Алдрын оргил өөд шат шатаар ахих бус шат алгасч амжилт гаргахад, хөл гараа бэртээгээд явж байхад хүний нутагт нуруундаа үүрээд, хөлсний байрнаасаа хөөгдөөд гарахад нь хамтдаа хань бараа болж гадаа хонож инээлдэж байсан найзаа нядалгааны малаас илүү хэрцгийгээр хөнөөсөн алуурчин Н.Түвшинбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс уучлал хүссэн захидал илгээж, удахгүй суллагдах гэж байгаа бололтой.
Ямар ч цаг үед хамтдаа байж, олимпийн алт мөнгөн медальтан болоход улсын өсөх идэр начин Э.Энхбат ард нь асаалттай танк шиг байдаг байсныг өнөө хүртэл бөхчүүд дурссаар байдаг. Тэрээр анд найз гэж итгэж явсан алуурчин Н.Түвшинбаярын гарт амиа алдана гэж хэзээ ч бодож яваагүй байх. Түүний хамгийн сүүлчийн үг бол ГССЗК дээр хүргэгдэж очоод яаралтай тусламж үзүүлж байхад тархиндаа авсан гэмтлээсээ болж дэмийрэлд орон “Түвшинбаяр аа, болиоч” гэж хэлсэн үгс байсан юм. Харин алуурчин Н.Түвшинбаяр болих нь битгий хэл алахыг л илүүд үзэж, тархи толгой руу нь илүүтэй балбаж зодсоноос болж тэрээр эмнэлгийн орон дээр найман сар тарчилсны эцэст насан хутгийг олсон билээ. Хэргийн газарт очсон шинжээч, цагдаа, эмч нар хүртэл шоконд орсныг бодоход тэнд ямархуу хэрцгий аллага хийснийг харж болохоор. Хэр баргийн аймшигт хэрэг дээр очоод дөжирчихсөн шинжээч эмч нь хүртэл Шархадны эмнэлэгт хэвтсэн сураг дуулдаж байв. Ийм л хүн дүрст араатныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх суллахаар болж байгаа юм биш биз.
Алуурчин Н.Түвшинбаярыг ямар хэрэг үйлдсэнийг ард түмэндээ эргэн нэг сануулъя.
Хэрэг ингэж эхэлжээ. Хан-Уул дүүргийн нутагт орших 120 мянгатад байрлах Их хуралдай төвд байрлах Булган аймгийн Ардчилсан намын гишүүн, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүлгийн дарга С.Гал-Эрдэнийн оффист олимпийн аварга Н.Түвшинбаяр өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, маш хүндээр гэмтээсэн хэрэг 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны 21.00 цагийн орчим гарсан тухай цагдаагийн бүртгэлд бүртгэгджээ. Тухайн өдөр Булган аймгийн ИТХ-ын дарга С.Эрдэнэбат, Засаг дарга бөгөөд аймгийн АН-ын дарга Ж.Ариун-Эрдэнэ, ИТХ-ын тэргүүлэгч С.Гал-Эрдэнэ нар хотод ирсэн байж. Учир нь тухайн өдрийн маргааш өглөө нь О.Цогтгэрэлийг АН-ын даргаар ёсчлон батлах арга хэмжээ Дүнжингарав захын задгай талбайд болох байсан бөгөөд АН-ын ээлжит бус хуралд оролцох эсэх талаар ярилцахаар тэд Хан-Уул дүүргийн нутаг 120 мянгат дахь Их хуралдай төв дэх С.Гал-Эрдэнийн өрөөнд цугласан байжээ. Өглөө эрт цугларч, цаашилж дөрөө чангалсан эрчүүд дээр олимпийн аварга Н.Түвшинбаяр, улсын начин Э.Энхбат нар 17.00 орчим цагийн үед нэмэгдэн ирж О.Цогтгэрэл болон М.Тулгат нарын хэнийг нь дэмжих талаар ярилцжээ. Энэ үеэр Ц.Тувааны зохион байгуулсан сунгаанд “Женко” Х.Баттулга оролцож О.Цогтгэрэлийг хүч түрэн ялуулж, О.Амартүвшинг ялагдуулсан тухай яриа хөндөгдөж, тэнд байсан эрчүүд хоорондоо маргалдсан гэнэ. Н.Түвшинбаяр ч “хуурай ах” Х.Баттулгаа өмөөрч “Чадаж байгаа юманд аргагүй, аятайхан байцгаагаарай” хэмээн агсамнаснаас асуудал эхэлж, харин эхнээсээ АН-ын даргын сунгаанд О.Амартүвшинг хамгийн олон буюу 80 гаруй хувийн саналаар дэмжсэн Булганы АН-ынхан “О.Цогтгэрэлийг батламжлах Их хуралд оролцохгүй, эсэргүүцнэ” хэмээн зөрүүдэлсэн байна. Н.Түвшинбаярын дөвчигнөж байгааг харсан тэнд цугласан хүмүүс нэг нэгээрээ сэмхэн бултсаар С.Гал-Эрдэнэ, С.Эрдэнэбат, Э.Энхбат, Н.Түвшинбаяр нар үлджээ. Гэхдээ хамгийн харамсалтай нь Э.Энхбат гараад явж байхад Н.Түвшинбаяртай хамт ирсэн сэтгүүлч Т.Ганзул гэгч аальгүй хүүхэн “Түвшээ миний утсыг авчихлаа. Чи ороод аваад өг” гэж шалсаар байгаад буцаж оруулсан байдаг. Үүнээс харахад Т.Ганзул нь Н.Түвшинбаярын захиалгаар зориуд буцааж оруулсан юм биш биз гэж талийгаачийн ар гэрийнхэн өнөөдрийг хүртэл харддаг. Хар буруу санаагүй орсон Э.Энхбат Н.Түвшинбаяраас Т.Ганзулын утсыг авах гэхэд өгөөгүй бөгөөд харин ч бүр хорсол заналтайгаар “Энхбаттай ярих юм байна, та нар зайлцгаа” гэснээр С.Гал-Эрдэнэ гаднаасаа нээгддэггүй хаалгыг хааж орхиод гарчээ. Тэгэхээр энэ бүхэн зохион байгуулалттайгаар түүний аминд хүрэх зорилготой байсан байж болзошгүй үйлдэл юм. Түүгээр ч барахгүй хүн харахын эцэсгүй зодож нүдчихээд Н.Түвшинбаяр нь цагдаа, эмнэлэг дуудахын оронд “Херо” Б.Баатарыг дуудсан бөгөөд өнөөх нь ч тун хурдан хэргийн газар ирсэн байдаг. Э.Энхбатыг үхсэн эсэхийг эзнийхээ даалгавраар шалгаж яваа мэт ирж харчихаад явсан нь тун сэжигтэй. Хэргийн газарт хэн дуртай нь ороод байж болдоггүй бөгөөд “Херо” Б.Баатар хуулийн хүн шиг л дураараа орж, хэрэгт чухал нөлөөтэй эд мөрийн баримтуудыг ийш тийшээ болгосон гэдэг. Гэсэн атлаа Н.Түвшинбаярыг авч явж, хувийн эмнэлэгт хэвтүүлж “сайн ах”-ын дүрд тоглосон байдаг. Энэ хэргийг ийнхүү эргэн сануулж байхад тэр өрөөнд цугларсан хүмүүс хэн нь ч Э.Энхбатад туслаагүй нь сэжиг дагуулдаг. Үхэр мал нядалж байгаа аятай үнэнч найзаа алахаар улайран зодож байхад үүдэнд нь байсан хүмүүс, үүдээ цоожилж зугтаасан С.Гал-Эрдэнэ, өрөө рүү эргэж хэргээр оруулсан Т.Ганзул нар энэ хэрэгт хамгийн их хамааралтай хүмүүс байсан ч хүн чанараа уландаа гишгэсэн эдгээр нөхөд эцэг эхээс нь ч уучлал гуйгаагүй өдий хүрчээ. Тэр ч байтугай эд хөрөнгийн эвдэрч хэмхэрсэн мөнгөө шүүхийн танхимд нэхэмжлээд зогсч байсан увайгүй хүн бол С.Гал-Эрдэнэ билээ.
Улсын өсөх идэр начин Э.Энхбатын амь насыг хөнөөсөн хэргээр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 16 жилийн хорих ял сонссон алуурчин Н.Түвшинбаяр өдгөө нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Түвшинбаяр нь хорих ангид "ус түгээгч" хийж байгаа аж. Гэхдээ түүнийг ял эдэлж байгаа гэх боловч Найрамдал дахь хаусандаа ирж буцдаг, эхнэр хүүхдүүдтэйгээ чөлөөтэй уулздаг гэх мэт сураг чимээ дуулдсаар хэдэн жилийг үдэж байна. Ял нь цаасан дээр боловч бие нь хоригдоогүй гэх мэдээлэл ч хөвөрч байлаа. Харин тэрээр энэ удаа олимпийн аварга болсон наймдугаар сарын 14-ний өдрийг угтаж, хийсэн хэрэгтээ гэмшиж буйгаа илэрхийлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс уучлал хүссэн захидал илгээсэн гэнэ. Хэдийгээр олимпийн аварга болсон гавьяаг нь үгүйсгэж болохгүй ч хэний ачаар энэхүү өндөрлөгт хүрснээ эргэн нэг бодож, уучлал өршөөл эрэхээсээ ичдэг болоосой. Дашрамд хэлэхэд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүн засагладаг бус хууль засагладаг улс болно” хэмээн хашгичдаг ч үнэн хэрэг дээрээ өөрөө энэхүү үгээ баталж чадахгүй байгаа билээ. Улсын нууц задруулсан хэргээр ялласан Н.Өнөрцэцэг болон Ц.Хулан нарт уучлал үзүүлсэн нь эцэстээ хүний амь насыг хурга нядлахын дайтай санадаг Н.Түвшинбаяр хүртэл оодорч, уучлал хүссэн болоод эрх чөлөөт амьдралтайгаа золгоно гэж мөрөөдөж байгаа бололтой
