img

Х.НЯМБААТАРЫГ “ҮХЛИЙН ДҮҮЖЛҮҮР”-Т ӨЛГӨСӨН Б.ОДБАЯР ГЭГЧ ХЭН БЭ?

img
Ард иргэдийн автомашины татварыг нэмсэн асуудалд шүүмжлэл хэлсэн УИХ-ын гишүүдийг том дуугаар загнасан хүн бол нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр гэгч байлаа. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага атал захын хурган дарга гишүүдийн бүрэн эрхэнд халдаж, том дуугаар зандардаг болсон нь Монголын төр хөл толгойгоо алдсаны илрэл. УИХ-ын гишүүдэд уураа гаргаж, омогдож байсан Б.Одбаярыг тухайн үед нь хариуцлага тооцоогүйн улмаас даварч, Туул голын амийг таслах бүлэглэлийг толгойлоход хүргэсэн билээ. 2,4 их наядын өртөгтэй баригдаж буй Туул голын хурдны зам нь байгаль орчны нөлөөллийн дүгнэлтгүй, инженер судлаачдын тооцоололгүй гэх мэт олон баримтууд ар араасаа илэрсээр байгаа. Тэр ч байтугай судалгааны ажилд огт оролцоогүй инженер, биологич нарын нэр усыг хүртэл тавьчихсан байсан нь илэрч, булайгаа чирсэн. Гэвч нийслэлчүүдийнхээ төлөө ажиллана хэмээн ам өчгөө өгч сонгогдож байсан хотын хурган дарга нар өөрсдийгөө бүхнийг загнаж зандрах эрхтэй хаад, ноёд гэж боддог бололтой. Тэгвэл УИХ-ын гишүүдийг ч загнаж, улсын төсвийг ч үрэн таран хийдэг, Туул голын амийг ч таслахыг санаархдаг Б.Одбаяр гэгч хэн бэ?
Х.Нямбаатар Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Г.Баярсайханыг “Бродюрны асуудлыг ард иргэдэд хангалттай мэдээлж чадаагүй" гэж буруутган ажлаас нь чөлөөлөөд, оронд нь Б.Одбаярыг томилсон байдаг. Б.Одбаярын хувьд Х.Нямбаатарыг ярь гэснийг ярьж, хий гэснийг нь хийдэг гэх хов хотын захиргааны шилэн барилгаас сонсогддог. Харин одоо цаг хугацааны урсгалд тэрээр Х.Нямбаатарын үнэнч албат болох нь батлагдаж байна. Тэрээр ажлаа авсныхаа дараахан Х.Нямбаатарын бродюрыг хамгаалж баахан ярьсан байдаг. Гэтэл үнэндээ Б.Одбаярын хувьд намтар түүх нь эргэлзээтэй нэгэн. 2011-2014 онд Америкийн Калифорни мужийн Дэйвис хотын Дэйвисийн их сургуульд иргэний ба автозамын барилгын инженер мэргэжлээр суралцсан гэж CV дээрээ бичсэнээс харвал өндөр боловсролтой хүн мэт. Гэвч 2011-2014 онд их сургуульд сурч байсан гэх атлаа Сакраменто хотын “Стантек” компанид гүүрийн барилгын суурийн тооцоолол болон хөрсний суурийн тооцооллын инженер мэргэжлээр ажиллаж гэсэн нь багагүй хардлага төрүүлэхээр. Америкт их дээд боловсрол эзэмшинэ гэдэг амар хялбар ажил биш. Тэр тусмаа оюутан хүүхдийг нарийн мэргэжлийн инженерээр ажиллуулах ямар ч боломжгүй. Түүний энэ худал намтар ганц үүгээр дууссангүй, 2016-2018 онд Дэйвисийн их сургуульд суралцаж, геотехникийн инженер ба авто замын барилгын инженерийн магистр хамгаалжээ. Атал мөн магистрт суралцах хугацаандаа Оакланд хотын “Брозамер энд Уолл” компанид хурдны замын төслийн инженерээр ажилласан гэнэ. Магадгүй суралцах хугацаандаа дадлага хийсэн байж болох ч үүнийгээ инженерээр ажилласан гэж бичих нь ичих булчирхайгүй, худалч хүний үйлдэл. Худал хуурмагт дуртай хүн ажил дээр гараад ч энэ зангаа тавьдаггүй бололтой. Хаа очиж Монголд мэргэшсэн инженер олон байхад хуурамч дипломтой хүнтэй хамтарч ажиллаж байсан нь хачирхалтай. Түүний удирддаг нийслэлийн Замын хөгжлийн газарт хууль бус асуудал нэлээд бугшсан байсныг сэтгүүлчид илрүүлж байсан билээ. Тухайлбал, тус газрын Зам, барилга, инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Батбилэг нь хуурамч дипломтой болох нь батлагдсан бөгөөд Д.Өрнөх хэмээх хүний дипломыг ашиглаж ажилд орсон байдаг. Өнгөрсөн жил сэтгүүлчид энэ хуурамч дипломын асуудлыг илрүүлэхэд Б.Одбаяр нь өөрийн арьсаа хамгаалж, “Намайг ирэхээс өмнө томилогдсон хүн” гэх мэтээр займчуулж байсан ч үнэнд гүйцэгдээд ирэхээрээ Т.Батбилэгээ ажлаас нь чөлөөлсөн байдаг. Т.Батбилэгийн хувьд хуурамч диплом ашиглан улсад цөөнгүй жил ажилласан бөгөөд энэ хугацааны цалингаа улсад төлж, хохиролгүй болгох ёстой. Үүнийг Б.Одбаяр ажиллуулж байсан удирдлагын хувьд шаардах эрхтэй. Харин өнөөдрийг хүртэл тэрээр энэ мөнгөө эргүүлж төлөөгүй, Б.Одбаяр ч төлүүлээгүй байна. Гэтэл Т.Батбилэг нь хуурамч дипломоор ажилд орж, улсыг хууран мэхэлсэн төдийгүй ажиллаж байх явцдаа улсад онц их хэмжээний хохирол учруулсан байдаг. Тэрээр ахлах нягтлан бодогч Г.Энх-Амгалантай үгсэн Яармагийн гүүрийн авто замын ажлыг бүтээн байгуулах ажлын явцад гүүрийн хойт урд талд буюу эхлэл төгсгөлд хийгдэх 36,5 мянган куб.метр газар шорооны ажлын санхүүжилт болох 741,7 сая төгрөгийг “Тотал инж” ХХК, “Мотор сервис” ХХК-иудад тус бүр давхардуулан олгож, Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх хэл аманд өртжээ. Гэрээнд зааснаар уг ажлыг “Тотал Инж” ХХК гүйцэтгэх ёстой байтал “Мотор сервис” компанид давхар олгосон нь гүйцэтгэгч талуудын хооронд маргаан үүсгэсэн байдаг. Уг маргаанд “Мотор сервис” ХХК ялагдаж, мөнгө завшсанаа хүлээн зөвшөөрсөн ч 741,7 сая төгрөгийг улсын төсөвт эргүүлэн төлөөгүй байна. Энэ зөрчлийг Нийслэлийн дотоод аудитын холбооноос илрүүлж, төсвийн мөнгийг эргүүлж төлүүлэх шаардлагыг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй яваа аж. Гэсэн мөртлөө уг зөрчлийг илрүүлсэн аудиторыг албан тушаал бууруулж шийтгэсэн байдаг. Угтаа төсвийн мөнгөнд хяналт тавиагүй, зам гүүрийн ажилдаа хайнга хандсан үндэслэлээр Б.Одбаяр хариуцлага хүлээх байтал өмнөөсөө Т.Батбилэгийг нясалсан болоод албан тушаалдаа үлдсэн билээ. Энэ бүхэн Замын хөгжлийн газарт илэрч буй ил хулгай. Наадамчдын гүүр барих мөнгөнөөс бүхэл бүтэн 150 метр урт гүүр болон 1,5 тэрбум төгрөг сох алга болчихоод байгааг ч эргэн санах хэрэгтэй. Харин тэд зам барих нэрээр мөнгө идэх шунал нь томорч байгааг Туулын хурдны замын төсөл болон замын бусад төслүүдээс харж болохоор байна. Туулын хурдны замын төслийг Нийслэлийн Замын хөгжлийн газраас хариуцаж байгаа бөгөөд Б.Одбаярын дутуу дулимаг, холион бантан хутгасан ажлаас нь болоод Х.Нямбаатар өнөөдөр хүзүүндээ үхлийн олс углалаа. Нийслэлд хэрэгжүүлж буй бүх төслийн бодлого, төлөвлөгөөг Х.Нямбаатар гаргаж, харин хэрэгжүүлэлтийг салбар хариуцсан дарга нар хийх ёстой. Гэтэл Б.Одбаярын тооцоо судалгаагүй ажлаас болж, албан тушаалаасаа годройтох болсондоо Х.Нямбаатар голдоо ортол гомдсон сурагтай. Эцсийн суманд оногдох хүртлээ элэг цээжээрээ нийслэлийн хурган дарга нараа хамгаалж, “хазсан” бүхэн рүү хариу барьж хэл ам хийж байсан Х.Нямбаатарын хувьд буухаасаа өмнө будлиан хутгадаг хурган дарга нараа халсан нь өөрт нь өлзийтэй болжээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ