img

ХУЛГАЙД АЛДСАН НАР

img

Б.Хэрлэн 27 насандаа анхны үрээ тэвэрч, ээж болжээ. Хүсэн хүлээсэн охин нь хүчилтөрөгчийн дутагдалтай төрж, эмчийн зөвлөгөөгөөр өдөрт 2-3 цаг нар, салхинд гарах ёстой. Дөрвөн хананы дунд амьдрах хотын иргэдийн хамгийн хэцүү зүйлсийн нэг бол агаар. Б.Хэрлэн гэр бүл болоод нөхрийн хамт шинэхэн баригдсан хорооллын гуравдугаар давхарт байр авч, өрх тусгаарлажээ. Анх тэднийхийг нүүж ирэхэд доод давхарт ч гэлээ өдөржингөө нар тусдаг үнэхээр сайхан байршилд байлаа. Харамсалтай нь хэдэн жилийн дараа хүүхдийн тоглоомын талбай байсан газарт хүчит техникүүд нэг л өдөр түжигнэж, тэнгэр өөд цойлсон 20 давхар байр баригджээ.

Ингээд өдөржин нар тусдаг байсан байр нь өндөр барилгуудын сүрд дарагдаж, нар үзэхээ байв. Шигүү баригдсан ширэнгэн ой мэт бие биеэ дэрлэсэн өндөр байрнуудын завсраар ёлтойх нарны ганцхан алхам зурвасыг бараадан тэрээр өнөөдөр цагийн зүү шиг нааш цааш алхан байж, нар, салхинд хүүхдээ гаргана. Нар барилгын цаагуур ормогц ээж, хүүхэд хоёрын энэ өдрийн “ажил” дуусч гэртээ орно. Уг нь нар шингэх нь бүү хэл нарны илч буух болоогүй байхад өндөр барилгууд нарыг “хулгайлсан” учир тэд гэртээ орохоос өөр замгүй. Тэр хүүхдийн гэр цонхоороо нар хардаггүй. Тоглох ёстой байрных нь гаднах талбайд ч нар тусдаггүй. Энэ бол өнөөгийн Улаанбаатарын хот төлөвлөлтийн хамгийн том эмгэнэл. Тэд хүүхдүүдээс, Монголын ирээдүйгээс нарыг төрийн захирамж, шийдвэрийн дагуу булаажээ.

ХОТ БОЛ ХҮН АМЬДРАХ ҮЗЭМЖИТ ОРЧИН, ХҮҮХЭД ӨСӨХ ҮЛГЭРИЙН ОРДОН

Бид хот байгуулалтыг өндөр барилга, орон сууцны тоо, ашиглалтад орсон метр квадратаар хэмждэг. Харин тэр байшинд амьдарч буй хүүхэд өдөрт хэдэн цаг нар үзэж байгаа талаар өнөөдөр хэн ч дуугарахгүй байгаа нь харамсалтай. Өвлийн улиралд байтугай зуны нар ч цонхоор нь тусдаггүй айлууд улам олон болж байна. Хуучны барилгуудыг хороо цэрэг бүслэх мэт шил шилээ даран баригдаж буй шинэхэн өндөр байранд орохдоо бид үр хүүхдийнхээ төлөө цэвэр агаар, ногоон байгууламж, байгалийн гэрэлтэй орчинд амьдрах боломжтой эсэхийг асуудаг нь тун цөөн. Хот гэдэг зөвхөн гаднаасаа гоё харагддаг барилга байгууламжийн нийлбэр биш. Хот бол хүн амьдрах үзэмжит орчин, хүүхэд өсөх үлгэрийн ордон. Харин хүний амьдрах орчныг наргүй, салхигүй, ногоон байгууламжгүй, битүү барилга болгочихоод үүнийгээ хотын хөгжил гэж нэрлэх нь хоржоонтой. Үнэн хэрэгтээ тэрхүү хотыг бий болгох хүнийхээ хөгжлийг бид хот төлөвлөлт нэрийн дор хөсөр хаяжээ.

Нар тусдаггүй байранд амьдардаг хүүхдүүдийн талаар хүүхдийн эмч Б.Отгончимэг “Нар бол зөвхөн гэрэл, дулааны эх үүсвэр биш. Хүний бие махбодын хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй байгалийн хүчин зүйл. Нарны хэт ягаан туяа арьсанд хүрэхэд Д аминдэмийн нийлэгжилт явагддаг. Д аминдэм нь кальци, фосфорын шимэгдэлт, ясны хэвийн өсөлт, бэхжилтэд чухал үүрэгтэй. Хүүхдийн өсөлтийн үед Д аминдэмийн дутагдал үүсвэл ясны эрдэсжилт алдагдаж, рахит буюу сульдаа өвчин үүсэх эрсдэл нэмэгддэг. Цонхоор орж ирсэн нарны гэрэл Д аминдэмийг хангалттай хэмжээгээр нийлэгжүүлдэггүй. Цонхны шил хэт ягаан туяаны ихэнх хэсгийг хаадаг. Хүний бие гэрэл, харанхуйн мөчлөгөөр өдөр шөнийн хэмнэлээ зохицуулдаг. Өглөөний байгалийн гэрэл нүдний торлог бүрхэвчээр дамжин тархинд дохио өгч, нойр, сэрүүн байх мөчлөгийг зохицуулдаг. Байгалийн гэрэл багатай орчинд удаан байх нь нойрны хэмнэл, нойрны чанарт сөргөөр нөлөөлөх боломжтой. Ялангуяа хүүхдийн унтах, сэрэх цаг тогтворгүй болох нь анхаарал төвлөрөл, суралцах чадвар, сэтгэл санаанд нөлөөлдөг. Үүнээс улбаатай хүүхдүүд дархлаа суларснаас өвчлөмтгий болж байгаа” гэж ярилаа.

Манай орны хувьд хэдий нарлаг улс ч гэлээ хүний биед авах ёстой Д аминдэмийг хангалттай хэмжээгээр авч чаддаггүй. Энэ нь манай улс дэлхийн өргөргийн 47,9 хэмд байрладаг газар зүйн байршлаас шалтгаалж, жилийн 9 сар орчим нь хүйтэн талдаа байдаг учир монгол хүүхдүүд хангалттай Д витамин авч чаддаггүй гэж АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс гаргасан судалгаанд өгүүлжээ. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 5–17 насны хүүхэд, өсвөр үеийнхэн өдөрт дунджаар 60 минутын турш эрчимтэй хөдөлгөөн хийхийг зөвлөдөг. Хүүхдийн гадаа тоглох, наранд гарах орчин муу байх нь хөдөлгөөний идэвхийг бууруулах, илүүдэл жин, таргалалт, булчин ясны хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлт нөхцөл болдог байна. 

ИРГЭД ЭРХЭЭ МЭДДЭГ Ч ГАРГАЛГААГАА МЭДЭХГҮЙ БАЙНА

Монгол Улсын Үндсэн хуульд “Хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй” хэмээн заасан байдаг. Мөн төрд ажиллаж буй бүх албан хаагчид хүний эрхийг хамгаалах үүрэгтэй аж.

Энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар “Эмч хүн бусдын эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхийг, багш хүн бусдын сурч боловсрох эрхийг хангаж байгаа шиг барилгын улсын байцаагч хүн бол хүний эрүүл, аюулгүй байдалд амьдрах эрхийг хангаж өгдөг албан тушаалтан. Харин барилгын чанар болон нарны ээвэрлэлтийн асуудлаар иргэн хүн гомдол гаргаж байна гэдэг тухайн байцаагч хяналтаа дутуу тавьж ажилласны илрэл. Хүний эрхийн үндэсний комисс төрийн байгууллагууд үүргээ хэрхэн хэрэгжүүлж, хүний эрх хаана зөрчигдөж байгааг хянадаг байгууллага. Хүний эрх талаасаа харвал энэ бол яах аргагүй зөрчил байна гэж үзэж болно. Хүн бүр эрүүл, аюулгүй байдалд амьдрах эрхтэй гээд Үндсэн хуульд заасан болохоор нарнаас хүний бие физиологи өөртөө хэрэгтэй амин дэмээ авна. Дандаа харанхуй нөхцөлд байгаад байвал өвчилдөгтэй адил, улмаар сэтгэл санаанд нөлөөлж байвал энэ бол хүний эрхийн зөрчил мөн үү гэвэл мөн. Иймд иргэд маань өөрсдийн үндсэн эрхээ эдлэх, зөрчигдсөн эрхээ сэргээхийн тулд шүүхэд гомдлоо гаргаж болно. Олон улсын жишгийн дагуу нарыг нь хааж барилга барьсан компаниас хохирлоо гаргуулж, нөхөн олговор авч болно. Иргэд маань эрх нь зөрчигдөөд байхад гомдол гаргадаггүй гол шалтгаан бол гаргалгаагаа мэдэхгүй байна. Эрхээ мэдээд байдаг, манай гэрт нарны тусгал орж ирэхээ больчихлоо гээд мэдээд байгаа хэрнээ энийг шийдвэрлэх гарц гаргалгаагаа мэдэхгүй байна. Ингээд эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаад, шүүх иргэний гомдлын дагуу шинжээч томилоод улмаар хохирлын хэмжээг тогтоож өгөх боломжтой. Зөрчигдсөн хүний эрхийг сэргээх нь иргэнийхээ өмнө төрийн хүлээсэн үүрэг” хэмээн тайлбарлалаа.

НАРЫГ ХУЛГАЙЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨНД ТӨР ОРОЛЦЖЭЭ

Уг нь Монгол Улсад барилга хоорондын зай, нарны шууд тусгал, орон сууцны төлөвлөлтөд тавигдах норматив шаардлагууд бий. Гэвч эдгээр шаардлагыг зураг төсөл дээр хэрхэн тооцож, бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлж байгаа нь тэнгэр газар шиг тэс өөр болчихдог нь хачирхалтай. “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм”-д зааснаар, орон сууц хоорондын зайг нарны тусгал болон галын аюулгүй байдлын шаардлагатай уялдуулан төлөвлөх зарчим туссан байдаг. Өөрөөр хэлбэл, барилгуудыг багахан газар дээр багтааж байрлуулах төдий биш, нэг барилга нөгөө барилгынхаа нарны тусгалыг хаахгүй байх нөхцөлийг хамгийн түрүүнд тооцох ёстой. Мөн “Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж” норм нь нарны шууд тусгалын үргэлжлэх хугацааг зохицуулдаг. Энэ нормд нарны шууд тусгал нь хүний эрүүл мэнд, сэтгэл зүй, физиологийн байдал, дулааны нөхцөл болон орчны эрүүл ахуйд ач холбогдолтойг үндэслэн тодорхой хугацааны шаардлага тавьсан байдаг. Улаанбаатар хотын хувьд нарны тусгалын тооцоонд уур амьсгалын бүс, барилгын байршил, улирал, цонхны чиглэл, барилгын өндөр зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө. Орон сууцны барилгын цонхонд нарны шууд тусгал өдөрт гурваас доошгүй цаг байх шаардлагатай гэж үздэг ч өнөөдрийн байдлаар яг энэ хэм хэмжээг мөрдөж барилгаа барьдаг компани хуруу дарам цөөн. Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлтийн зөвлөмжид барилгын давхрын тооноос хамааран барилга хоорондын зайг нэмэгдүүлэх зарчмыг тусгасан байдаг. 

Энэ журмаар бол 16 давхар хоёр барилга хоорондын зай 62 метр байх ёстой атал өнөөдөр баригдаж буй барилгуудын тагтнаас бие биетэйгээ гараа барин мэндлэх нь холгүй ойрхон барьдаг болсоор удаж байгаа. Нарны тусгалгүй, барилгууд хэт ойрхон байрласан орчинд зөвхөн хүний эрүүл мэндийн асуудал үүсэхгүй. Барилгажилтын орчны бичил уур амьсгал ч өөрчлөгддөг байна. Өндөр барилга намхан барилгынхаа урд байрласан тохиолдолд нарны тусгалыг удаан хугацаагаар хаана. Үүний улмаас орон сууцны доод давхрууд, хашаа, хүүхдийн тоглоомын талбай наргүй болно. Өвлийн улиралд нарны дулаан авах боломж багасах нь дотор орчны дулааны тав тухад нөлөөлдөг байна. Мөн нарны тусгал багатай, сүүдэр удаан тогтдог талбайн цас, мөс удаан хайлах нөхцөл бүрдэнэ. Явган хүний зам, шат, орцны гаднах хэсэгт мөстөлт удаан үргэлжлэх нь халтиргаа, гэмтлийн эрсдэлийг нэмэгдүүлнэ.Хамгийн чухал нь агаарын солилцоо. Барилгын өндөр, хоорондын зай, чиглэл, байрлал нь салхины урсгалд нөлөөлдөг. Барилгуудыг зохисгүй байрлуулбал зарим хэсэгт салхины урсгал саарч, зарим хэсэгт салхины хурд нэмэгдэж, явган хүний түвшинд таагүй бичил уур амьсгал үүсгэдэг байна. Бид Улаанбаатарын агаарын бохирдлыг ярьдаг атлаа хотынхоо барилгажсан орчин агаарын солилцоонд хэрхэн нөлөөлж байгааг хангалттай анхаардаггүй. Уг нь энэ бүхнийг төлөвлөж, хэм хэмжээг мөрдүүлж байх ёстой Хот байгуулалт, хотын стандартын газраас хотын стандартыг баталсан байдаг. Энэ стандартаа тэд “Хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцөлийг тодорхойлсон хэм хэмжээ” хэмээн тунхаглаж, хотын стандартыг мөрдүүлснээр ая тухай амьдрах нөхцлөөс гадна эдийн засаг, нийгэмд эерэг нөлөө үзүүлнэ гэж сурталчилжээ. Хотын стандартыг 9 бүлгийн 38 стандартыг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталж, 10 дугаар сарын 01-ний өдрөөс нийтээр дагаж мөрдөхөөр болжээ. Харамсалтай нь энэхүү 38 стандартад хүний хамгийн анхдагч хэрэгцээ болох агаар, нарны ээвэрлэлтийн стандартын талаар нэг ч өгүүлбэр багтсангүй. Ширэнгэн ой болтлоо шигүү баригдсан барилгын асуудлаар сүүлийн үед төрийн байгууллагуудад гомдол гаргах нь эрс олширчээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд гэхэд барилга баригдсанаас болж нар хаасан болон нарны ээвэрлэлтийн хугацаа багассан гэх шалтгаанаар цөөнгүй гомдол ирэх болсныг Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоо аудитын газрын байцаагч баталлаа. Гэвч барилга барих зөвшөөрлийг Хот төлөвлөлт, хотын стандартын газар захирамж гарган олгодог. Төрийн байгууллагуудын уялдаа холбоо сул, нэг нь нөгөө рүүгээ асуудлаа шидсэн ийм харилцаан дунд иргэд хохирсоор байна. Барилгын компаниуд хотын аль ашигтай байрлалд газар авч, олон метр квадрат бүхий өндөр барилга барихыг эрмэлздэг нь бизнесийн ашиг сонирхол. Гэхдээ өндөр барилга барилаа гээд тэнгэрт тулахгүй нь үнэн ч тэр ашиг нь хүүхдийн тоглох талбай, нарны тусгал, иргэдийн амьдрах орон зайнаас “хулгайлж” болохгүй. Бид хүүхдүүддээ хамгийн сайн сайхныг хүсч, сүүлчийн зоосоо шавхаад ч болтугай сайн сургуульд сургах, эрүүл хооллох, сайн хувцаслах, ирээдүйд нь хөрөнгө оруулахыг хичээдэг. Гэтэл тэдний өдөр бүр амьдарч, амьсгалж байгаа орчныг хэн төлөвлөж, хэн шийдэж байна вэ? Хүүхэд цонхоороо нар харж чадахгүй, гэрийнхээ гадаа чөлөөтэй тоглож чадахгүй, модны сүүдэрт ном унших газаргүй, автомашины дундаас аюулгүй зам хайдаг хотыг бид хүүхдүүддээ өвлүүлж байна. Бид өндөр барилгууд барьж чаджээ. Харин хүн амьдрах хот байгуулж чадсангүй. Улаанбаатарын хөгжил гэдэг нь хэдэн мянган айлын орон сууц ашиглалтад оруулснаар хэмжигдэхгүй. Тэр байшинд амьдарч буй хүүхэд нар үзэж, цэвэр агаарт амьсгалж, модны дэргэд тоглож, аюулгүй орчинд өсөж чадаж байна уу гэдгээр хэмжигдэх ёстой. Наргүй хот бол зөвхөн архитектурын, барилгачдын, байр худалдаж авсан бидний алдаа биш. Энэ бол хүүхдийн ирээдүйг бодолгүй хийсэн хот төлөвлөлтийн алдаа юм. Төр хүүхдүүдээс нарыг нь хулгайлжээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ