УИХ-ын үйл ажиллагаа зогссонтой холбогдуулан академич, хуульч С.Нарангэрэлээс тодруулга авав.
-УИХ-ын үйл ажиллагааг гацаагүй болгох гаргах гарц байна уу?
-Монгол Улсын Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дагуу УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэсэн шалтгаанаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж санал болгосон бол УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болно гэсэн заалтыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай цаг үетэй тулгарчээ.
-УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэдгийг хэрхэн ойлгох вэ?
-УИХ Үндсэн хуульд заасан үндсэн чиг үүргээ хэвийн гүйцэтгэх чадамжаа алдсаныг ойлгоно. УИХ ээлжит чуулганаа нээснээс хойш хоёр долоо хоногийн турш ямар ч хуралдаан хийсэнгүй. Үндсэн шалтгаан нь олонхыг бүрдүүлсэн МАН-ын бүлгийн гишүүдийн хагарал, талцал, бүлэглэл улам бүр ужгирав. Эв эеэ ололцох талаар нааштай ямар ч алхам хийгдэж чадсангүй. Урьд нь намынхаа даргыг УИХ-ын даргаар ажиллуулж байсан АН-ын бүлэг одоо болохоор МАН-ын даргаар УИХ-ыг удирдуулахгүй гэсэн Үндсэн Хуульд заагаагүй туйлын ядмаг шалтгаар УИХ-ыг бойкотлож байна. Үүнээс болж Үндсэн хуулийн хэд хэдэн заалтын үйлчлэлийг зогсоочихлоо.
-Үндсэн хуулийн ямар заалтын үйлчлэл зогссон гэж?
-УИХ төрийн эрх барих дээд болон хууль тогтоох байгууллага болох тухай (20 дугаар зүйл), УИХ-ын гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх тухай (20 – р зүйлийн 1 дэх хэсэг), УИХ-ын онцгой бүрэн эрхийн тухай (25-р зүйл), УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулах тухай (27-р зүйлийн хоёр дахь хэсэг), УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болох тухай (29 – р зүйлийн гурав дахь хэсэг) зэрэг хэд хэдэн заалтыг жишээлж болохоор байна.
-Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж санал болгосон гэдгийг та хэрхэн тайлбарлах вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч юуны өмнө УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэсэн дүгнэлтэд хүрсэн байх ёстой. Ингээд УИХ-ын даргатай биечлэн уулзаж санал нэгдсэн байх шаардлагатай. Үүнийг зөвшилцсөн гэж үзнэ. Энэ үндсэн дээр УИХ-ын гишүүд өөрөө тарах тухай санал хураалт заавал явуулна. Хэрэв УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар УИХ өөрөө тарах тухай шийдвэр гаргана. Энэ тохиолдолд УИХ-ын ээлжит бус явагдах ёстой.
-Хэрэв УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос дээш санал өгөхгүй бол хууль зүйн ямар үр дагавар үүсэх вэ?
-УИХ өөрөө тарахгүй гэсэн шийдэлд хүрсэн гэсэн үг болно. Энэ тохиолдолд ээлжит бус сонгууль болохгүй.
