Одоогоос есөн жилийн өмнө буюу 2017 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр Баянзүрх дүүрэгт байрлах “Роял Кастл” хотхоны 103 дугаар байрны 12 давхраас 21 настай залуу унаж, нас барсан хэрэг гарсан. Талийгаач нь хошин урлагийн “Эмоци” продакшны жүжигчин Б.Баатархүүгийн хүү Б.Хүслэн байв. Тус байр нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Б.Хүлэгтийн ээжийнх нь гэр байсан бөгөөд хэрэг гарах үед 21-28 насны 11 эрэгтэй, нэг эмэгтэй хамт байжээ. Тодруулбал, 22 настай Э.Намсрай, 21 настай Б.Цэрэнням, 27 настай Б.Бат-Оргил, 28 настай Ж.Гантулга, 21 настай Г.Дөлгөөнбаатар, 22 настай Ц.Цэрэндорж, 23 настай Б.Хүлэгт, 22 настай Н.Жамух, 28 настай Ц.Даваажаргал, 25 настай Э.Есүнгэ, 27 настай Б.Намуун /эмэгтэй/ нар байжээ. Улмаар дээрх 11 хүнээс мансууруулах төрлийн бодис илрүүлэх анхан шатны тест авахад Б.Намуун, Б.Бат-Оргил нараас бусад есөн хүний шээсэнд мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл байж болзошгүй гэсэн хариу гарсан. Цагдаа нар хэргийн газарт мөрч нохой ажиллуулахад гаанс, гялгар ууттай ногоон өнгийн өвс, мөнгөлөг цаасаар ороосон зүйл, эм гэх мэт зүйлсийг олсон байдаг. Иймээс тэднээс дахин шээс болон цусны шинжилгээ авсан ч хариуны талаарх мэдээлэл олон нийтэд ил болоогүй. Тэдгээр залуусын дунд Ерөнхийлөгч Х.Баттулгын хүүгээс гадна, Ерөнхийлөгчийн экс эхнэр З.Уянгын хүү Э.Есүнгэ нар байжээ. Тэд 2016 онд хамтран “Blue moon art gallery”-д гэрэл зургийн үзэсгэлэн гаргаснаас хойш нөхөрлөх болсон гэдэг.
Дээрх есөн хүнд Эрүүгийн хуулийн 188-ийн 1, 192-ын 1,2,3,4-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш тун удалгүй тэдгээр залуусын хэргийг хэрэгсэхгүй болгох замаар нам жим болсон тухай хэвлэлүүд нэг хэсэгтээ онцлон мэдээлж байлаа. Гэсэн ч энэ хэрэг одоог болтол яаж шийдэгдсэн нь тодорхойгүй, хав дарагдсан юм. Ерөнхийлөгчийн хүүгийн хар тамхины хэрэг хэрхэн шийдэгдэх бол, хууль шүүхийн байгууллага Ерөнхийлөгчийн гарт байгаа цагт хүүдээ аавын хаалга татуулах болов уу гэсэн асуултын хариултыг цаг хугацаа ийнхүү харуулж байна.
Дэд сайд асан Т.Болдбаатарын охин Б.Буянжаргал
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас 2019 онд гүйцэтгэх ажиллагаа явуулж, хар тамхи хэрэглэсэн бүлэг этгээдийг дайчлан баривчилжээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Viva city” хороолол орчимд байрлах нэр бүхий зочид буудлаас мансуурсан этгээдүүдийг саатуулж, хэргийн газраас метамфетамин буюу ”мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи татах хэрэглэлүүдийг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Тэдгээр хүмүүс дунд Эрүүл мэнд, спортын дэд сайд асан Т.Болдбаатарын охин Б.Буянжаргал байснаас гадна хоёр хятад иргэн байжээ. Улмаар дээрх этгээдүүдээс биологийн шинжилгээ авахад мансуурсан болох нь тогтоогдсон байна. Б.Буянжаргал өмнө нь бас 2019 онд хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байжээ. Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Наренгава, Лай Фу Жун нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорих тухай саналыг энэ оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ. Шүүх прокурорын уг саналыг хэлэлцээд дээрх этгээдүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдөр хүртэл нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн байна.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугарын хүү Цог
2016 онд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Д.Сугарын хүү С.Цогийг ice буюу мөс биедээ авч явсан, хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс саатуулан шалгаж байгаа мэдээлэл цацагдаж байлаа. Гэвч, түүнд ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй, уг дуулиан тэгсхийгээд нам жим болсон билээ. Үүнээс өмнө С.Цог нь 2014 онд 11 хүний хамт хар тамхины хэрэгт холбогдож, хэргийг шүүхээр шийдвэрлэсэн билээ. Улмаар шүүхээс С.Цогт хоёр жилийн хорих ял оноож цагдан хорьж байсан ч Монгол улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж 2016 оны нэгдүгээр сард хорих ангиас суллагдсан юм. Өршөөлийн тухай хуульд онц хүнд гэмт хэрэгтэн, хүний амь нас санаатайгаар бүрэлгэсэн, эх орноосоо урвасан буюу тагнуул хийсэн, хүн хулгайлсан, хүн худалдсан, хүчиндсэн, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах буюу эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3 дахь хэсэгт заасан гэмт хэргүүд тус тус хамрагдах боломжгүй хэмээн заасан байдаг.
ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Баясгалангийн хүү Бадрах
ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Баясгаланг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга байх үед нь хүүг нь Хятадад хар тамхи хэрэглэсэн хэрэгт баривчилсан дуулиан 2011 онд дэгдэж байв. “Ачаа хүнд дамжуулж өгөөч” гэсэн хүний гуйлтаар авч явсан бараанаас нь хар тамхи илэрсэн уг асуудал хэрхэн шийдэгдсэн нь мөн л тодорхойгүй өнгөрсөн билээ.
Зайсан дахь нэгэн ресторанд томчуудын хүүхдүүд 2017 оны долдугаар сард наргиж байхдаа хар тамхинд мансуурч, рестораны ажилчдын биед халдаж, танхайрсан хэргээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан. Гэвч, хэрэг нь шүүхээр шийдэгдээгүй тэгсхийгээд мөн намжсан билээ. Б.Бадрах өмнө нь мөрийтэй тоглоом, хар тамхины хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж, эрүүгийн хавтаст хэрэг хүртэл үүсгүүлж байсан ч аавынхаа буянаар ял шийтгэлгүй өнгөрсөн талаар хэвлэлээр мөн л бичиж байв.
УИХ-ын гишүүн Д.Хувьтөгөлдөрийн хүү Х.Тамир
УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү Х.Тамир 2015 онд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, улмаар худалдан борлуулахыг завдсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдаж байсан билээ. Шүүхээс 2017 оны нэгдүгээр сард Х.Тамирт 5.1 жил, Б.Амарбаясгаланд 5.2 жилийн хорих ял оноосон байдаг.
Гэвч тэд давж заалдсанаар холбогдох хэрэг нь прокурорын байгууллага руу буцаагдаж, Х.Тамир, Б.Амарбаясгалан нар батлан даалтад, гадуур шалгагдаж байх хугацаанд дахин мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт буруутгагдан, таван жилийн хорих ялыг нээлттэй эдлүүлэх шийдвэр шүүх 2018 оны есдүгээр сард гаргасан юм. Ийнхүү урлаг, соёлынхон хэрэглэж байсан хар тамхины хэрэглээ хүрээнээсээ хальж, улстөрчдийн хүүхдүүд мансууран донтох болжээ. Гэвч тэд улстөр дэх нэр нөлөөгөө ашиглаж, хүүхдүүдээ хар тамхины хэргээс мулталж, хуулийг уландаа гишгэж байгаа нь хар тамхичдыг улам өөгшүүлсээр байна. Зөвхөн улстөрчдийн хүүхдүүд орооцолдсон хар тамхины хэргийн зах зухаас хүргэхэд ийм байна. Харин урлагийнхан болон бизнесийнхний хүрээний хар тамхины хэргийн талаар уудалбал далай шиг дундаршгүй билээ. Нэгэн цагт хар тамхины наймааны дамжуулагч орон байсан Монгол Улс өдгөө нэгэнт хэрэглэгч улс болсон бөгөөд 2025 онд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ. Ингэснээр 145 орон тоотой болж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхитай тэмцэх ажил хүрээгээ тэлж буй ч хар тамхины хэргийн тоо буурахгүй байгаа нь манай улсад хар тамхины зах зээл хэр хүчээ авсныг харуулж байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд тансаг зэрэглэлийн "Premier Tailor" дэлгүүрийн үүсгэн байгуулагч Т.Зориг болон түүний бизнесийн хамтрагч Франц Улсын иргэний хамт 2026 оны 10-р сарын 27-нд Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах "Шангри-Ла" цогцолбороос хуулийн байгууллагаас хар тамхины хэргээр саатуулжээ. Биологийн шинжилгээгээр мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
