Гадаадын тагнуулын байгууллага, тусгай албатай хамтран ажиллаж байсан хэрэгт холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд өнгөрсөн наймдугаар сард гурван хүнийг саатуулсан билээ. Тэдний нэг нь төрийн өмчит “Мон-Атом” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, хуульч, эдийн засагч У.Энхтүвшин гэгч байжээ. Түүнийг гадаадын тагнуулын байгууллага, хувь хүнтэй хамтран ажилласан хэрэгт холбогдуулан баривчилсан байна.
У.Энхтүвшингийн хувьд ОХУ-ын Москва хотын бага, дунд сургууль дүүргээд Монголдоо хуульч, эдийн засагч мэргэжил эзэмшсэн, Английн Лондон, Уэльсийн, Японы Нагоягийн их сургуульд хууль эрх зүй, бизнесийн удирдлагаар боловсрол эзэмшжээ. Тэрээр улстөрчидтэй их ойр ажилладаг нэгэн байсан ба 1999 оноос эхлэн УИХ-ын цөөнгүй гишүүний зөвлөх, туслахаар ажиллаж байсан аж. Тухайлбал, МАХН-аас төрийн түшээ болсон, сүүлд АН-д элссэн О.Баасанхүүгийн зөвлөхөөр ажиллаж байгаад "Мон-Атом" компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд омилогдсон байжээ. Харин хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Д.Ганбатын зөвлөхөөр ажиллаж байсан байна.
У.Энхтүвшин цөмийн шинжлэх ухаан, ногоон эрчим хүчний боловсролыг дэмжих зорилгоор 2014 онд Монголын цөмийн нийгэмлэгийг байгуулсан юм. Харин түүнийг тагнуулын хэргээр баривчлагдсанд гайхах хүн олон байгаа ч аль улсын ямар албатай хамтарч ажиллаж байсныг нууцалж байна.
