img

Д.АМАРБАЯСГАЛАН “ШИНЭ ХОРШОО” ХӨДӨЛГӨӨНИЙ ХӨРӨНГӨНӨӨС СЭТГҮҮЛЧДЭД 1,7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТАРААСНЫГ Б.ЭНХБАЯР ИЛЧИЛЛЭЭ

img
УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнө МАН-аас малчдаа дэмжих маш хөнгөлөлттэй зээлийг 120 мянга гаруй малчдад олгосон билээ. Энэ нь малчдаа дэмжих бус үнэн хэрэгтээ малчдын саналыг худалдаж авах башир арга нь байсан юм. Учир нь, МАН-ын хийсэн судалгаагаар, УИХ-ын сонгуульд малчдын дийлэх нь АН болон бусад намыг дэмжиж байгаа нь тодорхой болжээ. Иймд малчид руу хандсан өгөөш хэрэгтэй болсон нь тухайн үеийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн санаачилсан “Шинэ хоршоо” хөдөлгөөн. Уг нь бол малчид маниасаа гуйхааргүй хөл дээрээ тогтчихсон орчин үеийн овтой бизнесмэнүүд болчихсон. Муу хэлээд байдаг ардчиллынхны буянаар хот дүүрэн хоньтой, хөндий дүүрэн үхэртэй, хурдын удмын адуутай, хавартаа баяжуулдаг ямаатай болсон юм. Өдгөө бүр өдөр шөнөгүй хэрэглэдэг өндөр хурдны интернэт зоочихсон, нар, салхины илчээ хураагаад үдэш орой зурагтаа үзэж суудаг, азарганыхаа чихэнд суулгасан чипээр утаснаасаа сүрэг адуугаа хаана явааг харчихдаг, дрон нисгээд хонио хариулчихдаг түвшинд очсон. Хотод унадаг жийп машинтай, хөдөөдөө унадаг портертой, хонио хариулдаг хоёр ээлжийн мотоцикльтой хэнээс ч гуйхгүй эх орондоо эзэн нь болж яваа хүмүүс бол малчид. Амьдрал нь сайжирч, мэдээлэл авахын хэрээр МАН-аас нүүр буруулах малчид олон болсон бөгөөд судалгаагаар малчдын санал маш доогуур үзүүлэлттэй гарсан тул “Шинэ хоршоо” хэмээх хөдөлгөөн өрнүүлж, УИХ-ын сонгуулийн өмнө уут, уутаар нь мөнгө тараажээ.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний 166 дугаар тогоолоор “Шинэ хоршоо” өрнүүлэх тухай шийдвэр гаргаж, улмаар нэг их наяд төгрөгийн зээл олгох тогтоол гарсан. Зээлийн үндсэн хүү 18 хувь боловч Засгийн газар 12 хувийн хүүгийн татаас төлж, малчин өөрөө зургаан хувийн зээлийг төлж байгаа. Нэг зээлдэгчид 50 сая төгрөг хүртэлх зээл олгосон бөгөөд нийт 894.7 тэрбум төгрөгийн зээлийг 26,437 малчин өрх авчээ. 2026 оны тавдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 758.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 26,270 малчин өрх байна. Зөвхөн зээлийн хүүнд сар бүр 12 тэрбум төгрөг Засгийн газраас төлдөг бөгөөд энэ нь гүйцэтгэх засаглалд асар их дарамт болдог аж. Ийнхүү улстөрийн ашиг хонжоо хайсан амьдрал нийцээгүй асуудлаас болж, ард түмэн нуруун дээрээ ачааны хүндийг үүрэх болжээ. Малчдын зээлийн хүүгийн 12 хувийн татаасыг цуглуулахын тулд ард иргэдээс авах татварыг нэмсээр байгаа билээ. Гэтэл үүнээс хамгийн ноцтой нь өөрийнх нь санаачилсан малчдын саналыг худалдаж авах гэсэн башир арга нь олонд дэлгэгдэхээс айсан Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар сэтгүүлчдийг хүртэл худалдаж авчээ. Тэд “Шинэ хоршоо” хөдөлгөөний малчдад олгох хөрөнгө мөнгөнөөс 1,7 тэрбум төгрөгийг сэтгүүлчдэд тараасныг Засгийн газрын Хэрэг эрхлэг газрын дарга Б.Энхбаяр өнөөдөр баталлаа. Тэрээр “Шинэ хоршоо”-г сурталчлах гэх халхавчаар 2024 оны сонгуулиар улсын төсвөөс гарсан 1,7 тэрбум төгрөгийн хэвлэлийн гэрээ нь Д.Амарбаясгалангийн нүүрсний хулгайг хаацайлах, гөлөг төөрүүлэх төлбөр л байсан. Цаг хугацаа харуулах биз” хэмээн бичжээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ