img

img

Туул гол дагуу баригдах 32 км хурдны замын 11 км нь голын татам дээгүүр барихыг иргэд эсэргүүцсээр байгаа. Мэргэжлийн байгууллагуудын судалгаа дүгнэлт нь хуурамч, бусдын гарын үсгийг ашигласан гэх мэт ар араасаа олон баримтууд ил болж, иргэдийн бухимдлыг төрүүлсээр байна. Туул гол дээгүүр хурдны зам тавих нь ямар эрсдэлтэй болохыг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн захирал, доктор И.Түвшинтогтох ийнхүү тайлбарлалаа.


“Туул гол дээгүүр хурдны зам тавихыг би мэргэжлийн хүний хувьд эрс эсэргүүцэж байна. ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн 2023 онд нийслэлийн ногоон байгууламжийн бүртгэл тооллого хийсэн. Энэхүү судалгааны үр дүнгээр Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламж 9,2 м ба энэ нь дэлхийн хотуудын дунджаас 3 дахин бага, НҮБ-ын зөвлөмжөөс 4 дахин бага үзүүлэлт юм. УБ хотын хөгжлийн үзүүлэлт хүнд таагүй гэсэн дүгнэлт гардаг. Хөгжлийн индексийн нэг гол үзүүлэлт бол нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ, хүртээмжтэй байдал буюу гэр болон ажлаасаа алхаад цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах боломжоор хэмжигддэг. Манай улсын нийслэл Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 43% нь байгалийнх ба ихэнхийг нь Туулын бургас бүрдүүлдэг. Хурдны зам тавьснаар 43 га бургас, улиасан байгалийн ойг устах нь тодорхой боллоо. Зарим хүмүүс сошиалаар бичиж байна. Нөхөн сэргээх зардал нь тавигдчихсан, хэдэн бургасыг дахиад л тарьчихна юун сүртэй юм гэж. Үүнийг би мэргэжлийн хүний байр сууринаас тайлбарлаж өгье.
Нэгдүгээрт, 6 эгнээ 11 км урт гүүрний доор сүүдэрт ямар ч ургамал ургаж чадахгүй, хоёрдугаарт, тарилаа гэхэд энэ хэмжээндээ хүртэл 15-20 жил шаардлагатай. Туул гол маань 20 жил хүлээж чадахгүй л болов уу даа. Гантай хуурай жил заримдаа тасардаг. Зарим хүмүүс тайрсан модны үндэс нь үлдсэн тэрнээсээ дараа нь ургана гэж мэдэмхийрч байна. Хүнд машин механизмаар 3 жил давтсаны дараа ургадаг бол Сэлбэ, Дунд голын бургас ургах л байсан байх даа.300 гаруй асар том бетонон багануудыг 30 м гүнд суулгана гэхээр тэнд бургасны үндэс байтугай хөрс ч үлдэхгүй. Улаанбаатар хотод байгаа 2 цэцэрлэгт хүрээлэн болох Ботаникийн цэцэрлэг 1966 оноос, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг 2000 оноос эхлэн тарималжуулсан ч одоо хэр нь ногооруулаад дуусчихсан бил үү. Хотоо цементэн шугуй болгочихоод зун болохоор бүгдээрээ “хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхсөөр” хөдөөг зорьдог. Ногоон ургамал байгалиас эрчим хүчээ нөхөх гэж энэ шүү дээ. Тэгээд байгаагаа өөрсдөө устгана! Тэрбум мод хэрэгжээд 5 жил боллоо. Улаанбаатар хотоо ногооруулж чадсан бил үү? Төр засаг нь нэг гараараа тарь гэнэ, нөгөө гараараа өөрөө устгана. Энийг юу гэж ойлгох уу?
Гол дээрээсээ, доороосоо тэжээгддэг. Хур тунадасны усыг бургас үндсээрээ барьж тогтоож, хөрсөн доорх урсгалыг бүрдүүлдэг. Мөн голыг тэжээж байдаг мөнх цэвдэгийг бургасан шугуй гэсгээхгүй хамгаалж байдаг. Хурдны зам тавигдвал Туул голоос хааяа үерийн ус урсдаг сайр үлдэнэ. Ус урсдагаараа урсана гэж бодож байгаа бол үгүй гээд хэлчихье!
Энэ жил КОП-17 УБ хотод болно, 70 гаруй орны 11 мянган зочид төлөөлөгч ирэх сурагтай. Монголчууд нийслэлдээ байдаг ганц голоо ухчихаад, байгальдаа ямар хайртайгаа дэлхийд сурталчлах “аз завшаан” тохиох нь дээ. Уулзваруудыг давхар болгох, төмөр замыг Богд уулын урдуур гаргаж, оронд нь зам тавих гээд түгжрэлийг шийдэх олон арга зам бий, ийм их мөнгөөр. 2,3 их наядын зам, Туул голын үнэ цэнээр өөрөөсөө хэд дахин өндөр төлөөсөөр баригдаж болохгүй.
Байгаль орчны ямар ч мэргэжлийн санал дүгнэлт байхгүй гээд нэмээд хэлчихье.
Монгол улсад уур амьсгалын дулаарал дэлхийн дунджаас 3 дахин эрчимтэй явагдаж гол, нуурын ус жилээс жилд багассаар байна. Туул голын маань ус 40-50 жилийн өмнөхтэй харьцуулшгүй болсон. Туул голынхоо усыг нэмэгдүүлэх, бохирдлыг бууруулах, эрэг хөвөөгөөр нь барилгажилтыг зогсоох, хамгаалалтын бүсийг нэмэгдүүлэх, мод бургас нэмж тарих ажлыг Нийслэл өөрөө санаачилж хэрэгжүүлэх атал хөгжил хэмээх нэрийн доор Туул голынхоо татмын ойг 11 км-т нэлэнхүйд нь устгаж, 3000 мянган бетонон баганууд зоож, голын хамгаалалтын бүсийг 75 м байсныг 50 м болгон өөрчилж байгаа нь байгалийн эсрэг хийж буй уучилшгүй гэмт үйлдэл. Улаанбаатар хот Туул голынхоо бараг эхэнд байдаг. Орхон голтой нийлтлээ олон сумын нутгаар дайрна, энэ орон нутгийн иргэдийн эрх ашиг ч хөндөгдөж буй. Орчин цагт хөгжил гэдгийг бетон цутгахаар хэмжихээ больсон, дэлхий хотууд хүн амьдрах ээлтэй орон зайг бий болгож, байгальдаа аль бол ойрхон байхаар төлөвлөлтүүдээ хийж эхэлсэн. Хэдийгээр бид хөгжил, эдийн засгаараа хоцорч буй ч ухаан сэтгэлгээгээрээ хоцрогдох учиргүй. Хэзээнээсээ байгаль эх дэлхийтэйгээ зохицож, нэгдэж амьдарч ирсэн ард түмэн билээ. Харин ч бүр манлайлах чадвартай гэж боддог. Туул голын татмын хамгаалалтын газрыг өргөжүүлж, харин ч ус хураах ай савыг нь нэмэгдүүлэх, шаардлагатай бол барилгуудыг буулгах, мод тарих ажлыг хийх ёстой шүү!

ШИНЭ МЭДЭЭ