img

БНМАУ-ЫН СҮҮЛЧИЙН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ

img


   БНМАУ-ын АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан БНМАУ-ын АИХ-ын танхимд есөн цагт нээгдлээ. АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн нутаг дэвсгэрийн комиссын дарга Ж.Гүррагчаа хуралдааныг нээж үг хэлэв. Тэрээр ардаараа овоглосон эрх зүйт төр төлөвшин хөгжих боломж олдсон түүхэн үед та бид АИХ-д сонгодон ард түмнээ төлөлөн төрийн дээд эрх барих гэж байна. Та бидний эв нэгдэл, улстөрийн ноён нуруу, ухаалаг бодол санаа, уужуу тайван сэтгэл эх орон, ард түмний өнөөгийн болон ирээдүйн хувь заяанд шийдвэрлэх нөлөө үзүүлэх болсон цаг үед АИХ-ын анхдугаар хуралдаан болж байна гэж тэмдэглэв. Ж.Гүррагчаа цааш нь хэлэхдээ “АИХ-ын төр, олон нийтийн байгууллагаас төрийн хууль хэрхэн сахин биелүүлж байгаад тавих дээд хяналт, өөрөөр хэлбэл хууль дээдлэх ёсыг хэрэгжүүлэх гол хүч нь түүний депутат, байнгын комисс болно. Хууль дээдлэх гэдэг маань сахилга, дэг журам зохих ёсоороо байгаа эсэхийг харуулдаг гол шалгуур юм. Ингэхээр АИХ, түүний депутат нь манай иргэд, төр, нам, олон нйтийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтнаас  хууль тогтоомжийг хэрхэн сахин биелүүлж байгаад төрийн дээд хяналтыг тууштай хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй болж байна. Энэ нь эдүгээ олон түмний сэтгэлийг хамгийн их зовоож байгаа сахилга, дэг журам алдагдаж, гэмт хэрэг зөрчил нэмэгдэх болсонтой  шуд холбоотой юм. Иймд төрийн хуулийг чандлан сахих дэглэм журамд эрс өөрчлөлт оруулж, хүний эрхийн халдашгүй дархан байдлыг хангах бүх төрлийн механизмыг боловсронгуй болгон өөрчлөхөд АИХ, түүний депутатууд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ” гэв. Дараа нь АИХ-ын  дарга, орлогч дарга нарыг сонгох асуудалд оров. Намуудын бүлгийн ахлагч нарын хэлэлцэн тогтсоноор, АИХ-ын даргад Төв аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 326 дугаар тойргийн депутат Ж.Гомбожавын нэрийг дэвшүүлж, санал нэгтэй сонголоо. АИХ-ын орлогч даргад хэдэн хүнийг сонгох тухайд улстөрийн намууд санал хуваагдав. Иймд уг асуудлаар санал хураахад нийт депутатын 36.2 хувь нь АИХ-ын орлогч даргад хоёр хүнийг, 63.3 хувь нь дөрвөн хүнийг сонгохоор санал өгч, олонхийн саналаар АИХ дөрвөн орлогч даргатай байхаар тогтов. Намууд АИХ-ын орлогч даргад сонгуулахаар 22 дугаар тойргийн депутат Л.Дашням, 55 дугаар тойргийн депутат Ц.Адъяасүрэн, 83 дугаар тойргийн депутат Х.Хузкей, 216 дугаар тойргийн депутат О.Долгорсүрэн, 427 дугаар тойргийн депутат Ц.Элбэгдорж нарын нэрийг ирүүлжээ. Эдгээр таван хүнээс дөрвийг нь АИХ-ын орлогч даргад сонгохоор болж тэдний намтрыг танилцууллаа.

Хоньчин бүсгүй О.Долгорсүрэн орлогч дарга болсон нь

АИХ-ын орлогч дарга нарыг сонгох журмыг депутатууд нарийвчлан ярилцав. Хэнийг сонгохын тухайд ч нэлээн цаг гарган хэлэлцлээ. Л.Дашнямыг сонгоход 309 хүн санал өгөв. 424 дүгээр тойргийн депутат Х.Бадамсүрэн дөрвөн орлогчийг дөрвөн намаас тус бүр нэг хүнийг батлах, нам бус учраас эмэгтэй О.Долгорсүрэнг хасах санал гаргахад депутатууд ихээхэн шуугилдав.

Д.Пүрэвдорж /369 дүгээр тойргийн депутат/

-Заавал намууд хуваарилах шаардла­га­гүй. Ганц эмэгтэй хүн дэвшиж байхад татгалзах хэрэг юу байна.

Д.Мөнхөө: /33 дугаар тойргийн депутат/ -Саяын хүнтэй санал нэг байна. Ер нь манай хүн амын тал хувийг эзэлдэг ээгтэйчүүдээс сонгогдсон есхөн хүний нэг нь АИХ-ын орлогч дарга байж болно шүү дээ.

Е.Моголцог /154 дүгээр тойргийн депутат/:-Орлогч даргын суудлыг намуудад хуваарилах нь буруу. Ардчиллын үндсэн дээр хурлыг удирдах чадвартай, бидний итгэлийг хүлээсэн хүмүүсийг л сонгох хэрэгтэй. Ганц эмэгтэй байна, сонгох нь зүйтэй гэсэн санал гаргахад  9 дүгээр тойргийн депутат С.Зориг: -Хамгийн гол нь ажил хэрэгч чанарыг л харах ёстой. Учир нь АИХ-ын орлогч дарга нар зөвхөн хурлыг төдийгүй цаашдаад байнгын комиссуудыг удирдах хүмүүс юм гэв.

Дараа нь Ц.Адъяасүрэнгийн талаар санал хураахад түүнийг АИХ-ын орлогч даргад сонгохоор 347 депутат саналаа өгчээ. Тооллого явагдах хооронд 278 дугаар тойргийн депутат М.Бат-Өлзий энэ завшааныг аүиглан хурал удирдаж чадах уу гэж депутат О.Долгорсүрэнгээс асуумаар байна гэхэд депутатууд эсэргүүцлээ илэрхийлэн шуугилдав. Завхан аймгийн “Шинэ цэцэрлэг” нэгдлийн хоньчин эмэтэй О.Долгорсүрэнг АИХ-ын орлогч даргад сонгохоор депутатуудын олонхи нь гар өргөв. Тоолж, дүнг гаргах техник хэрэгслийг танхимд байрлуулаагүйгээс уг ажил сунжирч байгааг депутатууд шүүмжилж байв. Танхимд байрлуулах төхөөрөмжийг маргааш бэлэн болгоно гэсэн яриатай байгааг депутатууд сонсгов. АИХ-ын орлогч даргад сонгохоор депутат О.Дол­горсүрэнйн төлөө 371, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүн эмнэлгийн салбарын их эмч Х.Хузкейн төлөө 305 хүн санал өгөв. Ц.Элбэгдоржийг АИХ-ын орлогч даргаар сонгохоор 175 депутат санал өгч, Л.Дашням, Ц.Адъяасүрэн, О.Долгор­сүрэн, Х.Хузкей нар хамгийн олон санал авлаа. АИХ-ын дарга, орлогч дарга нарыг сонгох тухай тогтоолын төслийг олонхийн саналаар баталлаа. АИХ-ын дарга, орлогч нарт депутатууд баяр хүргэж, тэд хурлын тэргүүлэгчдийн байранд суудлаа эзлэв.

АИХ-ын анхдугаар хурал 13 асуудал хэлэлцэв

АИХ-ын дарга Ж.Гомбожав Их хурлын анхдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудал, дтоод журмыг танилцууллаа. Хэлэлцэх асуудлыг депутатуудын нутаг дэвсгэрйн болон намуудын бүлгийн ахлагч нартай урьдчилан зөвлөлдөн ажээ. Үүнд:

1. Депутатуудын бүрэн эрхийг зөвшөөрөх тухай

2.БНМАУ-ын АИХ-ын анхдугаар хуралдааны дэгийн төсөл

2.БНМАУ-ын Ерөнхийлөгчийг сонгох

4. БНМАУ-ын Дэд Ерөнхийлөгчийг сонгох

5. БНМАУ-ын Бага хурлыг сонгох

6. Засгийн газрын бүрэн эрхийг дуусгавар болгон шилжүүлэх тухай

7. БНМАУ-ын АИХ-ын  байнгын комисс байгуулж, бүрэлдэхүүнийг батла

8. БНМАУ-ын Үндсэн хуулийн хяналтын зөвлөлийг батлах

9. БНМАУ-ын Ерөнхий сайдыг батлах

10. БНМАУ-ын Дээд шүүхийн даргыг сонгох

11. БНМАУ-ын Ерөнхий прокурорыг томилох

12. БНМАУ-ын Ардын хянан шалгах  хорооны даргыг томилох

13. Бусад асуудал оржээ. Хэлэлцэх асууд­лын талаар нэлээд санал гарлаа.   Э.Бат-Үүл:

-Өчигдөр намуудын бүлгийн ахлагч нарын зөвлөгөөнөөр Засгийн газрын бүрэн эрхийг шилжүүлэх тухай асуудлыг  Ерөнхийлөгчөө сонгосны дараа хэлэлцэнэ гэж тогтсон шүү дээ.Ж.Гомбожав:

-Эхлээд төрийн байгууллагаа байгуулсны дараа Сайд нарын Зөвлөлийн тухай ярилцана.

С.Баяр:-УБХ-ыг байгуулах асуудлыг хамгийн сүүлд авч хэлэлцье. Тэр болтол бид хүмүүсээ таних хэрэгтэй шүү дээ.

С.Очиржав:-Нэгт, С.Баярын саналыг дэмжиж байна. Хоёрт, чухам ямар үүрэг гүйцэтгэх ба ямар эрх хэмжээтэй ажиллах нь одоо хүртэл тодорхойгүй учир Үндсэн хуулийн хяналтын зөвлөл байгуулах асуудлыг хэлэлцэх асуулдаас хасъя. Г.Зуунай:

-Дэд Ерөнхийлөгчийн тухай асуудлыг Улсын Бага хурлыг сонгосны дараа хэлэлцэх нь зүйтэй санагдана. Т.Очирхүү:

-Депутатуудын бүрэн эрхийг батлах асуудлыг эхлээд хэлэлцмээр байна. Харин Үндсэн хуулийн хяналтын зөвлөл байгуулах, Ардын хянан шалгах хорооны даргыг сонгох зэрэг асуудлыг Үндсэн хуульд зохих нэмэлт оруулсны дараа л шийдэх хэрэгтэй. Э.Бат-Үүл:

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай одоо хэлэлцэх шаардлагагүй юм. Аливаа нэмэлт өөрчлөлтийг ард түмнээр эхлээд хэлэлцүүлэх ёстой шүү дээ. Г.Ганболд:

-Бүх зүйлийг нутаг дэвсгэрийн болон намуудын бүлгийн ахлагч нарын хурлаар хэлэлцэж буй нь ардчилалд нийцэхгүй байна. МХЗЭ-ийн гишүүн ес, нам бус 30-аад хүн, мөн Улаанбаатар хотын депутатууд энэ харьяаллаас гадуур байгаа шүү дээ. Хурлыг удирдаж буй хүмүүст анхааруулахад ямар асуудлыг яаж хэлэлцэхээ тодорхой танилцуулах хэрэгтэй. Мөн баталсан, зөвшөөрсөн, татгалзсан хүний тоог асуудал бүр дээр нарийн гаргах ёстой. Хэт хялбарчилж болохгүй.  Ийнхүү гишүүд олон санал гаргаснаар  хэлэлцэхээр оруулж буй 13  асуудлаа батлахаа олонхийн саналаар шийдвэрлэв.  БНМАУ-ын АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад 1027.1 мянган сонгогч бүртгэгдсэний 98 хувь нь сонгуульд оролцжээ. Энэ нь манай ард түмний улстөрийн идэвх өндөр байгааг гэрчлэхийн хамт төрийн байгууллагын тогтолцоог шинэчлэх өндөр хүсэлтэй байсныг нотолж байна. БНМАУ-ын АИХ-ын депутатуудын 84.6 хувь  буюу 357 нь МАХН-ын, 3.8 хувь буюу 16 нь МоАН-ын, зургаа нь МҮДН-ын, дөрөв нь МСДН-ын гишүүн байжээ. Нам бус 39 хүн сонгогдсон байна. Мөн МХЗЭ-ийн 9 гишүүн сонгогдож байжээ.


ШИНЭ МЭДЭЭ