэхүү шүлгийн уралдаанд Ц.Дамдинсүрэн, Ц.Цэдэнжав, Д.Даржаа, Ч.Лодойдамба, Тойвгоо, Нацагдорж, Л.Дүгэрсүрэн, Д.Цэдэн, Д.Сэнгээ, Г.Чүлтэм, Наваандоо, Цэрэнжав зэрэг зохиолч, яруу найрагчид оролцжээ. Харин бэлэн болсон шүлгүүдэд нь Б.Дамдинсүрэн, Лха.Дорж, Ж.Дорждагва, Л.Мөрдорж, Д.Лувсаншарав, Г.Жамъян нар ая зохиож оролцсон нь 1949 оны эхээр бэлэн болов. Шинэ дуулал шалгаруулах ажилд маршал Х.Чойбалсан өөрийн биеэр оролцон ая, дууны олон хувилбараар харьцуулан сонсож байжээ. Ингээд “Хад” гэх нууц нэрээр оролцсон Б.Дамдинсүрэнгийн зохиосон аялгууны эхний хэсгийг “Бор шувуу” хэмээх нэртэй Л.Мөрдоржийн дууны төгсгөлийн хэсэгтэй нийлүүлсэн хувилбарыг сонгон авч симфони найрал хөгжим, цэргийн үлээвэр найрал хөгжим, найрал дуу, эрэгтэй чуулга, эрэгтэй гурвал, гоцлол зэрэг байдлаар олон удаа сонссоны эцэст баталж, Улсын Бага Хурлын зарлиг гаргаснаар, та бидний өнөөдрийг хүртэл дуулж буй Төрийн сүлд дуулал хэвээр байгаа. Хожим 1990-ээд ардчилсан хувьсгалын дараахан зарим нэг үгийг цаг үеийн байдалд зохицуулан өөрчилсөн ч үндсэн санаа агуулга, ая данг өөрчлөөгүй билээ.