img

ЭЛЧИН САЙД АСАН А.ТӨМӨР ЭХ ОРОНДОО ЯАГААД ИРЭХГҮЙ БАЙНА ВЭ?

img
Элчин сайд хүн бол эх орноо хилийн чанадад төлөөлж буй хамгийн өндөр албан тушаалтан учир тэр хэрээр хамгийн өндөр ёс зүйтэй, мэдлэг боловсролтой хүн байх ёстой. Энэ ч жишгээр Монгол Улсын гадаад харилцааны үе үеийн түүхэнд хамгийн шилдэг хүмүүсээ эх орныхоо нэрийн өмнөөс бэлтгэж ирсэн түүхтэй. Дэлхийн төрт ёсны шанг тамгалсан Их Монгол Улсын үеэс эзэн Чингис хааны үг хэл, үйл хэргийг түмэн олон болон хилийн чанадад түгээхээр элч төлөөлөгч довтолгож байсан түүхээс улбаалан Элчин сайд хэмээх эгэлгүй сайхан нэршил үүссэн гэж үздэг.
Өнөөгийн чандлан сахиж буй Дипломат албаны тухай хуулийн дагуу Элчин сайд нь төрийн тусгай албан хаагч бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч томилж, эгүүлэн татдаг. Улмаар тухайн суугаа улсдаа эх орноо төлөөлж, Ерөнхийлөгчийн итгэмжлэх бичгийг өргөн барьдаг. Харин албаа дуусгаад дуудсан цагт эх орондоо эргэн ирэх үүрэгтэй. Гэтэл энэ бүх дипломат албаны ёс дэг жаягийг уландаа гишгэсэн ёс зүйгүй нэгэн хүн Монголын дипломат албанд гарч ирсэн нь Монгол Улсаас Тайландын Вант улсад сууж байсан Элчин сайд Амарсанаагийн Төмөр юм.
А.Төмөр нь Тайландын Вант улсад суух Элчин сайдаар 2020 онд томилогдсон бөгөөд 2024 онд эх орондоо эргэн ирэх байв. Хуульд зааснаар, Элчин сайд нарыг 4 жил, дипломат ажилтнууд болон консулуудыг 3 жилийн хугацаагаар томилж байгаа аж. Гадаад харилцааны салбарын гажуудлаас болсон уу, А.Төмөрийн арга зальтай зангаас болсон уу юутай ч аль аль нь Дипломат албаны дэг жаягийг зөрчиж, жил хэтрүүлэн ажиллуулж байсан нь хачирхалтай. Гэтэл 2025 оны тавдугаар сарын 09-10-нд шилжих шөнө А.Төмөрийн гэргий Л.Орхон Тайландын нийслэл Бангкок хотын Хлонг Тоэй дүүрэгт байрлах өндөр барилгын 17 давхраас унаж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Талийгаачийн ар гэрийнхний мэдээлж байгаагаар, энэ хэрэг амиа хорлосон уу, амиа хорлоход хүргэсэн үү гэх эцсийн дүгнэлт өнөөдрийг хүртэл гараагүй хэвээр байгаа аж. Үхлийн шалтгаан нь өндрөөс унаж бэртлээ даалгүй нас барсан байж болох ч үхэлд хүргэх цаад шалтгаан нь юу байв гэдэг олон асуултыг талийгаачийн ээж болон эгч нар эрэлхийлсээр байна. Дүүгээ нас барсны дараахан талийгаачийн эгч Л.Онон А.Төмөрийн Элчин сайд хүн байтугай эр нөхрийн хувьд ч ёс зүйгүй, бусармаг ичмээр баримтыг олон нийтэд дэлгэсэн. Тэрээр гэр бүлээс гадуур харилцаатай байсан ба энэхүү явдлаас шалтгаалж, дүүгээ сэтгэл санааны хямралд өртөж, улмаар амь насаа алдахад хүргэсэн гэж үзэж байгаа юм. Энэхүү хэрэг болсноор Элчин сайд А.Төмөрийн дипломат албаны хугацаагаа хэтрүүлж байсан нь илэрч, Гадаад харилцааны яамнаас яаран сандран 2025 оны тавдугаар сарын 29-ний өдөр А.Төмөрийг эгүүлэн татах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн байдаг. Улмаар уг хэрэг явдал болсноос бүхэл бүтэн 7 сарын дараа буюу 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тайландын Вант улсад суух А.Төмөрийг эгүүлэн татаж, В.Оюуг Элчин сайдаар томилох саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлсэн бөгөөд УИХ-аас дээрх саналыг дэмжсэн билээ. Ингээд 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор А.Төмөр нь Элчин сайдын ажлаа хүлээлгэж өгсөн хэдий ч эх орондоо ирэхгүй Тайландын Вант улсад өнөөдрийг хүртэл амьдарсаар байна. Дипломат албаны тухай хуулиар хилийн чанадад эх орноо төлөөлж ажилласан Элчин сайд болон дипломат ажилтнуудыг Гадаад харилцааны яамнаас хугацаа заан эх оронд нь дуудаж ирүүлдэг аж. Харин А.Төмөрийн Тайландын Вант улсад суух дипломат эрх ямба шинэ Элчин сайд томилогдсоноор бүрэн дууссан атал ямар учраас тэрээр эх орондоо ирэхгүй байна вэ? Элчин сайд хүн Монгол Улсыг төлөөлдөг, улсын нууц, аюулгүй байдалтай маш ойр ажилладаг эх сурвалж. Гэтэл бүрэн эрхийн хугацаа нь дууссан хүнийг хувийн шалтгааны улмаас харийн улсад дипломат паспортыг ашиглан байлгасаар байгаа нь ямар зорилготой вэ? Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг та өөрийн эрх үүргийн хүрээнд монгол төрийн өндөр босгыг хүндэтгэж, Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа дууссан ч элдэв хувийн шалтаг тоочиж, эх орноо бус амин хувийн эрх ашгаа бодож амар хялбар аргаар амьдарч буй А.Төмөрийг нэн даруй эх орондоо дуудаж ирүүлнэ үү. Нэгэн цагт эх орноо төлөөлөөд хилийн чанадад явсан шигээ эх орноо дуудсан цагт нь ирэх эр зоригтой бай, Элчин сайд асан А.Төмөр өө!!!

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ