img

“ЛХҮМБИЙН ХЭРЭГ”-Т ХИЛСЭЭР ШИЙТГЭГДЭН ХОРИГДОЖ БАЙСАН ХҮМҮҮСИЙГ АРДЫН ХУВЬСГАЛЫН 15 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН СУЛЛАЖ БАЙЖЭЭ

img
Тухайн үеийн нийгмийн аль сэхээрсэн, боловсорсон, угсаа гарал бүхий ноёд, тайж, хутагт, лам, сэхээтэн нарыг сорчлон устгаж, юу хүссэнээ бичиж болдгийг өнгөрсөн зууны гашуун түүх харуулдаг. 1933-1934 онд Ж.Лхүмбийн “Япон тагнуул”-ын хэрэгт 2140 хүний нэр илрүүлэн, үүнээс 534 хүнийг баривчлан (үүнээс 280 нь буриад) байцааж, “Лхүмбийн хэрэг” гэгчид 317 хүнийг хамааруулан шийтгэж, “Улаанбаатар төв групп”, толгойлогч нь Лхүмбэ, Жигжиджав нар (33 хүн баригдсан), “Дорнод групп”, толгойлогч нь Хэнтийн намын комиссын дарга Норов-Эрэнцэн, Дорнодод цэргийн алба хаасан Сэвжид нар (110 хүн баригдсан), “Хэнтийн групп”, толгойлогч нь Дадал сумын хоршооны дарга Раднаагийн Цэвэгжав (174 хүн баригдсан) гэсэн гурван группээс бүрэлдэж байсан байна.
Дотоодыг хамгаалах газрын ажилтнуудын боловсролын түвшин нимгэн, Монгол Улсад хууль эрх зүй хөгжлийн доогуур шатанд байсан нь УАХБ ажлаа зөв гольдролын дагуу явуулахад бэрхшээл учруулж, орос сургагч, зөвлөхүүдийн заавраар явахаас аргагүй байдалд хүргэж байсан байна. Жишээ нь, 1948 оны эцэс гэхэд л тагнуулын ажилтныг, мөн ДЯЯ-ны бүх офицер ба орон нутгийн хэлтсийн дарга нарыг долоон жилийн боловсролтой болгох, бүх хэлтсийн төлөөлөгчийг дөрөвдүгээр ангийн хөтөлбөрөөр сургах шийдвэр гарч хэрэгжиж байснаас харж болох юм. Гэхдээ хэлмэгдүүлэлтийг гардан гүйцэтгэсэн ДХГ болон Дотоод яаманд уг хэргийн зохиомол болохыг илчилсэн эсэргүүцсэн тус байгууллагын мэдлэг, чадвартай ажилтнууд олноор хэлмэгдсэн юм. ДХЕГ-ын орлогч дарга Ц.Гиваапил “Хэргийг даруй таслан дуусгаж, хойшдыг тусгай хяналтаар явуулах”-ыг 1933 онд ДХЕГ-ын дарга Д.Намсрайд удаа дараа шаардаж, холбогдогчдыг цагаатгахыг 1934, 1935 онд МАХН-ын Төв хороо, Улсын Бага хурлын тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлд санал болгож байв. “Лхүмбийн хэрэг”-ийн мөрдөн байцаалтыг хууль бусаар явуулж байгаад ДХЕГ-ын удирдлага, зарим ажилтнууд шүүмжлэлтэй хандаж байв. Мөрдөн байцаалтад хүч хэрэглэсэн Дорнод хэлтсийн ажилтан Батбаяр, Фельдман, Жамц, Дамба, Линсэн, Дорж, Добжаев нарт 1933 оны есдүгээр сард ДХЕГ-ын дарга Д.Намсрайн 368 тоот тушаалаар арга хэмжээ авч, энэ талаар бүх анги, хэлтэст танилцуулжээ. Мөрдөн байцаалтыг “Аливаа эрүүгийн хэргийг хэрхэн байцаах ба шийтгэх тухай хууль”-ийн дагуу явуулах, зөрчвөл хатуу арга хэмжээ авахаар 1934 оны 11 дүгээр сарын 30-нд ДХЕГ-ын даргын 990 тоот тушаалаар нийт ажилтнуудад мэдэгдсэн байна.
Лхүмбийн хэргийг мөрдөн байцаах явцад нам, улс цэрэг, олон нийтийн байгууллагын ажилтан 1505 хүн эсэргүү байгууллагын гишүүн гэж нэр илэрсний дотор З.Шижээ, Ө.Бадрах, А.Амар, Х.Чойбалсан, Ц.Баттөмөр, Дарьзав нарын зэрэг олон хүний нэр илэрч хавтгайрах шинжтэй болсонд нам, төрийн удирдагчид эргэлзэх болж, Намын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн Ж.Лхүмбэ, “Лхүмбийн хэрэг”-т холбогдон хоригдож байсан Дэндэвтэй Улсын Бага Хурлын дарга А.Амар нар тус тус уулзаж, хэрэг хүлээгээд байгаагийн учир шалтгааныг нь сонирхож байв. Их гүрний шахалт, тулгалт, нам төрийн болон ДХГ-ДЯЯ-ны удирдлагын зүй бус тушаалыг эс биелүүлэх нь ажилтны амь настай холбоотой байсан хэдий ч УАХБ-ын олон арван ажилтан эсэргүүцэн, түүнийхээ төлөө “Японы тагнуулын хамсаатан” нэрийг зүүх болжээ. Тухайлбал, ДХГ-ын дарга байсан Н.Хаянхирваа (шоронд нас барсан) Дорнод хэлтсийн дарга Н.Төгсжаргал (Дорнодын эсэргүү байгууллагын удирдагч хэргээр), Ховд хэлтсийн дарга Ц.Норовжамц, Алтанбулаг дахь дотоодыг хамгаалах ангийн дарга Д.Цэдэндаш, төвийн хэлтэст тасгийн дарга Ж.Ням (буриад), хязгаарын хэргийг эрхлэх тусгай төлөөлөгч Л.Дорждэрэм, төлөөлөгч Ц.Нанзаддорж, Ш.Дашдорж, Б.Дорж, Я.Дашдовжил, А.Төмөрбат, Алтанбулаг дахь ангид жинхэнэ төлөөлөгч Л.Дамба (буриад), орчуулагч Ж.Дашцэрэн (буриад) нарын 27 ажилтан “Лхүмбийн хэрэг”-ийг хилс ташаа болохыг эсэргүүцэн тэмцээд цаазаар авагдан, Дорнод аймаг дахь ДХ ангийн жинхэнэ төлөөлөгч Ш.Лхагвадаш, төлөөлөгч Г.Жаамаа, Ч.Буяндэлгэр, бичээч эмэгтэй Т.Тогоохүү нар 1933-1934 онд хорих ялаар шийтгэгдсэн байна. Тухайлбал, орчуулагч Л.Дамбыг (буриад) ганцхан удаа байцааж, мэдүүлэг авчээ. Түүний мэдүүлгээс үзэхэд... “Дамба би энэхүү хувьсгалын эсэргүү Японы тагнуулын байгууллагад элсч явсан удаагүй. Харин миний бие энэхүү хувьсгалын эсэргүү тагнуулын байгууллагатай өөрийн биеэр эсэргүүцэн тэмцэж явсан. Намайг хувьсгалын эсэргүү хэрэг хийгээгүй байтал хувьсгалын эсэргүү хорт этгээдүүдийн амыг баримталж тэдний хамтаар гүтгэж байна. Иймээс та нар намайг хичнээн байцаалаа ч би үүнээс өөр мэдүүлэг өгч чадахгүй” гэжээ. Төлөөлөгч Цэмбэлийн Очирын 1989 оны долоодугаар сарын 18-ны өдрийн гэрчийн мэдүүлэгт... “Сургагч Яковлевыг баригдсаны дараа түүний оронд томилогдон очсон сургагч Чепенкээс надад “Яковлев их муу хүн. Дамбыг буудуулсан” гэсэн утгаар ярьж байсан” гэснээс үзэхэд сургагч нар хэлмэгдүүлэлтийг дэвэргэх, гардан гүйцэтгэх ажлыг зохион байгуулж байжээ. УАХБ-ын ажилтнууд хэлмэгдэх бас нэгэн шалтгаан нь олон тооны сэхээтэн, албан хаагчид, лам нар, ард иргэд хилс хэрэгт баривчлагдсан болохоор тэдгээр хүмүүс гомдож хорсохдоо хяналт шалгалт сул байсныг ашиглан ДХГ-ын ажилтнуудыг өөрсдийг нь энэ худал хэрэгт нэгэн адил татан оролцуулахаар хоорондоо ярилцан тохирох буюу дангаар мэдүүлэгтээ нэрийг нь зориуд оруулж, хэрэгт холбогдуулах явдал ч байв.
Хэнтийн групп хэмээх Цэвэгжав толгойтой 174 хүний хэргийг 1933 оны 11 дүгээр сарын 03-нд ДХГ-ын дарга Намсрай даргатай тусгай комисс нууцаар тасалж, 30 хүнийг ял--ын дээд хэмжээ, бусдыг нь 5-10 жил хорихоор зааж, 86 хүнийг гадаадад цөлсөн байна. Лхүмбэ толгойтой 33 хүний хэргийг 1934 оны 06 дугаар сарын 25-нд Намсрай даргатай тусгай комисс нууцаар тасалж, 12 хүнийг буудан алахаар тасалсны долоог нь Улсын Бага Хурал өршөөж, таван хүнийг ялын дээд хэмжээгээр шийтгэжээ. Дорнодын групп гэдэгт буриад 78-ыг оролцуулсан ажилчин, албан хаагчид, энгийн ард бүгд 110 хүнийг хамруулж, 1933 оны 11 дүгээр сард тусгай комисс нууцаар тасалж, 18 хүнийг ялын дээд хэмжээгээр шийтгэжээ. Уг хэргийг хууль бус аргаар мөрдөн байцааж, шүүн тасалж буйг эсэргүүцэн ДХГ-ын орлогч дарга байсан Гиваапилээс Намын Төв Хороонд 1935 оны 02 дугаар сарын 25-нд бичсэн өргөдөлдөө... “Ялтныг байцаахдаа занчих, айлгаж сүрдүүлэх, нойр хоолгүй суулгах зэргийн хэдэн арван зүйлийн арга хэрэглэж байсан ба хэрэв Хэнтийд нэг ялтныг 72 цаг амралтгүй суулган зовоож байсан бол Улаанбаатарт долоон өдөр, шөнийн 168 цаг буюу түүнээс дээш хугацаагаар амралтгүй суулган байцааж байсан. Хэрэгтнүүд айн бачимдахдаа амь завсарлахыг бодож худал ташаа зүйлийг мэдүүлдэг байсан. Асуусан бүгдийг ам дагуулан “мөн”, “тийм” гэх мэтээр зөвшөөрч өөрийгөө гүтгэдэг байсан” гэжээ. Хэрэгтнүүдийг байцааж байсан байцаагч нарын дурдатгалаас үзэхэд 1932 оны 09 дүгээр сараас эхлэн Архангай аймгийн Дотоодыг хамгаалах ангиас төвд шилжин улс төрийн хэлтэст улс төрийн байцаагчаар 1934 оны 01 дүгээр сар хүртэл ажилласан Гонгорын Аюурзана тодорхойлолтдоо... “Хэрэгтнийг зоддог, касчерт хийдэг, жижүүрлэж удаан цагаар байцаадаг байсан. Хэргийг тулган байцаадаг байснаас хэрэгтнүүд хэргээ хүлээдэг байсан... Ийм аргуудыг хэрэглэж байв. Сургагч нар зоддог байсан. Үүнээс уламжлан орос, монголгүй цөм зоддог болсон. Жишээ нь, ДХГ-ын Тусгай хэлтэст орчуулагч байсан Ж.Дашцэрэнг Аюурзана би байцааж хэргийг хүлээлгэж чадаагүй байсан. Гэтэл тусгай хэлтсийн сургагч Григорьев гэгч орж ирээд тархи руу нь шааж, өшиглөж, ам хамраас нь цус гаргаж зодож байсан. Үүнээс ч уламжлан би ч зоддог болсон. Энэ нь сүүл сүүлдээ ширүүсч, хүн бүр хэрэгтнийг байцаахдаа зодох аргад шилжсэн юм” гэжээ.
Мөн 1931-1935 онд ДХГ-ын туслах төлөөлөгчөөр ажиллаж байсан Жанчиваас 1961 оны 04 дүгээр сарын 10-нд гаргасан тодорхойлолтдоо... “Лхүмбийн хэрэгт Ононгийн буриадуудаас олон хүн баривчлагдсан. Хэрэгтнийг байцаахдаа удаан цагаар суулгаж, жижүүрлэн байцаах гол аргыг хэрэглэж байгаагүй. Зөвхөн “Шодоев Дамдинтай хэдийд, ямар харилцаатай, яаж ажиллаж байсан бэ” гэдэг асуулт тавих хэрэгтэй гэдэг байсан. Миний санахад Дорнодын хэлтсийн дарга Төгсжаргал ДХГ-ын орлогч дарга Аюушийн тасалгаанд олон хоног сууж байцаагдсан шиг санагдаж байна” гэжээ. ДХГ-ын орлогч дарга С.Гиваапил зэрэг хүмүүс нам, төрийн удирдах хүмүүс, орос сургагч нарын хууль бус ажиллагааг эсэргүүцсэнийхээ төлөө ажлаасаа халагдан ЗХУ-д цөлөгдөж, “Лхүмбийн хэрэг”-т ДХГ-ын олон ажилтан баривчлагдан шийтгүүлсэн нь үлдсэн хүмүүсийг тушаал, шийдвэр үг дуугүй биелүүлэхэд хүргэв. Лхүмбийн хэрэгт холбогдсон зарим хүмүүсийн хэргийг шалгаж сулласан учраас буруутаж, ЗХУ-д цөлөгдсөн ДХГ-ын орлогч дарга байсан Гиваапил Х.Чойбалсантай Москвад биеэр уулзахдаа болон мөн удаа дараа бичсэн захидалдаа Монголд гарч байгаа улс төрийн хэлмэгдлийг эрс буруушааж... “Улс орноо Японы колони болгох гэсэн эсэргүү бүлгэм Монголд байхгүй. Энэ бол ор үндэсгүй зохиомол зүйл. Гадаад улсын хатгалгаар Монголын шилдэг сэхээтнийг устгах гэсэн гэмт ажиллагаа мөн. Хувьсгалын эсэргүүчүүд бол бид биш. Харин энэ хэлмэгдлийг зохион байгуулж байгаа та нар л өөрсдөө эсэргүү болж, Японы түрэмгийлэгчдэд тусалж буй хэрэг. Хэрэв энэ алдааг нэн даруй засахгүй бол 10-15 жилийн дараа Чойбалсан та ямар их нүгэл хийснээ ойлгох цаг ирнэ шүү. Үүнийг ойлгож ухаардаггүй яасан тэнэг хүн бэ?” гэж хэлж, бичиж байсан протокол захидлууд нь Засгийн газрын нууц архивт 1989 он хүртэл хадгалагдаж байжээ. Гучаад оны дунд үеэс хэлмэгдүүлэлтийг эсэргүүцсэн хүрээ тэлсэн боловч 1936 оны МАХН-ын Төв Хорооны II Бүгд хурал, Төв Хорооны Тэргүүлэгчдийн 49 дүгээр хурлаас ДХЕГ-ын дарга Д.Намсрай, орлогч дарга Б.Аюуш, Ерөнхий сайд Б.Гэндэн нарт бүх бурууг оногдуулаад гол шалтгааныг олж засах арга хэмжээ аваагүй байна. “Лхүмбийн хэрэг”-т хилсээр шийтгэгдэн хоригдож байсан хүмүүсийг Ардын хувьсгалын 15 жилийн ойг тохиолдуулан сулласныг 1936 оны 08 дугаар сарын 01-нд Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаас буруушааж, Улсын Бага Хурлын дарга, Ерөнхий сайд нарыг зэмлэснээр хууль зүйг сахиулах гэсэн оролдлогын эрчим суларч таслагдахад хүрчээ. Хэдийгээр хэлмэгдүүлэлтийн эсрэг УАХБ-аас тэмцэж байсан ч тухайн үеийн нийгмийн тогтолцооноос хамаарч их гүрний шахалт, дарамт болон өөрийн улс нам, төрийн удирдлагын тогтоол, шийдвэрийн дор олон мянган иргэдээ хэлмэгдүүлэхэд оролцсон нь түүхэн үнэнтэй. Хэлмэгдүүлэлтэд ДХГ, ДЯЯ-наас бүрэн бус тоогоор 150-иад хүн шийтгэгдсэнээс 130-аад нь цагаатгагдаж, арваад хүн тодорхой бус шалтгаанаар цагаатгагдаагүй үлджээ. Эдгээр шийтгэгдсэн хүмүүсийн ихэнхи нь удирдах албан тушаалтан, тасаг, хэлтсийн дарга, цөөн хувийг гүйцэтгэх доод албан тушаалын хүмүүс эзэлж байв.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ