img

МАН-Д 1.1 ТЭРБУМ, ХҮН-Д 960 САЯ ТӨГРӨГИЙГ ХАНДИВ ӨГДӨГ MCS-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЕРӨНХИЙЛӨГЧИД ХЭДИЙГ ӨГДӨГ ВЭ?

img
Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар өчигдөр хийсэн бичлэгийнхээ үеэр нэгэн ноцтой мэдээллийг олонд ил болгосон. Тэрээр "Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр долоо хоног бүр MCS, Бодь компаниас олон сая төгрөг авч өөрсдийгөө магтуулахын тулд инфлесюрүүдэд тараадаг" гэж хэлсэн. Түүнийг ийм мэдээлэл хийснээс хойш нэр дурьдагдсан дээрх хоёр компани аль нь ч мэдэгдэл хийсэнгүй нь хачирхалтай.
Монголын толгой баян болох MCS компанийг үүсгэн байгуулагч Ж.Оджаргал үнэндээ улстөрчдөд мөнгийг хайр гамгүй цацдаг болохоо хүлээн зөвшөөрсөн билээ. 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр MCS групп болон түүнтэй холбоотой компаниудын улс төрийн санхүүжилтийн асуудал олон нийтийн анхааралд орсон. Үндэсний аудитын газрын тайланд тулгуурласан хэвлэлийн мэдээллээр, МАН-д хандив өгсөн 49 хуулийн этгээдийн 37 нь MCS группийн охин компаниуд байсан бөгөөд тэдгээрийн хандивын нийт хэмжээ 1 тэрбум 110 сая төгрөгт хүрсэн байна. Эдгээрээс хамгийн их мөнгийг УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 450 сая төгрөг авсан бол араас нь Н.Наранбаатар, Б.Батцэцэг, Б.Пүрэвдорж нарын гишүүд жагсч буй. Мөн ХҮН намд MCS групптэй холбоотой компаниудаас 1 тэрбум 45 сая төгрөгийн хандив өгсөн гэх мэдээлэл нийтлэгдсэн. ХҮН намын дарга Т.Доржханд тус намаас MCS-ийн хандив авснаа ч хүлээн зөвшөөрсөн. Хэдийгээр энэ нь тайлан дээр бичигдэж, аудитаар хянагдсан албан ёсны тоо ч үнэндээ сонгууль хэр бохир болдгийг харуулсан ноцтой баримт юм.
Монголын томоохон бизнесийн бүлэглэл улс төрийн өөр өөр хүчнүүдийг зэрэг санхүүжүүлж байгаа нь хамгийн их анхаарал татаж байна. 2024 оны УИХ-ын тухай сонгуулийн хуулиар хуулийн этгээдээс өгөх мөнгөн хандивын дээд хэмжээ 30 сая төгрөг байв. Иймд улстөрчдөөр өөрийн компанийн эрх ашгийг хамгаалуулах, өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулахын төлөө компаниа "өндөглүүлж", олон компани "эх барьж" авсан гажуудал ч энэ үеэр гаарсан. Ж.Оджаргал 2025 оны есдүгээр сард сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа улс төрийн нам, нэр дэвшигчдэд хандив өгдгөө үгүйсгээгүй. Тэрбээр нам, эвслээс үл хамааран зөв зүйл хийх, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах, улс орныхоо төлөө ажиллах нэр дэвшигчдийг дэмждэг гэсэн байр суурь илэрхийлсэн. Мэдээж, энэ бол өөрийгөө өмгөөлөх хүний үг. Мөн хандив өгсөн улстөрчдөөсөө хэзээ ч тусламж хүсэж байгаагүй, цаашид ч хүсэхгүй гэдгээ мэдэгдсэн. Хандив өгсөн хүнээсээ юу ч гуйдаггүй гэдэг тайлбар хангалттай биш. Улс төрийн санхүүжилт бол хоёр хүний хоорондын хувийн харилцаа биш. Энэ бол нийтийн эрх ашигтай шууд холбоотой асуудал. Хоёр намд мөнгө өгсөн бол хоёр талд нь хаалгатай гэсэн үг үү? Ар, өврийн хаалганы аль нь таньд илүү ашигтай вэ, Ж.Оджаргал захирал аа.
Том бизнесийн хувьд улс төрийн тогтвортой орчин, хууль эрх зүйн таатай нөхцөл хэрэгтэй. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Гэвч нэг компани улс төрийн олон хүчнийг зэрэг санхүүжүүлж байгаа нөхцөлд нэг чухал асуудал үүсдэг. Сонгуулийн дараа аль ч нам засгийн эрхэнд гарсан байлаа гэсэн хандив өгсөн бизнесийн бүлэглэл улс төрийн хүрээнд харилцаа холбоотой хэвээр үлдэх боломжтой. Ялангуяа Монгол шиг улстөр нь тогтворгүй, уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засагтай улсад бизнесээ хамгаалахын тулд байж болох хамгийн муу арга нь магадгүй энэ байх. Уг нь бол улс төрийн өрсөлдөөн гэдэг иргэдийн санал, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрөөр шийдэгдэх ёстой зүйл. Харин санхүүгийн хүчтэй бүлэглэлүүд улс төрийн олон намд зэрэг хөрөнгө оруулж, аль ч хувилбарт өөрийн ашиг сонирхлоо хамгаалах боломжоо бүрдүүлдэг. Энэ нь Ж.Оджаргал тодорхой улстөрчдийг худалдаж авсан гэсэн нотлогдсон баримт биш ч гэлээ улс төрийн санхүүжилтийн ийм бүтэц өөрөө ашиг сонирхлын зөрчил, хэт хамаарал үүсгэх эрсдэлтэй.
Төр бол хувийн компанийн эрсдэлийг бууруулах даатгалын байгууллага биш. УИХ бол томоохон бизнесийн бүлэглэлүүдийн эрх ашгийг зохицуулах зөвлөл ч биш. Хууль тогтоогчид сонгуулийн үеэр хандив өгсөн компанийн бус, нийт иргэдийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Ж.Оджаргалын хандивын асуудлыг ганц хүний, ганц компанийн тухай дуулиан болгож орхиж болохгүй. Энэ бол Монголын улс төрийн санхүүжилтийн тогтолцооны тухай асуудал. Тэгэхээр Ж.Оджаргалын улс төрийн хандив бол бизнесийнхээ хууль ёсны орчныг хамгаалах арга уу, эсвэл Монголын улс төрд урт хугацааны нөлөө бүхий байр суурь бий болгох санхүүгийн стратеги юу? Энэ асуултад Ж.Оджаргал, түүнээс хандив авсан улстөрийн намууд, улстөрчид баримтаар хариулах цаг болжээ. Учир нь Монголын төрийг хэн удирдахыг сонгогчид шийдэх ёстой болохоос сонгуулийн санхүүжилтээр дамжуулан улс төрд нөлөө бий болгож чадсан бизнесийн бүлэглэлүүд шийдэх ёсгүй.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ