ӨВ СОЁЛ НЭРИЙН ДОР ҮР ХҮҮХДЭЭРЭЭ ТАХИЛ ӨРГӨСӨӨР БАЙХ УУ?


-2014-2024 онд 46 морь унаач хүүхэд уралдааны замд амь насаа алджээ-

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс тавдугаар сарын 01-ний хооронд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ, зохион байгуулахыг хориглосон билээ. Гэтэл Төв аймгийн Сэргэлэн суманд уяачид аль хэдийнэ хурдан морио уяж сойж эхэлжээ. Тэд тусгай зориулалтын уралдааны зам засаж, сунгаа, үсэргээн хийж байна. Ингэхдээ унаач хүүхдүүдийн хичээлийг таслуулж, чихийг нь хөлдөөх зэргээр эрүүл мэндэд нь эрсдэл учруулж байгаа талаар мэдээлэл авсан УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалаар ахлуулсан албаны хүмүүс тус суманд өнгөрсөн долоо хоногт очиж ажиллажээ. Гэтэл тэднийг очиход Сэргэлэн сумын сургуулийн 58 хүүхэд хичээлээ тасалж морь унахаар явсан байв. “Өв соёл” нэрийн дор хүүхдээр хөдөлмөр эрхлүүлж, боловсрол эзэмших цаг хугацаа, боломжоос нь хумсалж буй энэ үйлдлийг тэд холбогдох албаны хүмүүсээс нь таслан зогсоохыг шаардсан байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд хурдан морь унаж уралдаж байх явцдаа 52 хүүхэд гэмтэж бэртсэнээс гавал тархины битүү гэмтэл авсны улмаас 46 хүүхэд амь насаа алджээ. Харамсалтай нь эдгээр нас барсан хүүхдийн 29 нь 10 нас ч хүрээгүй балчир үрс байжээ. Хэдийгээр хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлын хангаж ажиллах тал дээр холбогдох байгууллагууд нь ажиллаж байгаа ч жил болгон 4-5 хүүхдээр тахил өргөсөн хэвээр байна. “Өв соёл” нэрийн дор хүүхдүүдийн амь насаар дэнчин тавьж нааддаг зэрлэг цэнгэлдээ цэг тавих цаг болжээ.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

ШИНЭ МЭДЭЭ