img

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛГЭЭР ЯВСАН ОЮУТНУУД ӨЛСӨХИЙН ЭРХЭНД УС ХӨЛДӨӨЖ ДОЛООЖ ӨЛ ЗАЛГУУЛЖ БАЙНА

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр тав дахь жилдээ хэрэгжиж байна. “Ерөнхийлөгчийн илгээлт- 2100” хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар 1052 оюутан АНУ, Их Британи, Герман, Франц, Австри, Чех, Канад, Польш, Австрали, Орос, Хятад, Япон, Солонгос, Унгар, Литва, Турк, Энэтхэг, Вьетнам, Лаос, Куба, Казахстан гэсэн 21 улсын их, дээд сургуульд суралцаж байна. Тэтгэлэгт хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийг санаачилж, хэрэгжүүлж байгаад Ерөнхийлөгчид талархах нь зүйн хэрэг ч гэлээ төрийн яамны албан тушаалтнуудын удаан хойрго, ажилдаа хайнга ханддагийн гайгаар хүүхдүүд эдийн засаг болон эрүүл мэндээрээ хохирч эхэллээ. Сургуулийн төлбөр болон сар болгоны тэтгэлгийг нь өгөхгүй байгаагаас зарим нь сургууль, дотуур байрнаасаа хөөгдөх, алданги тооцож өрөнд орох, сүүлдээ халаасны ч мөнгөгүй болж, хамаг үнэтэй цайтай зүйлээ барьцаалах, олон хоног хоол ундгүй явснаас болж ухаан алдаж унах тохиолдол хүртэл гарчээ. Өнөөдөр “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” группт нэгэн оюутан өөрийнхөө бодит байдлыг бичиж, цөхөрч байгаагаа хэллээ. Тэрээр “Би оюутны байрандаа гадаад хүнтэй амьдардаг. Би өөрөө хоол хүнсгүй болоод өрөөнийхөө хүний хоолноос хувааж идээд 2 долоо хонож байна. Сүүлдээ бид 2 хоёулаа хоолгүй боллоо. Ээж маань тэтгэврийн хүн, би мөнгө нэхмээргүй байна. Тэрний оронд өлсөөд байж байя. Ажил хийе гээд олдохгүй, олдсон нь ганц хоёр өдөр ажилладаг. Гуйж байна, ядаж ганц сарын стипендийг минь өгөөч, хоолтой л хономоор байна” гэж аргаа барж бичжээ. Гэтэл энэ нь ганц нэг хүүхдэд тохиолдсон асуудал биш болох нь бусад хүүхдүүдийн сэтгэгдлээс харагдана. Түүний бичсэний дор “Одоохондоо нөүтбүүкээ ломбарданд тавиад хэд хоног идэх хоолтой байна. Үүнээс цааш юугаа зарж, яаж мөнгө олж хоолтой хонох вэ гэдэг бодол дунд амьдарч байна. Хичээл ном ард хоцорсон доо”, “Би бас утсаа ломбардсан” “Хүний газар, гадны хүний тогоо харж хоолтой хонох үгүй нь тодорхойгүй ийм байдалд хичээл ном сурах биш яаж хоолтой хонох вэ гэдэг бодол л толгойнд байна” гэх зэргээр оюутнууд өөрсдөд тулгараад байгаа бодит байдлаа бичжээ. Үүнийг ч гэсэн эцэг эхчүүд баталж “Хүүхдүүд бүр хэцүүдэж байна шдээ, зарим хүүхдүүд нь ус хөлдөөгөөд долоож байна" хэмээн бичжээ. Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийг үргэлж хоцроож шилжүүлдэг тул хичээлд нь суулгахгүй байх, эсвэл алданги тооцвол ар гэр нь төлсөөр сүүлдээ олон эцэг эх, хүүхдүүд шантарч эхэлжээ. Зарим нэгэн хүүхдүүд энэ тэтгэлгээс татгалзсан бөгөөд улсаас төлсөн төлбөрийг бүрэн төлөх шаардлага тавьж, шүүхэд очих маргаан хүртэл өрнөөд байна. Хэрвээ үнэхээр манай улсын эдийн засаг энэ хэмжээний төлбөр мөнгийг төлж чадахгүй байгаа бол жил бүр олон зуугаар нь биш шигшээд сургах хэрэгтэй. Сум бүрээс нэг хүүхэд хэмээн хавтгайруулснаас болж зарим нь гадаад улсад сурна гэсэн сэтгэл зүй болон санхүүгийн чадамжгүйгээс шалтгаалж, буцаж ирэх нь нэмэгдэж байгаа аж. Хүний хүүхдүүдийг хол нутагт эх орон нь сургана хэмээн амлаж явуулчихаад эцэст нь эрүүл мэндээр нь ийнхүү дэнчин тавьж байгаа нь харамсалтай. Эрдэм сурна гээд баяр хөөртэйгээр эрхэм Ерөнхийлөгчдөө итгээд явсан хүүхдүүд өнөөдөр эрүүл мэнд, амь насаа барьцаалж өдөр хоногийг өнгөрөөж байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ