Анх ХIII Далай ламтан Юм бэйсийн хошууны Амарбуянтын хийдэд морилсон тухайд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын малчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гомбын Манхан гуай “Миний сонссон буурлуудын яриа” хэмээх номдоо ийн дурджээ.
“Дээрхийн гэгээн 13-р Далай лам Халх нутагт орж ирээд, анхны заларсан хийд нь Амарбуянтын хүрээ байсан бөгөөд хүрээнд долоо хоног саатжээ. Энэ үйл явдал 1904 оны хөх луу жилийн намрын адаг сард болсон юмсанж. Далай ламыг Амарбуянтын хүрээний их унзад Ядамсүрэн, лавиран жасын нярав Жамсран нар хоёр хөтчийн хамт “Шар хулс” гэдэг газар угтан авч заллага айлтгаад, газарчилсаар хүрээ хийддээ залжээ. Шар хулснаас нааш Амарбуянтын хүрээ хүртэл долоо хоног явж, Далай ламын хөсөг дагуулууд нь орой эрт бууж, өглөө эрт замдаа гардаг байсан гэдэг. Далай лам Ядамсүрэн унзадыг өргөөндөө дуудуулж хүрээ хийдийн ёс жаяг, дэг журам, газар нутгийн зан заншлын тухай ихэд сонирхож асуудаг байжээ. Нэг орой Ядамсүрэн унзадаар “Норовбадам” хэмээх маанийн магтаал номыг урт удаан аялгуугаар татуулан уншуулж сонсоод ихэд гайхан баясаж байсан гэдэг. Хүрээнд ирэхийн урд орой Алтан тээгт буудаллаж байхад нь Ядамсүрэн унзад Амарбуянтын хүрээний Мэргэн дүрийн хувилгаан Дүвчин дүр хэмээгч ламын зохиосон “Хөвлөг хангайн бараа”, “Харгай дүнгээ” гэх хоёр дууг дуулж өгсөн байна. Далай лам уг дуунд гардаг:
“Харгай Дүнгээ цэцэг нь
Хавцлаа дүүрээд найганаа
Хайрлаж өсгөсөн ээж минь
Хангинан дангинан суунаа”гэсэн бадгийг ихэд таалж, дахин дахин дуулуулж байжээ. Ядамсүрэн унзадыг “Норов бадам” маань сайн татаж өгсөн, сайхан дуу дуулсанд нь Далай лам талархаж гурван ширхэг алимыг өгсөн гэдэг. Ядамсүрэн унзад тэр гурван алимныхаа нэгийг нь өөрөө хүртэж, нэгээр нь аршаан хийж бүх шавь нарт тараасан, нэгийг нь борц болгож үхэхдээ хэрэглэнэ гээд хадгалсан гэсэн яриа байдаг. Ингэж явсаар Далай ламыг Нөрөөтийн ам хэмээх газар ирэх үед Юм бэйсийн хошууны ноёд түшмэд, дээд тушаалын лам нар, Нөрөөтийн амны урд дэнж дээр тусгай зассан талбайд угтаж авчээ. Нөрөөтийн амнаас Амарбуянтын хүрээний урд дэнж хүртэлх газрын хайрга чулууг нь түүж сайхан зам зассаны ором өнөөг хүртэл бий. Урд дэнжээс хийдийн өргөн чөлөө хүртэл цагаан эсгий дэвсэн Далай ламыг гүн хүндэтгэлтэйгээр угтаж, сэнтийд залжээ. Далай ламын дагуул бараа бологч нарыг Лавиран жасын хашаанд барьсан 16 ханатай том гэр болон бусад гэрүүдэд байрлуулсан байна. Далай ламын хөсөгт хоёр сармагчин, хоёр гарз нохой буюу одоогийнхоор Төвд банхар байсныг манай хүрээ хийдийнхэн ихэд сонирхож байсан гэдэг.
Далай багш болон түүнийг дагалдан яваа мяндагтнууд ирснийхээ маргааш Цогчин дуганд мөргөл тавьсан ба манай хошууныхнаас гадна Ламын гэгээн, Дээд ван, Дайчин гүн, Дашдорж гүн, Бигэр номун хан, Ёст гүн, Элдэн гүн, Балдан засаг зэрэг хошуудаас олон мөргөлчид ирсэн байжээ. Хүрээний баруун хойт Заан толгой дээр үдэш гараад харахад газар бүхэн л галын гэрэл гялалзаж, Чингисийн их цэргийн хүрээ тэр чигтээ ирээд буудаллачихсан аятай байсан гэж хөгшчүүл хуучилдаг. Далай лам ирсний дөрөв дэх өдөр түүний дагуул лам нар манай хүрээний лам нартай цогчин дуганд дагсал хаялцсан гэнэ билээ. Хоёр талаас лам нар ээлжлэн босож ном хаялцаад байсан чинь оройхон хэрд Төвд лам нар босохоо байжээ. Өөрийнх нь лам нар босож ном хаялцахаа байгаад ирэхээр Далай лам өөрөө босож ном хаялцаад эхэлжээ. Тэгэхэд Далай ламын дагуул бараа болооч энгэрээ бүрхсэн цагаан сахалтай өвгөн лам уйлж байсан аж. Манай Хүрээний шавь нар,
Өндөр цагаан нь босоод ирлээ
Өвгөн сахалт нь уйлаад уналаа гэж сэмхэн шоолж байжээ.
Сүүлд тэр өвгөн лам хэлэхдээ “Би Далай ламын хоёр дүрд нь бараа болж байгаа хүн. Өөрөө босож ном хаялцахыг үзсэнгүй учир их уярч уйллаа” хэмээн манай хүрээний Мэргэн дүрийн ламтанд ярьсан гэдэг. Тэр орой Далай ламын шадар туслах зөвлөх нар “Шашны эзэн байтлаа ямба ёсыг алдаж, өөрөө босож ном хаялцлаа” хэмээн зэмлэхэд Далай лам “Та нарыг номын хариу тавьж чадахгүй байхаар аргагүй бослоо. Энд чинь Дугар зайсангийн хувилгаан байдаг юм байна шүү дээ” гэж хариулсан гэдэг юм.
Хүрээний цагаан хашаанд “Лхас молом” хэмээх номыг Далай лам өөрөө зэд өргөл өгч хуруулсан. Лхас моломыг унзадлахыг Ядамсүрэн унзадаас Далай лам өөрөө хүсэлт тавьсны учир Ядамсүрэн унзад хурлыг удирдан уншсан гэдэг. Хуралд хурсан бүх ламд нэг хадаг, таван цэнгийн дугуй мөнгөөр зэд тавьсан. Далай лам манай хүрээнд долоо хоноод цааш морилсон. Тийн явахад нь манай хүрээний Мэргэн дүр нэг яйчил дун бэлэглэсэн. Яйчил дун гэдэг нь буруу эргэсэн далбаатай улаан ясан дун байдаг. Их ховор зүйл бөгөөд дууг нь сонссон хүн гурван муу заяанд унадаггүй гэсэн домогтой.
Далай ламыг Унтаагийн голын Хойморийн худаг хэмээх газар Ламын гэгээнийхэн угтаж авсан, Ламын гэгээнийхэн баян тарганаа гайхуулж, дөрвөн ханатай хивсэн бүрээстэй шар торгоор бүрсэн, ханыг нь мөнгөөр үдэж, тооно унийг нь мөнгөөр тоноглосон гэрт битүү хивс дэвсэж хүлээж авсан гэдэг. Гэрийн доторхи тавилга нь ч алт, мөнгө, хаш зандангаар бүтээсэн байсан юм байх. Зөвхөн шалын өр гэхэд л мөнгөөр хийж, захаар нь шүр суулгасан байсан гэж сонсогдсон. Далай лам Их Хүрээ ортлоо манай хүрээнээс зохих тушаалын мяндагтан нарыг дагуулж явсан” хэмээн Гомбын Манхан гуай бичжээ.
Үүнээс үзэхэд Далай лам дурдсан газруудаар дайрч хөх луу жилийн өвлийн тэргүүн сарын хорины өдөр Их Хүрээнд ирсэн бөгөөд энэ нь европын тооллоор 1904 оны 11-р сарын 14-ний өдөр болж байна. Түүнийг Их хүрээнд ирэхэд Гандантэгчэнлин хийдэд Дэдэн поврон нэртэй тусгай өргөө байр бэлтгэсэн байсан ба энэ нь Гандантэгчэнлин хийдэд өнөө ч хэвээр байна.
XIII Далай ламын Монголд айлчилсан, тэр дундаа Монголын бурханы шашны их төв Их Хүрээнд айлчилж байх үеэр тохиолдсон чухал, онцлог үйл явдал бол түүнийг дагалдан явсан Төвдийн эрдэмт лхарамба лам нар болон Их Хүрээний нэрт лам нарын хооронд болсон ном хаялцаан юм. Бурханы шашны сургалтын тогтолцоонд дагсал хаялцаа буюу номын мэтгэлцээн нь чухал байр суурь эзэлдэг. Аль ч зиндаанд суралцаж буй хувраг, лам өдөр бүр үзсэн номоо бусадтайгаа харилцан мэтгэлцэж зөв гаргалгаа, шийдлийг олж авч байдаг. Ном хаялцаангүйгээр бурханы шашны сургалтыг төсөөлөхөд бэрх юм. Сурсан зүйлээ дүгнэн томъёолж бусдаас асууж, хариулт, тайлбар авах байдлаар мэдлэгээ батадгаж авдаг сургалтын өвөрмөц арга барил юм. Мөн нөгөө талаас дэг сургууль ялгалгүй аль дэвшилтэт, шинэлэг мэдлэг ухаан бүхий хийд, лам нараасаа ном хаялцах, шавь орох хэлбэрээр байнга суралцаж байдаг гайхалтай ардчилсан зарчим бурханы шашны дэг урсгалуудад байдаг. Энэ уламжлалаар алс холоос ирсэн Төвөд эрдэмтэн лам нартай Монгол лам нар ном хаялцаж харилцан суралцахыг зорьж байсан нь лавтай юм. Энэхүү ном хаялцааны талаар судлаач Ц.Батбаяр, Д.Гомбосүрэн нар сонирхолтой мэдээ, баримт дурдсан байдаг.
“Далай лам Их Хүрээнд олон мөргөлчдөд мөргөл хайрлаж, ном айлдсанаас гадна өөрийн дагуул лхарамбуудыг Их Хүрээний эрдэмтэн лам нартай ном хаялцахыг даалгажээ. Энэхүү ном хаялцах мэтгэлцээнд Төвдийн талаас Далай лам, Жүд хамба, Дүлба хамба, Мянаг Ёндон тэргүүтэй лхарамбууд, Монголын талаас Ханд Чин вангийн Дандар аграмба, Сүнгийн аймгийн анги гэвш Шагдар, Дарва бандид Агваанчойнжирдондов, нүүрний анги гавж Цэрэндорж, анги Чогзов, Сартуулын хошууны гавж Доржбал, Номун ханы аймгийн Шарав, Дайчин бэйсийн ихэр Самдан, Андуу нарын аймгийн Содномжамба, Өөлд Содов, Яруугийн хүрээний Чүлтэм аграмба, Хардал бэйсийн Пунцаг аграмба, Тойсамлингийн аймгийн гавж Самдан зэрэг 10 гаруй хүмүүс оролцсон хэд хоногийн номын мэтгэлцээн болсон байна. Энэ номын мэтгэлцээнд Монголын талаас оролцсон лам нарын дотроос Хардал бэйсийн оготор хэмээх Пунцаг аграмбын “Хоржүр дэнбэрэл” хэмээх дасгалыг Төвдийн эрдэмтэн лам нараас хэн нь ч хариулж чадаагүй байна. Хожим XIII Далай лам Лхастаа эргэж очоод “Ганжуур” цээжээр мэдэх Дарамлочин лхарамба гэгчийг зориуд тохоон томилж Монгол руу илгээсэн байна. Тэрбээр Монголд ирж дээрхи мэтгэлцээнд оролцсон лам нартай уулзжээ. Тэр үед оготор Пунцаг аграмба таалал төгссөн байсан учраас уулзаж чадаагүйдээ маш их харамссан гэдэг яриа буй. Пунцаг аграмбын тэрхүү “Хоржүр дэнбэрэл” хэмээх дагсал өнөө үед мэдэгдэхгүй болжээ хэмээн лам нар одоо ч ярьж байна.
Далай лам Монголд байхдаа Дарва бандидтай номын мэтгэлцээн хийж, “Нинж бодь сэтгэлийн тухай” ярилцжээ. Дарва бандид нинж бодь сэтгэлийн талаар гүн судлан үзсэн байсан тул Далай лам түүнийг онцгойлон сайшаасан түүхтэй.
