img

СОЛОНГОС РУУ НИССЭН МИАТ КОМПАНИЙН АНХНЫ НИСЛЭГ

img
Өнөөдрөөс 35 жилийн өмнө Монгол Улсаас анх удаа БНСУ руу нислэг үйлдэж байсан талаар штурман Х.Александр ийнхүү дурсч байна.
"1991 оны 10 дугаар сарын 22-ны өглөө намуухан сайхан өглөө байсан санагдана. Монгол оронд минь намрын шаргал наран ээсэн тэр нэгэн өглөө МТ85644 дугаартай Ту154 онгоц Монгол улсын Ерөнхийлөгчийн Солонгос улсад хийх анхны албан ёсны айлчлалын төлөөлөгчдийг тээвэрлэх онцгой үүргийн нислэг үйлдсэн өдөр билээ. Энэ нислэгийг Р. Батнасан даргатай нисэх баг үйлдсэн юм. Нисэх багийн бүрэлдэхүүнд нисгэгч Т.Бэхбат, нисгэгч Д.Оргодол, штурман Х.Александр, Ж.Баярсайхан, инженер И.Энхчулуун, Цэрэнжав бүхээгийн ажилтан Д.Ганбат, Өлзийбат, Чимэгбат, С.Заяа, Ц.Цацрал нарын хүмүүс багтсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын нислэг учраас Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудлын нислэгийн талбай дээр эмх цэгцтэй бүх юм ном журмын дагуу манайхны ярьдгаар технологийн графикийн дагуу сайхан явагдаж онгоц экипаж нислэгт бэлэн болж зорчигчдоо хүлээж авахад бэлэн болсноо газрын албадад мэдэгдсэн боловч Ерөнхийлөгчийн айлчлалд хамт яваа бизнесийн зарим хүмүүс бага зэрэг оройтож ирснээс болж тав арван минут хожимдож онгоцны хаалгаа хааж билээ.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга явах нислэгийг онцгой үүргийн нислэг гэж тооцон нислэгт бэлтгэх болон үйлчилгээний ажилтан албан хаагч болон нислэг үйлдэх нисэх багийг Төрийн тусгай хамгаалалтын алба тусгай шалгуураар сонгон авдаг байсан юм. Нислэг үйлдэх нисэх онгоцыг нислэгийн урд өдөр агаарт нисэж шалган тусгай акт үйлдэн төрийн тусгай хамгаалалтанд хүлээлгэн өгч, өглөө онгоцоо эргүүлэн хүлээн авдаг байлаа. Нислэг маань Улаанбаатараас төлөвлөсөн цагаасаа хэдэн минутын хойно гарсан хэдий ч Бээжин өнгөрөх үедээ хоцорсон цагаа нөхөж билээ. Тэр үед Бээжингээс шууд зүүн эргээд Далянаар дамжин Сөүл хотыг чиглээд нисдэг маршрут батлагдаж ашиглагддаггүй байсан тул Бээжингээсээ урагшаа Тяньжин, Ухань, Шанхай хотуудыг дамжин далайд гарна. Шанхайгаасаа далайг дээгүүр Чэжү арлыг чиглээд нисэж билээ. Манай нисэх экипажийн хувьд далай дээгүүр ниссэн хоёр дахь удаагийн нислэг байсан юм. Бид дөрвөн жилийн өмнө Япон орны Нийгата хот руу хийсэн анхны чартер нислэгээрээ анх удаа далай дээгүүр нисч байснаа дурсаж явлаа. Далай дээгүүр хийх нислэг бас их онцлогтой. Манай нэг нөхрийн хэлснээр дээшээ хараад цэнхэр тэнгэр доошоо харсан ч цэнхэр тэнгэр гэдэг шиг орон зайн баримжаа шал өөр тэгээд Орост үйлдвэрлэсэн онгоцны радио тоног төхөөрөмжийн хүлээн авах чадвар хангалттай биш учраас Шанхайн радиостанц холдох мөчөөс Чежүгийн радиостанцын найдвартай ажиллах бүс хүртэлх хооронд тогтоосон маршрутаас гарах магадлал тун өндөр байсан даа. Далай дээгүүр өндрийн салхины олгойдох урсгал илүү хүчтэй үйлчилж биднийг яах ийхийн зуургүй тогтоосон замаас шахаж гаргах гээд байсан хэдий ч нислэгийн тооцоогоо ойрхон хийж цаг тухайд нь засварлаж явсны хүчинд тогтоосон маршрутыг чандлан мөрдсөөр Чежү арлын орчимд очлоо. Энэ мөчөөс эхлээд Солонгосын агаарын зайн нислэгийн удирдлага хөтөлсөөр Сеүл хотын дунд байх Аняны цэргийн аэродромд амжилттай газардаж билээ. Тээвэрлэж ирсэн зочид төлөөлөгчдөө буулгаж явуулчихаад онгоцоо хамгаалалтанд хүлээлгэж өгөх гээд хүлээж байх хооронд нэг солонгос хүн дагуулсан хөөрхөн монгол хүү онгоцон дээр хүрээд ирэв. Бид бүр гайхна биз дээ. Хамгаалалттай цэргийн аэродром дээр буучихаад байж байхад монгол залуу ирнэ гэдэг бол тун сонин тохиолдол байсан билээ. Монгол хүүг цуг ирсэн Солонгос хүний хамт онгоцондоо урьж оруулан цай ундаагаар дайлан учир шалтгааныг нь сонссон юм. Гэтэл Солонгосын гадаад харилцааны яамныхан болон Солонгосын нислэгийн хөдөлгөөний удирдлагын албаныхан энэ хүүг олж нислэгийн хөдөлгөөн удирдах төвдөө урьж авчирсан хэрэг байж. Монголын нисэх багтай хэл амаа ойлголцохгүй хүндрэл гарвал хэлмэрчлүүлэх зорилготой байсан гэнэ. Тэр үед Монголоос Солонгос улсад суух Элчин Сайдын яамны 3 хүн, нэг аспирант, нэг оюутан байсны нэг нь энэ оюутан хүү байж билээ. Хүү ярихдаа "Надад чихэвч зүүлгээд нислэгийн удирдагч хажуудаа бэлэн суулгаад байсан. Нислэгийн холбоо солигдох бүрт хоёр гурван удаа байрлал шилжүүлэн өөр өөр хүний дэргэд суулгасан боловч миний хэрэг гарсангүй. Та нар чинь англиар маш сайн ярьсаар ямар ч асуудалгүй бууж чадлаа" хэмээн биднээр бахархсан байдалтай ярьж сууж билээ.
Онгоцоо цэргийн хамгаалалтанд хүлээлгэж өгөөд Президент зочид буудалд биднийг хүргэж байрлуулсан. Бидэнтэй ирсэн зочид Лотте болон бусад буудлаар тараан байрлуулсан байлаа. Бид яахав хоёр гурван хоног онцын хийх ажилгүй улсууд дэлгүүр хоршоо захуудыг нь эргүүлж нүд хужирлаж явлаа. Тэр үед монголчуудад жигтэйхэн сайхан хандаж байсан. Зах дээр нь явж байхад хаанаас ирсэн бэ гээд асуухад нь Монголоос гээд хэлэхэд л зарж байгаа юмнаасаа үнэгүй өгөх гээд барьж гүйгээд, шулганалдаад сүйд болно. Зарим нэгнээ дуудаад, нөгөөх нь ирснээ "Жороо морь", "морь", "Хараа", "харуул" гэх мэт үг монголоор хэлж биднийг гайхшруулж байлаа. Тэр дуудагдаж ирж бидэнтэй яриад байсан хүмүүс нь Чежү арлын хүмүүс байсан юм билээ. Сөүл хотод гурав хоноод аравдугаар сарын 25-нд буцаж байлаа. Ерөнхийлөгчийн маань айлчлал амжилттай болж, Монгол улс Солонгос улсын харилцааны шинэ хуудас ийнхүү нээгдэж байсан түүхтэй билээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ