УИХ-ын нэр бүхий гишүүн УИХ-ын даргыг намын гишүүнээс түдгэлзүүлэх тухай хуулийн төсөл өргөн барьжээ. Энэ талаар академич С.Нарангэрэлээс тодруулга, тайлбар авав.
-УИХ-ын даргыг намын гишүүнээс нь түдгэлзүүлэх гэж байгааг та юу гэж үзэж байна вэ?
-Хэрэв ингэвэл Улсын Их Хурал улам л хамгийн хариуцлагагүй байгууллага болж хувирна. Улсын Их Хурлын дарга улс орны өмнө, сонгогчид ба ард түмний өмнө хувийн хариуцлага хүлээхээ болино. Зөвхөн хуралдаан даргалагч болж хувирна.
-Гадаадын зарим улсад парламентын спикер намын гишүүнээс түдгэлздэг шүү дээ. Энэ туршлагыг яагаад манай улсад нэвтрүүлж болохгүй гэж?
-Их Британи, АНУ, Канад, Энэтхэг, Япон зэрэг улсад спикер парламентын хуралдааныг даргалдаг бөгөөд хоёр танхимтай. Доод танхимын тэргүүн нь спикер байдаг. Спикер нь гол төлөв намын гишүүнээсээ түдгэлздэг. Спикер хуралдаанд өөрөө үг хэлэх эрхгүй, мөн санал өгөх эрхгүй, зөвхөн парламентын гишүүдийн санал тэнцсэн үед л саналаа гаргадаг. Ингэхлээр спикерийн парламентын гишүүнийх нь зарим эрхэд хязгаарлалт тогтоосон байгаа биз дээ. Хэрэв манайд ингэж тогтоовол Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Улсын их хурлын гишүүн ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэж баримтална” гэж заасантай зөрчилдөнө. Улсын их хурлын даргыг Англо-саксоны эрх зүйн бүлийн парламентын “спикер”-тэй адилтгаж үзвэл Монгол Улсын Үндсэн хуулийн утга санаанд харшилна.
-УИХ-ын даргын эрх үүрэг, хариуцлагыг Үндсэн хуульд юу гэж заасан байдаг вэ?
-Монгол Улсын Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд Монгол Улсын Их Хурал төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага гэж заасантай харшилдана. Энэ заалт манай улс Парламентын Бүгд Найрамдах Улс гэсэн утга санааг илэрхийлдэг. Улсын Их Хурал нь ард түмнээс шууд сонгогдсон, ард түмний өөрсдийнх нь төлөөлөгчдийн байгууллага. Энэ нь бас ард түмний нэрийн өмнөөс хууль баталж, Засгийн газрын буюу Ерөнхий сайдын үйл ажиллагаанд хяналт тавина. Улсын Их Хурал нь сонгогчдын хяналтад ажиллаж, үр дүнгээ тэдний өмнө шууд хариуцах ёстой.
Улсын Их Хурлын дарга гэсэн нэр томьёо нь парламентын эрх зүйд хамтын байгууллагын тэргүүн гэсэн утга санааг илэрхийлдэг. Ийм учраас Улсын Их Хурлын дарга манай улсын Үндсэн хуулийн утга санааны дагуу төрийн эрх барих дээд болон хууль тогтоох байгууллагыг төлөөлөх бүрэн эрхийг эдэлнэ. Үүгээрээ Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Их Хурлын хэвийн үйл ажиллагаа болон улс орны үндэсний аюулгүй байдлын төлөө хувийн хариуцлага хүлээдэг юм. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын гишүүдийн ирц бүрдүүлэх, чуулганы хэлэлцүүлгийг үр нөлөөтэй, зөв явуулах, тогтвортой хууль батлах, гишүүний хувийн хариуцлагыг дээшлүүлэх үүрэг ба хариуцлагыг улс орон, ард түмний өмнө хүлээдэг болно. Ингэхгүй бол Улсын Их Хурал хамгийн хариуцлагагүй, жудаггүй, шударга бус байгууллага болж хувирна.
