УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах", "Үндэслэлгүйгээр хөрөнгөжих", "Нийтийн албан тушаалтан хахууль авах" гэсэн зүйл ангиудаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс яллагдагчаар татсан байгаа билээ. Уг хэрэгтэй холбогдуулан МАН-аас гишүүнээсээ хасах хүсэлтийг тус намын дарга Н.Учрал Хяналтын хороондоо хүргүүлээд байгаа юм.
Тэрээр УИХ-ын даргын албан тушаалаасаа буусны дараахан гадаад улсыг зорьсон бөгөөд гурван сарын хугацаанд Монголд байгаагүй. Харин түүнийг Монголд ирсэн даруйд нь прокурорын саналаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор...” яллагдагч Д.Амарбаясгаланд Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг. Гэвч тэрбээр шүүгчийн энэхүү захирамжийг эс зөвшөөрч, дээрх шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаад байсан бөгөөд уг гомдлыг шүүх хэлэлцээд УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн хилийн хоригоо цуцлуулах гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
