Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий, түүний эцэг нэгт ах Б.Баатар нар бүлэглэн бизнес эрхлэгч П.Хишигбаярын “Гэрэгэ” тауэрт байрлах 14 давхрын үл хөдлөхийг дээрэмдэж авсан гэх асуудал 5 жилийн өмнөөс яригдаж байсан билээ. Тэдэнд өөрийн бизнесээ дээрэмдүүлсэн гэх бизнес эрхлэгч П.Хишигбаяр өнөөдөр олон түмэнд хандаж мэдэгдэл хийж, үнэнийг илчиллээ.
“Анх 2021 оны 11 дүгээр сард “Гэрэг” тауэрийн 14 давхрыг 1 сая ам.доллараар зарахаар тохиролцоод тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий хүн болох түүний ах Х.Баатарын “Херо” энтертайнмент тэнд нүүж орж ирж байлаа. Ингээд гурван жилийн хугацаанд нэг ч төгрөгийн төлбөр төлөхгүй яваад байсан, иймд маш олон удаа уулзаж, төлбөр мөнгөө өгөхийг шаардсан олон албан бичгийг ч өгч байсан. Бүгд гэрчтэй, баримттай. Жишээ нь, нэг уулзалтыг ярья. 2023 онд Баянгол зочид буудлын 1 дүгээр давхарт байрлах жимд Б.Баатартай очиж уулзсан. “Төлбөр мөнгөө төл өө, төлж чадахгүй бол одоо гар аа, бид нар өөрсдийн үйл ажиллагаагаа явуулъя” гэж хэлэхэд намайг заналхийлж, сүрдүүлж “ Ална шүү бацаан минь, аятайхан байгаарай” гэх мэтээр зүй бус харьцсан. Тухайн үед би “Энэ чинь их замын дээрэм юм уу” гэж хэлээд маргалдаад гарч байсан. Энэ бол гэрчтэй болсон үйл явдал. Тэгээд энэ хүмүүсийг эрх мэдлээрээ бусдыг айлгаж, сүрдүүлж, дарамталж ирсэн хүмүүс юм байна гэж ойлгосон. 2025 оны 1 дүгээр сард энэ хүмүүс надад хэрэг тохож, улмаар 19 хоног цагдан хорьж, “Гэрэгэ” тауэрийн 14 дэх давхрыг үнэ төлбөргүй шилжүүлж авсан. Ямар ч мөнгө төгрөг шилжүүлээгүй. “Энэ бол дээрэм” гэж намайг хэлэхэд цагдан хоригдож байх хойгуур ичсэн нүүрэндээ 1,5 тэрбум төгрөгийг манай данс руу хийсэн байсан. Үндсэндээ энэ асуудлаас болж намайг дуугүй байлгах гэж олон янзаар үзсэн. Тэр үндсэн арга нь барьцаалах. Ар гэр, эхнэр хүүхдийг минь барьцаалсан. Үүнийг би баримтаар хэлье.
2024 онд болсон МҮХАҮТ-ын сонгуулийн үеэр Т.Дүүрэнг барьж хорьсны дараа эхнэрийг нь барьцаалж, бичлэг хийлгэх замаар “Танхимын сонгуульд Л.Оюун-Эрдэнийн дүү холбоо хамааралгүй” гэж бичлэг хийж авч, олон нийтэд цацаж байсан. О.Амартүвшингийн хувьд ч мөн барьцаалагдаж, бичлэг хийлгүүлж байсан. Манай гэр бүлийг ч мөн зүгээр байлгаагүй, эхнэр дээр маань зохиомол хэрэг үүсгэсэн. Энэ хугацаанд биднийг АТГ, ЭЦГ, тагнуул, прокурор, татвар, шат шатны шүүхээр чирлээ. Үндсэндээ хууль хяналтын хонгил гээч юмаар бүрэн чирэгдэж үзлээ. Өнөөдөр би 15 жил бизнес эрхлээд явж байхдаа босгосон энэ хөрөнгө минийх юм уу, эрх мэдлээрээ сүрдүүлэн далайлгаж, дээрэмдэж авдаг хэн нэгэн даргын хөрөнгө юм уу гэдгийг ойлгохоо байлаа. Энэ бол төрийн нэрээр вакумжсан дарга нар юу ч хийж болдгийн тод жишээ. Гэрэгэ тауэрийн 14 давхар бол Монгол Улсад залуучууд бизнес эрхэлж болох уу үгүй юу гэдгийг харуулсан тод жишээ. Цаашдаа би өөрийн дуу хоолойгоо олон нийтэд хүргэж энэ асуудлыг ил болгоно. Цаг хугацааны хувьд ч одоо дуугарах ёстой гэж бодож байна. Учир юу гэвэл Хууль зүйн сайд Б.Энхбаяр үүнийг бол албан ёсны дээрэм, зохиомол хэрэг гэдгийг зарлалаа. Энэ асуудалтай холбогдуулж Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар, Н.Амундра нарыг уулзахыг шаардаж байна. Энэхүү дээрмийн хэргийг эцэслэх ёстой гэж бодож байна" гэж ярилаа.
