Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэр Монгол Улсын зүүн цэг болох Нөмрөгийн дархан цаазат газар Соёлз уул, Модтой хамар даваа, Гурван гол, Ар өвөр сүм зэрэг дархан цаазтай газар энэ сарын 08-ний өдрөөс эхлэн хээрийн түймэрт шатаж, дөрвөн өдөр үргэлжилж, өчигдөр орой цурманд оруулжээ. Түймэр тавьсан хүмүүс нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү, УИХ-ын гишүүн У.Отгонбаярын Халхгол сумын Сүмбэр боомтод дагуулж очсон, “Мобиком” компанийн япон болон монгол захирлууд байсан байна. Тэд Сүмбэр боомтыг Мобиком корпорацийн хөрөнгө оруулалтаар өндөр хурдны шилэн кабель холбох ажлаар очжээ. Харин тэд очсоныхоо маргааш цэнгэг усны тул загас барихаар Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн 0198 дүгээр ангийн захирагч, хурандаа Л.Гантөгсийн зөвшөөрлөөр Нөмрөгийн дархан цаазат газарт нэвтэрчээ. Дархан цаазат газар, мөн хил орчмын бүс нутаг учир энэхүү газарт зөвхөн Хил хамгаалах ерөнхий газраас зөвшөөрөл өгдөг аж. Гэтэл тэд Сүмбэр боомтыг шилэн кабельд холбосноороо бардамнаж, ан агнахаар тус бүс нутагт нэвтэрчээ. Нөмрөгийн дархан цаазат газар нь намаг шалбааг ихтэй, гүвээ даваа олонтой машин явахад тун бэрх замтай аж. Хэр баргийн хүн очдоггүй учир баавгай, хандгай, буга, бор гөрөөс, зэрлэг гахай зэрэг ан амьтнаас гадна гол ус нь загас жараахайгаар элбэг баян хангай юм. Иймд тэд ан агнах зорилгоор дархан цаазат газар нэвтэрч, улмаар өндөр ургасан өвс нь машины доод хэсэгт их хэмжээгээр орооцолдож, моторын халуунаас болж шатсаны улмаас түймэр дэгджээ. Нийт таван машинтай очсон гэх “Мобиком”-ийн удирдлагууд гал гарсан даруйд нийслэл хот руу зугтаасан бөгөөд эдгээр хүмүүсийг дагуулж очсон УИХ-ын гишүүн У.Отгонбаяр ч “Би тэр өдөр тэд нартай хамт байгаагүй, өөр арга хэмжээнд оролцож байсан” хэмээн арьсаа хамгаалж сууна. Хэдий тэд ингэж мэлзсэн ч тэдний тавьсан түймрийг унтраах гэж 140 гаруй хүн 20 орчим техниктэй дөрвөн өдөр үхлийн өөдөөс сөрөн байж, галыг унтрааж чадлаа. Хятадын хилийг давах шахсан энэхүү түймрээс болж тус бүс нутгийн араатан амьтан үхэж үрэгдэж, дайжиж, нэг хэсэгтээ экологийн тэнцвэрт байдал алдагдахаар боллоо. БНХАУ-ын Онцгой байдлын албаныхан 250 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдалд байж, түймрийг унтраахад нэмэр болсон байна. Хэрвээ энэ түймэр салхи ихтэй өдөр таарч, тэр чигээрээ хил давсан бол ямар аюул болохыг хэлэхийн арга байхгүй. Ийнхүү эрх мэдэлтнүүдийн оролцсон арга хэмжээнээс болж, Монгол Улс дархан цаазат газраараа хохирч үлдлээ.
